НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Ази, Номхон далайн бүсийн хүний хөгжлийг ахиулахад ирээдүйд нийцсэн засаглалын чиглэлийг онцоллоо

November 28, 2023
НҮБХХ

Улаанбаатар хот, 2023 оны 11 сарын 28 – Өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Ази, Номхон далайн бүс нутгийн 2024 оны “Хүний хөгжлийн илтгэл”-ийг Монгол Улсад танилцуулж, бүс нутагт төдийгүй дэлхийн дахинд тогтворгүй, тодорхойгүй нөхцөл байдал бүрдээд буй энэ үед хүний хөгжлийг ахиулахад нэн чухал үүрэг гүйцэтгэх гурван тэргүүлэх чиглэлийг тодорхойллоо. Эдгээрх нь, хүний хөгжлийг үндсэн зорилгоо болгох, эдийн засгийн өсөлтийн стратегийг шинэчлэн тодорхойлох, мөн бодитой өөрчлөлт гаргахыг эрмэлзэх гэсэн чиглэлүүд юм. 

Тайланд ирээдүйд нийцсэн засаглалыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатайг дурдаж, алсын хараа, дасан зохицох чадвар, хурдацтай шийдвэр гаргах чадамж зэрэг нь Монгол Улс болон бүс нутгийн улс орнуудад тулгарч буй хөгжлийн өвөрмөц сорилтуудыг үр дүнтэй шийдвэрлэхэд нэн шаардлагатай гэдгийг онцоллоо.

Түүнчлэн, ард иргэд нь хөгжлийн идэвхгүй ашиг хүртэгч бус, харин эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал, хүн төрөлхтний аюулгүй байдлын бүтээн байгуулалтад бүрэн оролцдог идэвхтэй төлөөлөгч байхын сацуу ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө эрүүл орчин, эх дэлхийгээ сахин хамгаалах үүрэг хүлээдэг байх учиртай хэмээн тусгажээ. 

Монгол Улсын Их Хурлын Дэд дарга бөгөөд УИХ-ын гишүүн Л. Мөнхбаатар үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Хүний хөгжил бол хүн бүрт тэгш боломж, сонголт олгох, өсөлтийн үр шим, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг хүртээмжтэй түгээх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, ядуурал, ажилгүйдэл, аливаа алагчлалаас ангид байлгах зэрэг өргөн хүрээг хамарсан дэлхий нийтийн хүчин чармайлт юм” гээд энэхүү хамтын зорилгод Ази, Номхон далайн бүс нутаг, түүний дотор Монгол Улс ч өөрийн хувь нэмрийг оруулах учиртайг онцоллоо.  

Мөн тайланд хүмүүсийг өөрчлөлтийн манлайлагчид болгон чадавхжуулахын тулд Монгол Улс төдийгүй дэлхийн улс орнууд тэдний өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагыг эн тэргүүнд тавьдаг болох хэрэгтэйг цохон тэмдэглэжээ. Энэ нь хүний хөгжил, өсөлтөд чиглэсэн стратегийн хоорондох уялдаа холбоог сайжруулан шинэчлэн боловсруулж, стратегийг бодит ажил болгон хувиргах хүчин чармайлтыг эрчимжүүлэх шаардлагыг бий болгож байгаа юм. 

НҮБХХ

Мөн тайланд хүмүүсийг өөрчлөлтийн манлайлагчид болгон чадавхжуулахын тулд Монгол Улс төдийгүй дэлхийн улс орнууд тэдний өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагыг эн тэргүүнд тавьдаг болох хэрэгтэйг цохон тэмдэглэжээ. Энэ нь хүний хөгжил, өсөлтөд чиглэсэн стратегийн хоорондох уялдаа холбоог сайжруулан шинэчлэн боловсруулж, стратегийг бодит ажил болгон хувиргах хүчин чармайлтыг эрчимжүүлэх шаардлагыг бий болгож байгаа юм. 

Хэдийгээр Ази, Номхон далайн бүс нутгийн ядуурлыг бууруулах үйл явцад мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч, 1.5 тэрбум хүн нэн ядуурлаас ангижирсан ч өнөөг хүртэл 185 сая гаруй хүн нэн ядуу түвшинд амьдарч, өдөр тутамдаа тэгш бус байдалтай нүүр тулсаар байгааг тайланд онцолжээ.

НҮБХХ

Нээлтийн үеэр Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска, “Монгол болон бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын төлөөх бидний хамтын хичээл зүтгэлийн гол цөмд хүний хөгжлийн асуудал байх хэрэгтэй. Түүнчлэн, өсөлтийн стратеги нь зөв төрлийн өсөлтийг буюу ирээдүйд нийцсэн чанартай ажлын байрыг бий болгож, хүний хөгжлийг бүх талаар нь бэхжүүлэхэд чиглэсэн байх шаардлагатай” хэмээлээ. 

Мөн тус тайланд, өсөлтийн стратегийг шинэчлэн тодорхойлоход эдийн засгийн өрсөлдөх чадвар, төрөлжилтийг сайжруулахад онцгой анхаарал хандуулах нь чухал гэдгийг онцолжээ. Гэхдээ хүний хөгжлийг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хэмжих боломжгүй тул хүний сайн сайхан байдлын төлөөх тэгш, хүртээмжтэй хөгжлийг хангахыг чухалчилсан байна.

Тогтвортой хөгжлийн зорилгуудын ахиц дэвшлийн хамгийн сүүлийн тайланд дурдсанаар Ази, Номхон далайн бүс нутаг нь ТХЗ-уудыг алийг нь ч тууштай хэрэгжүүлэх замд ороогүй байгаа бөгөөд Монгол Улсын хувьд 2030 он гэхэд хэмжигдэхүйц 83 үзүүлэлтийн 32 (38.6%) нь зорьсондоо хүрэх явцтай байгааг 2023 оны 9-р сард нийтлэгдсэн “Монгол улсын Үндэсний Сайн Дурын Илтгэл”-д дурджээ. 

Анх 1990 онд НҮБХХ нь хүний хөгжлийн тайланг олон улс, бүс нутаг, орон нутгийн хэмжээний боловсрол, эрүүл мэнд, орлого зэрэг гол үзүүлэлтүүдийн хөгжил, ахиц дэвшлийн цогц дүн шинжилгээ хийх, хүний тогтвортой хөгжлийг үнэлэх, дэмжих зорилгоор боловсруулан танилцуулсан билээ. 

Тайлан болон бусад баримт бичгүүд: https://bit.ly/47jtiAg

 

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр |  erdenesukh.otgonbayar@undp.org

Яасин Жанжуа | Эдийн засагч | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр yasin.janjua@undp.org

НҮБХХ