Монгол Улс
Сайн засаглал
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) нь өнгөрсөн 50 гаруй жилийн турш Монгол Улсын Засгийн Газар болон ард түмний итгэлт түнш байсаар ирсэн бөгөөд Монгол Улсад өргөн хүрээний салбаруудад хөгжлийн хүнд хэцүү үе шатуудыг даван туулахад томоохон, амин чухал дэмжлэгүүдийг үзүүлсээр ирсэн. Эдгээр дэмжлэгүүд нь эрх тэгш, шударга байдал; улс төрийн болон иргэний институтийн чадавхжуулалт; төрийн байгууллагын нээлттэй, хариуцлагатай, ил тод байдлын нэмэгдүүлэлт; орон нутгийн засаглалын бэхжүүлэлт гэсэн чиглэлийн хүрээнд хэрэгжсэн байдаг. Сайн засаглалын төлөөх бидний өнөөгийн оролцоо болон дэмжлэг:
Төрийн санхүүгийн удирдлага, хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэг
Европын Холбооны санхүүжилттэй төслийнхөө хүрээнд НҮБХХ нь Монгол Улсын Засгийн Газарт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх; зохистой хөдөлмөрийг дэмжих; хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр ашигтай, хариуцлагатай тайлагналтай, хэрэгцээнд нийцсэн байдлаар хүргэх; түүнчлэн төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцооны шинэчлэл, институтийн чадавхыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлэхээр зорин ажиллаж байна.
Шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн эрх тэгш байдал
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА)-ийн санхүүжилттэй төслийнхөө хүрээнд НҮБХХ нь хууль эрх зүйн орчин болон эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих сүлжээг бэхжүүлэх; эрх бүхий эмэгтэйчүүдийн нэр хүнд, тоог нэмэгдүүлэх; сонгогчид, улс төрийн намууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүрээнд жендэрийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх замаар шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурал (УИХ), Засгийн газарт дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Иргэн төвтэй төрийн алба
Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй төслийнхөө хүрээнд НҮБХХ нь Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн тэргүүлэх чиглэл болох ёс зүйтэй, хараат бус, жендэрийн тэнцвэртэй, мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэхэд Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, УИХ-д дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Бизнес ба Хүний Эрх
Европын холбоо болон Японы Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжүүлж буй төслүүдийн хүрээнд НҮБХХ нь НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмуудыг хэрэгжүүлэх; иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх; чадавхыг бэхжүүлэх; бодлогын уялдаа холбоог сайжруулах замаар Бизнес ба хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, Хүний эрхийн магадлан шинжилгээг хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэн Хүний эрхийн Үндэсний Комисст дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Авлигатай тэмцэх механизм
НҮБХХ-ийн Сөүл хот дахь бодлогын төв, БНСУ-н Авлигын Эсрэг, Иргэний Эрхийн Хороо болон Монгол Улсын авлигатай тэмцэх газартай хамтран технологи, инновацын хүчийг ашиглан НҮБХХ нь Монгол Улсын авлигатай тэмцэх, авлигыг тайлагнах механизмыг бэхжүүлэх зорилгоор шинэ санаачилга гаргаж, үр нөлөө, ил тод байдлыг сайжруулах чиглэлд ажиллаж байна.