Европын Холбоо болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Монгол Улсад хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байна

October 24, 2023
НҮБХХ

Улаанбаатар хот, 2023 оны 10 сарын 25 – Тогтвортой, хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилго бүхий “Хүртээмжтэй хөдөлмөрийн өдөрлөг”-т ажил идэвхитэй хайж буй 50 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо. Оролцогчид нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлах чиглэлээр тусгайлан бэлтгэгдсэн коүч зөвлөхүүдийн мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ авахын зэрэгцээ нээлттэй ажлын байруудтай очиж танилцах юм. Тус арга хэмжээг Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд зохион байгуулж байна.   

Энэхүү арга хэмжээний хүрээнд бүртгүүлсэн ажил хайгч нарт нэг сарын хугацаанд ганцаарчилсан зөвлөгөө, ажлын байрны тохиргоо, урьдчилсан зуучлалын үйлчилгээ үзүүлж байгаа нь шинэлэг юм. Түүнчлэн, хамтрагч ажил олгогч нарын хувьд хүртээмжтэй ажлын байр бий болгох чиглэлээр үнэлгээ хийлгэж, мэргэжлийн зөвлөгөө авах боломж бүрдсэн. 

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалсан аливаа хууль, тунхаглал баталснаар л тэдний тэгш оролцоог шууд хангана гэж ойлгох нь учир дутагдалтай. Үүнд мөн сэтгэлгээний өөрчлөлт, хүртээмжтэй дэд бүтэц шаардагдахын зэрэгцээ хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсрол болон төрийн бусад үйлчилгээг хүртээмжтэй болгохыг дэмжсэн бодлогын цогц шийдэл хэрэгтэй” гэв.

НҮБХХ

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матильда Димовска тус үйл ажиллагааны ач холбогдлыг онцгойлон дурдаж, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжлийн ард үлдэж, хоцрох нь түгээмэл байгаа нь нууц биш. Тэд өдөр тутмын амьдралдаа асар их сорилттой тулгардаг бөгөөд ялангуяа цар тахал зэрэг хямралын үед бүр ч их бэрхшээлийг даван туулах болдог. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн чиглэл бүрд чадавхжуулж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тусгасанчлан тэдний эрхийг, ялангуяа ‘хөдөлмөрлөх эрх’-ийг нь бүх талаар хамгаалахад анхаарах нь маш чухал юм” хэмээн хэллээ. 

Тус арга хэмжээг дараах ажил олгогч байгууллагууд, ажилд зуучлагч платформууд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд дэмжин ажиллаж байна: Таван Богд Групп, МСS Групп, АПУ ХК, Мобиком Групп, GS25, CU Mongol, Говь ХК, болон Zangiа.mn, Worki aппликейшн. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд энэхүү арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч, хамтран ажиллаж байгаа нь тус санаачилгын үр дүнг цаашид тогтвортой авч явах, түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой юм. 

 

Европын Холбооны тухай

Европын Холбоо бол Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Тус Холбоо нь хүний эрхэм чанар, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёс, хүний эрхийг түүний дотор цөөнхийн эрхийг дээдлэх үндсэн үнэт зүйлс дээр тулгуурлан байгуулагджээ. Өнөө цагт Европын Холбоо нь даян дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна. 

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий НҮБ-ын тэргүүлэх байгууллага юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн сайн сайхны төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.

Нэмэлт мэдээллийг:

Х. Отгонгэрэл | Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн | “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл | otgongerel.khalzanbanid@undp.org

НҮБХХ