Уур амьсгалын өөрчлөлтийн сорилтоос нүүдэлчин өв соёлоо хадгалан үлдэх нь: Малчдын ирээдүй

September 25, 2023

Цөлжсөн талд ямаан сүргээ хариулах малчин ард түмэн

НҮБХХ

Х. Хишигжаргал: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөр хариуцсан шинжээч

Уур амьсгалын хурдацтай өөрчлөлт, давтамж нь нэмэгдэж буй цаг агаарын онц аюултай үзэгдлүүдээс шалтгаалж байгаль эхтэйгээ хүйн холбоотой амьдарч ирсэн нүүдэлчин, малчин ард иргэд өмнө нь нүүр тулж яваагүй олон хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна. 

Зудтай өвлийн дараагаар үргэлжлэх хахир хүйтэн хавар тэдний хувьд том сорилт болж буй. Ийм үед үүсч байгаа өөр нэг бэрхшээл нь малын тэжээлийн дутагдал. Байгалийн давагдашгүй бэрхшээлүүдээс болж малчид малынхаа тэжээлийг илүү их зардал гарган  худалдан авч хадгалах шаардлагатай нүүр тулж байна. Товчхондоо энэ эрэлт хэрэгцээ малчдад эдийн засгийн хувьд маш том дарамт. 

Өнгөрсөн жил мал сүргийн тоо 71 сая давж, бэлчээрийн даац 2.6 дахин хэтэрсэн байгаа нь статистикаас харагдана. Өмнөх жилд нь буюу 2021 онд бэлчээр ямар байсныг харвал Монгол Улсын цөлжилт, газрын доройтлын үнэлгээний судалгаагаар Монгол Улсын бэлчээрийн 70 гаруй хувь нь тодорхой хэмжээгээр доройтолд орсон, 23 хувь нь нэн хүчтэй доройтолд орсон гэх дүгнэлт гарч байж. 

Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгалийн гамшгийн давтамж ихэссэнийг эрдэмтэд тооцоо, судалгаатай онцолдог. Жишээ нь байгалийн гамшгийн улмаас амиа алдсан нийт хүмүүсийн 40.8 хувь нь гол усны аюулаас болж амь эрсэджээ. Мөн Цаг уур, орчны шинжилгээний газрын 2022 онд хийсэн судалгаанаас харахад зуд нийт малын хорогдлын 87 хувь, цаг агаарын аюултай үзэгдлээс үүдэлтэй нийт хохирлын 87.4 хувьд нөлөөлсөн байх жишээтэй. 

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарч ирж буй энэ мэт сорилт, асуудлууд цаашид ч үргэлжлэх нь тодорхой байна. Ийм сорилт дунд малчид уламжлалт амьдралын хэв маягаа хадгалан үлдэхийн тулд яах ёстой вэ? Хамгийн түрүүнд онцгой анхаарах шийдэл бол тогтвортой арга барилыг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх.

Мал сүргийн тоо өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан цөлжилт, газрын доройтол ихээхээн хэмжээгээр явагдаж байна.

НҮБХХ

Товчхондоо тооноос чанарт шилжих цаг аль хэдийн ирчихээд хаалга тогшиж байна. Хэдийгээр зарим малчин аль хэдийн тооноос чанарыг чухалчлах болсон ч, одоог хүртэл орлогоо нэмэгдүүлэх зорилгоор олон толгой малтай байх эрмэлзэлтэй малчин их хэвээр байгаа юм. 

Бэлчээр, ойн нөхөн сэргээлт, усны хүртээмж, биологийн олон янз байдлыг хамгаалах явцад онцгой сөрөг нөлөө үзүүлж буй шалтгааны нэг бол мал сүргийн тоо толгойн хэт өсөлт. Тэр утгаараа малчдын өмнө малынхаа тоо тоог цөөрүүлж, чанарыг сайжруулах шаардлага тулгараад байна. Ингэж чадвал их хэмжээний өвс тэжээл нөөшилж эдийн засгийн дарамтад орохгүй байх боломжтой. Олон тооны мал маллахад зарцуулах хүнд хөдөлмөр нь ч багасах юм. 

