Монгол Улсын компаниуд тогтвортой байдлын тайлагналын удирдамж, гарын авлагатай боллоо

August 17, 2022

Улаанбаатар – 2022 оны 8-р сарын 17: Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэх ахиц дэвшилд хувийн хэвшлийн оролцоо болон дэмжлэгийг нэмэгдүүлэх, дайчлах хүчин чармайлтын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон бусад хөгжлийн түншүүд, санхүүгийн салбарын зохицуулагчидтай хамтран нээлттэй хувьцаат компаниуд, үнэт цаас гаргагч аж ахуйн нэгжүүд болон бусад бизнесүүдэд зориулан “Байгаль орчин нийгэм, засаглал (БОНЗ), Тогтвортой байдлын тайлагналын удирдамж”-ийг гаргалаа.

Тус удирдамж нь 8 алхам бүхий тогтвортой байдлын тайлагнал бэлдэхэд туслах аргачлалыг нээлттэй хувьцаат компаниуд, бизнесүүд үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, ашиглах боломжтой байдлаар оруулснаас гадна олон улсын тогтвортой байдлын тайлагналын чиг хандлага, туршлагуудыг тусгасан ба мөн компаниуд тогтвортой байдлын тайлан гаргах шалгуур үзүүлэлтийн жагсаалтыг ашиглан өөрсдийн тайланг бэлдэх боломжтой юм.  

СЗХ-ны дарга Д.Баярсайхан удирдамжийн ач холбогдлын тухайд “Тогтвортой байдлын тайлагналын энэхүү удирдамжийг олон улсын жишигт нийцүүлэн, нэвтрүүлснээр бид байгаль орчин, нийгэм, засаглалын удирдлагыг сайжруулж, мэдээллийн ил тод байдлыг хөрөнгийн зах зээлийн аливаа оролцогч талууд, үнэт цаас гаргагч болон бусад санхүүгийн байгууллагуудын цаашлаад Монгол Улсад энэхүү чиглэлийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй ба урт хугацааны үнэ цэнийг бий болгох ач холбогдолтой алхам гэж харж байна. Мөн мэдээллийн ил тод байдлыг сайжруулж, олон улсын туршлагыг нэвтрүүлснээр дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг бий болгохын зэрэгцээ өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой алхам” хэмээн онцлов.

Мөн түүнчлэн удирдамжид компаниуд БОНЗ тайлагналыг хийснээр олон улсын хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцэх, зохицуулах байгууллагуудын шаардлагыг дагаж мөрдөхийн зэрэгцээ олон төрлийн урт хугацааны санхүүжилт авах, бизнесийнхээ дотоод болон гадаад зах зээл дээрх нэр хүндийг бэхжүүлэх зэрэг олон ашиг тустай болохыг онцлон тодорхойлсон.

“Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээх, тогтвортой хөгжлийн зарчмуудтай уялдуулан шинэчлэх чиглэлд шат дараатайгаар чухал алхмуудыг авч хэрэгжүүлж байна. Эдийн засгийг цэцэглэн хөгжүүлэх гол хөдөлгөгч хүч нь бизнесүүд болон хувийн хэвшлийн байгууллагууд ил тод байдлаа сайжруулах, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах зэрэг тогтвортой бизнесийн практикийг баримтлах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх явдал юм. Тийм ч учраас Монгол дахь НҮБ-аас Монгол Улсын Засгийн газрыг бүх нийтэд хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн төлөөх бодлого, үйл ажиллагааны шинэчлэлийг эрчимжүүлэх, ТХЗ-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог стратеги төлөвлөлт, практик хэрэгжилтийн түвшинд амжилттай нэвтрүүлж, Алсын хараа 2050 болон бусад ижил төстэй баримт бичгүүдэд тусгасан ил тод байдал, мэдээллийн үр дүнтэй тогтолцоог бий болгоход манлайлж ажиллахыг уриалж байна” хэмээн НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Тапан Мишра хэллээ.

Тогтвортой байдлын үзүүлэлтийг санхүүгийн шинжилгээ судалгаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд нэгтгэхэд дэлхийн хэмжээнд БОНЗ-ын тайлан бэлтгэх тоон мэдээлэл дутмаг байдаг нь энэ чиглэлийн практик туршлагыг бодитоор хэрэгжүүлэхэд учирдаг томоохон бэрхшээл болдог. Тухайлбал, Монгол Улсын хувьд сүүлийн үеийн судалгаагаар хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын 13 хувь нь л БОНЗ-ын үзүүлэлтээ олон нийтэд ил тод мэдээлдэг гэжээ.

НҮБ-ын Хөгжлийн Xөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич тайлагналын удирдамжийн ач холбогдлыг өндрөөр үнэлж “БОНЗ болон тогтвортой байдлын тайлагналын удирдамжийг ашиглаж, холбогдох стандартыг нэвтрүүлснээр хувийн хэвшилд олон төрлийн боломжуудыг нээж, боломжит ногоон эх үүсвэр, хөрөнгө оруулалтын гарцыг өргөжүүлэхийн зэрэгцээ тогтвортой байдлын нөлөөллийн хүчин зүйлсийг бизнесийн үйл ажиллагаа, аливаа шийдвэр гаргалтад нэвтрүүлж, улмаар ТХЗ-д хүрэхэд хувь нэмэр оруулах боломжийг олгоно гэж харж байна” гэв.  

Энэхүү БОНЗ, Тогтвортой байдлын тайлагналын удирдамжийг Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн Бирж, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), Олон улсын санхүүгийн корпорац, НҮБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэргэдэх Тогтвортой хөгжлийн төлөөх санхүүгийн байгууллагуудын нэгдсэн сүлжээ зэрэг олон улсын болон дотоодын хамтрагч байгууллагууд Монгол Улсад ногоон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх санаачилгын хүрээнд Даян дэлхийн байгаль орны сан болон НҮБ-ын ТХЗ-ын Хамтарсан сангийн дэмжлэгтэйгээр боловсрууллаа.

***

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг https://www.undp.org/mongolia  хаягаас авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Т. Дэлгэрнаран | Төслийн үндэсний зохицуулагч | НҮБ-ын Хамтарсан Хөтөлбөр | НҮБХХ delgernaran.tumurtogoo@undp.org