Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагыг үндэсний хэмжээнд хэвшүүлэхээр ажиллаж байна

September 25, 2024
a group of people standing in front of a crowd posing for the camera
НҮБХХ

Улаанбаатар, 2024 оны 9 сарын 26 –Үр дүнд суурилсан аргачлалаар хөгжлийн төлөвлөлт, төсөвлөлт, тайлагналтын чиглэлээр төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх замаар тус аргачлалыг үндэсний хэмжээнд хэвшүүлэн, тогтвортой хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг 2024 оны 5 дугаар сараас эхлэн амжилттай хэрэгжүүлж, улмаар үр дүнг танилцуулах хаалтын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү дэмжих хөтөлбөрт нийслэл, 19 аймгийн төрийн албан хаагч нийт 140 оролцогч хамрагдав. 

“Орон нутагт үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагыг хэвшүүлэх нь” сэдэвт энэхүү хөтөлбөрийг Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл, Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яамтай хамтран зохион байгуулав. 

Улс орнууд Үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог хөгжүүлэх замаар хүн төвтэй, тогтвортой хөгжилд тэмүүлж буй өнөө үед Монгол Улс төрийн санхүүгийн удирдлагын тогтолцоогоо шинэтгэх үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж төсвийн сахилга батыг сайжруулах, нөөцийн үр ашигтай байдлыг хангах хүрээнд тодорхой ахиц дэвшил гаргасаар байна. Бодлого төсвийн уялдааг хангасан үр дүнд суурилсан төсөвлөлт, тайлагнал болон төсвийн ил тод байдал, олон талын оролцоо, хөндлөнгийн хяналтын тогтолцоог сайжруулах ажлуудыг эрчимжүүлж, үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагыг бэхжүүлэх шаардлага цаашид ч байсаар байгаа билээ. 

Энэхүү хэрэгцээнд суурилан, тус дэмжих хөтөлбөрийг 5 сарын хугацаатай хэрэгжүүлсэн бөгөөд  үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлт, тайлагналтын чиглэлээр чиглүүлэх сургалт зохион байгуулж, улмаар хөтөлбөрт хамрагдсан аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар үр дүнд суурилсан аргачлалаар 2025 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөний төсөл, төсвийн төслөө боловсруулж, 2024 оны эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэлээ тайлагнасан юм. Хөтөлбөрийн 3 үе шатны үнэлгээний дүнд үндэслэж эхний гурван байрыг шалгаруулахад Сүхбаатар аймгийн “RBM SB team” баг  1 дүгээр байр, Булган аймгийн “Bulgan team” баг 2 дугаар байр, Говьсүмбэр аймгийн “Боржигин хөгжил” баг 3 дугаар байрыг тус тус эзэллээ. 

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ариунжаргал хөтөлбөрийн үр дүнгийн “Аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан хөтөлбөрийн үр дүнг хангахад жилийн төсөв  бүрэн чиглэгдэж бодлого, төсвийн уялдаа хангагдахын зэрэгцээ төлөвлөлт, төсөвлөлт, тайлагналын үйл явцад  оролцогч талуудын  хамтын ажиллагаа сайжирч  үүрэг, оролцоо тодорхой  болсон” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. 

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж тус арга хэмжээг хааж үг хэлэхдээ “Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр орон нутгийн төсвийг бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулах, төсвийг үр дүнд чиглүүлж хуваарилах, санхүүжүүлэх, тайлагнадаг байх суурь нөхцөл бүрдэж байна” хэмээн тэмдэглэв. 

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните тус арга хэмжээг хааж үг хэлэхдээ “Орон нутгийн төрийн албан хаагчид идэвхи санаачилгатай оролцож байгаа нь Европын Холбооноос үзүүлж буй тогтолцооны шинэчлэлийг Монгол Улс зөвхөн нэвтрүүлээд зогсохгүй, цаашид улсын болон орон нутгийн түвшинд хэвшүүлж, эзэн нь болж, тогтвортой хэрэгжүүлэх баталгаа болж байна.” хэмээн онцлов. 

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч Лин Цао үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагыг орон нутгийн түвшинд хэвшүүлэхийн ач холбогдлыг онцгойлон дурдаж, “Энэ бол нэг удаагийн арга хэмжээ бус харин бүтэн 5 сарын шаргуу хөдөлмөр, тууштай байдал, идэвх санаачилгын үр дүн юм. Үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийн ажилд хөтөлбөрийн оролцогчдын оруулж буй энэхүү оюуны хөрөнгө оруулалт нь орон нутгийн хөгжилд шинэ дэвшил авчирч байна” гэв. 

Европын Холбооны тухай 

Европын Холбоо бол Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Тус Холбоо нь хүний эрхэм чанар, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёс, хүний эрхийг түүний дотор цөөнхийн эрхийг дээдлэх үндсэн үнэт зүйлс дээр тулгуурлан байгуулагджээ. Өнөө цагт Европын Холбоо нь даян дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна. 

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу. 

Нэмэлт мэдээллийг: 

Х.Отгонгэрэл, Төслийн мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн (otgongerel.khalzanbanid@undp.org)

Ч.Цэлмэг, Европын Холбооны Төлөөлөгчийн газрын хэвлэл мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн (Tselmeg.chuluunbaatar@eeas.europa.eu)