Энэ шилжилтийг дэмжих бас нэгэн том эдийн засгийн хөшүүрэг бол малчдын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг дэмжих явдал юм. Ийм тогтвортой арга дадалд шилжихэд бүтээгдэхүүн худалдан авагчдын мэдлэг, сонголт мэдээж их чухал. Ноолуур худалдан авагчид гэхэд л усны салбарын дасан зохицох арга хэмжээ, эрэг орчмын газрын нөхөн сэргээлт, гадаргын ус хуримтлуулах үйл явц, булаг шанд, гол горхины хамгаалалт болон хадлан бэлтгэх ажил, бэлчээрийн ачааллыг бууруулах малчдын санаачлагуудад дэмжлэг үзүүлэх байдлаар байгальд суурилсан шийдлүүдэд хөрөнгө оруулалт хийж эхлэх учиртай. Энэ мэт дэмжлэг нь малчдад тогтвортой дадлуудыг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлэх нь гарцаагүй. 

Малчдад байгаль орчны сорилтуудаас гадна нийгмийн шинжтэй сорилт ч тулгараад буй. Жишээлбэл хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний урсгалын улмаас буурч буй гэрлэлтийн тоо байна. Ур чадвараа дээшлүүлэх шаардлага хэрэгцээ нэгэнтээ мөн үүссэн. Энэ  мэт нийгмийн асуудлууд нь малчдыг нүүдэлчин амьдралын хэв маягаа хадгалан авч үлдэхэд бэрхшээл учруулж байгаа юм. 

Эдгээр сорилтыг шийдвэрлэхийн тулд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Уур амьсгалын ногоон сан, Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газартай хамтран мал аж ахуйн салбарын үр ашиг, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд малчдын түүхий эд боловсруулах чадавхыг нэмэгдүүлэх, малын чанарыг сайжруулах ажлуудыг хийж буй нь цаг агаарын эрс тэс нөхцөлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах давхар үр нөлөөтэй.

Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилттэй НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хүрээнд булгийн эхийг хашиж хамгаалсан байдал

НҮБХХ

Тогтвортой дадал, чанарыг чухалчилсан сэтгэлгээ нь нүүдлийн мал аж ахуйн өв соёл, ур чадвар, уламжлалт мэдлэг, байгаль дэлхийтэйгээ гүн гүнзгий холбогдох холбоог өвлөн уламжлагч залуу үеийн малчдаас ихээхэн хамаарна. Тиймээс мал аж ахуйн уламжлалыг өөрчлөх, байгалиа хамгаалах, амьжиргаагаа тэтгэх, байгальтайгаа зохицон амьдрах зэрэгт залуу малчдын гүйцэтгэх чухал үүргийг хэрхэвч дутуу үнэлж болохгүй. 

Эцэст нь хэлэхэд бидний хийж буй ажлууд амжилттай хэрэгжихэд Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг тун чухал. Засгийн газраас уламжлалт амьдралын хэв маягийг хамгаалах урт хугацааны бодлого, урамшууллыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ тогтвортой дадлыг сурталчлах, залуучуудыг хөдөө орон нутагт суурьших хөшүүргүүдийг үүсгэх шаардлагатай. Ийм цогц бодлого  хэрэгжүүлсний үр дүнд  харин мал аж ахуйг бэлчээрийн даацтай нийцүүлэх  нөхцлийг бүрдүүлнэ. Биологийн олон янз байдлыг хамгаалахад шаардагдах амьдрах орчныг бүрдүүлэхэд ч нэмэр болно. Энэ мэт ажил, шийдлүүдийг эрчимжүүлбэл уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх юм. 

Мөн, төр, төрийн бус байгууллагууд болон малчдын хамтын ажиллагаа нь Монголын малчдын тогтвортой ирээдүйг бүтээхэд нэн чухал гэдгийг онцлон дурдъя. 

Эцэст нь онцлоход уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилтуудад хэр сайн дасан зохицож чадах чадвараас Монгол малчдын ирээдүй шалтгаалж байна. Үүний тулд малчдыг цаг агаарын мэдээ, мэдээллээр цаг алдалгүй сайтар хангах шаардлагатай. Ийм нөхцөл бүрдэж байж тэд цаг агаарын хүнд нөхцөл байдалд тааруулан, байгалийн нөөцийн зохистой ашиглалт бүхий малаа маллах,  байгалийн эрсдэлд бэлэн байх шийдвэрүүдээ гаргах боломжтой. Энэ нь НҮБХХ-ийн төслүүдийн анхааран ажиллаж буй гол  Хөтөлбөрийн нэг хэсэг юм. 

Эдгээр ажлаараа дамжуулан бид Монгол Улсын нүүдэлчин малчдын соёл, уламжлал, амьжиргааг хадгалан авч үлдэх, тэдэнд тогтвортой ирээдүйг бүтээх замыг бий болгохыг зорин  ажиллаж байна.

Монголчуудын уламжлалт нүүдэлчин амьдралын хэв маягийн илэрхийлэл болох Монгол гэр

НҮБХХ