Монгол Улс
Уур амьсгалын өөрчлөлт
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн (НҮБХХ) дэмжлэг нь байгалийн нөөцийг үр ашигтайгаар хөгжүүлэх зорилгоор улс орны байгаль орчныг хадгалан хамгаалах чадавхыг сайжруулах; орон нутгийн ард иргэдийг чадавхжуулах; байгаль орчны тогтвортой менежментийг хөгжүүлэх; уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ба дасан зохицох чиглэлээр чадавхыг нэмэгдүүлэх хэд хэдэн стратегид тулгуурлан ажилладаг.
Монгол Улсад НҮБХХ-өөс 2023-2027 онд хэрэгжүүлэх Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн баримт бичгийн хүрээнд дараах чиглэлийн дагуу ажиллаж байна. Үүнд:
Эрсдэлийг тооцож уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох механизм, чадавхыг бэхжүүлэх
НҮБХХ нь байгальд түшиглэсэн дасан зохицох шийдлийн хувилбаруудыг сурталчлан таниулахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны төлөв байдлыг тооцсон загваруудыг боловсруулах, өндөр нарийвчлалтай эрт сэрэмжлүүлж хугацаа алдалгүй арга хэмжээ авахад туслах системийг хөгжүүлэх зэрэгт шаардагдах цахим технологи, тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр засгийн газарт үзүүлж буй дэмжлэгээ үргэлжлүүлнэ. Үүний зэрэгцээ голын сав газрын менежмент болон мал аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтыг тэргүүлэх зорилт болгож, улсын хэмжээнд болон сонгогдсон аймгуудад эрсдлийг сайтар тооцож шийдвэр гаргахад зориулж ус, газар ашиглалтын төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүлнэ. НҮБХХ нь мал аж ахуйн арга ажиллагааг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн эрсдлийг даван туулах чадавхийг бий болгох, тогтвортой эх үүсвэртэй малын гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор малчдын бүлэг, хоршоодын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулахыг дэмжиж ажиллана. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд тодорхой нэрийн бүтээгдэхүүн (ноолуур, мах, цагаан идээ, арьс шир)-ний үйлдвэрлэл, хөдөлгөөний бүртгэл тооцооны системийг сайжруулж, нийлүүлэгч малчдыг дэмжих урамшууллын схемийг бий болгоно. Энэ нь Монгол Улсын үндэсний хэмжээнд тодорхойлсон хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх үүднээс хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах арга хэмжээг сайжруулахад тус болно.
Байгалийн экосистемийн тогтвортой, хүртээмжтэй менежментийн механизмыг бэхжүүлэх
НҮБХХ нь Алсын хараа 2050 стратегийн баримт бичгийн ногоон хөгжлийн тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор дараах чиглэлээр ажиллаж экосистем болон биологийн олон янз байдлыг хамгаалахад дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал, (a) газар болон байгалийн нөөцийн ашиглалтын үр нөлөөгөөр экосистемийн үйлчилгээ болон биологийн олон янз байдалд хор хохирол учруулахааргүй зохистой үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн газар ашиглалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах; (b) мал аж ахуй, газар тариалан, дэд бүтцийн хөгжил зэрэг салбаруудын үйлдвэрлэлийн арга ажиллагааг байгаль орчинд илүү ээлтэй болгох; (c) генетик нөөцийн үр шимийг хамтран ашиглах боломжийг нээх зохицуулалтын болоод хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах чиглэлээр салбарын яамд болон орон нутгийн засаг захиргаадад техникийн туслалцаа үзүүлэх; (d) санхүүжилтийн шинэлэг арга хэрэгсэл (өр-байгалийн своп хэлцэл, биологийн олон янз байдлыг хамгаалах сан, гэх мэт)-ийг бий болгох болон газар нутгийг хамгаалах бусад арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх зэрэг болно.
НҮБХХ нь КОВИД-19 цар тахлын дараах ногоон, хүртээмжтэй сэргэлтэд хувь нэмэр оруулахын тулд системийн хэмжээний өөрчлөлт хийх болон оролцогч талуудын дунд хөгжлийн асуудлаарх өргөн хүрээний яриа хэлэлцүүлэг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Ингэхдээ ТХЗ-ын гол цөм нь байгаль дэлхий хэмээн үзэж уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, ТХЗ-ыг хэрэгжүүлэх болон 2020 оноос хойшхи Дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалах үйл ажиллагааны хүрээнд туссан зорилтуудыг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргахад тэргүүлэх ач холбогдол өгнө. НҮБХХ нь салбарын яамд, улсын мэргэжлийн байгууллагууд, НҮБ-ын ХХААБ болон бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж ойн тогтвортой менежмент, экосистемийг нөхөн сэргээх үндэсний тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна. Энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүд нь үйлдвэрлэлийн арга ажиллагааг сайжруулах зорилго агуулан ард иргэд, малчдын амьжиргааны тогтвортой бөгөөд илүү төрөлжсөн арга хэлбэрийг дэмжих болно.