НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Гадаад харилцааны яамны дэргэдэх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар /COP17/ Бага хурлын Бэлтгэл ажлын алба хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
April 21, 2025
Улаанбаатар хот, 2024 оны 4 сарын 21 – Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал /COP17/-ыг 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулах бэлтгэл ажлыг дэмжих хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), Гадаад харилцааны яам (ГХЯ)-ны дэргэдэх Цөлжилттэй тэмцэх тухай COP17 Бага хурлын Бэлтгэл ажлын алба хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд COP17 бага хурлыг амжилттай, хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулахад стратегийн гурван үндсэн чиглэлд анхаарч ажиллана. Үүнд: (1) Монгол Улсын COP17 бага хурлыг зохион байгуулах институтийн болон олон нийтийн оролцооны чадавхыг бэхжүүлэх; (2) бага хурлын үр дүн, үр нөлөөг тогтвортой өсөн нэмэгдүүлэх үндэсний болон олон улсын хөтөлбөрүүдийг хамтран боловсруулах; (3) цөлжилт, газрын доройтол, ган зэрэг сорилтуудыг шийдвэрлэх чиглэлд хэрэгжүүлж буй Монгол Улсын дотоодын шийдэл, шилдэг туршлагыг олон улсын түвшинд танилцуулахын зэрэгцээ Олон улсын бэлчээр болон нүүдлийн мал аж ахуйн жилтэй холбоотой үйл ажиллагааг дэмжих зэрэг орж байна. Мөн, талууд хурлын бэлтгэл, зохион байгуулалтад шаардлагатай санхүүгийн болон техникийн нөөцийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин Сайд, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хурал /COP17/-ын бэлтгэл ажлын албаны дарга Н.Чимгүүндарь “Энэхүү хамтын ажиллагаа нь COP17-ын бэлтгэл ажлыг ахиулах чухал алхам болж буйгаас гадна Монгол Улсын газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтөд чиглэсэн шинэлэг шийдлүүдийг олон улсын түвшинд танилцуулж, хэрэгжүүлэх боломжийг нээж байна. Бид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хүртээмжтэй, үр дүнтэй COP17-ыг зохион байгуулахаас гадна хуурай газар, бэлчээр, нийгэм, экосистемийг дэмжих тогтвортой хөгжлийн урт хугацааны санаачилгыг Монгол Улсад болон олон улсын түвшинд хэрэгжүүлэхээр зорьж байна” гэв.
НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад 50 гаруй жилийн турш хэрэгжүүлсэн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн НҮБХХ-ийн мэдлэг, туршлагад тулгуурлаж байна. Бид манлайлал, шинэлэг шийдэл, бодит үр дүнд тулгуурласан, олон улсын хэмжээнд үр нөлөөтэй, урт хугацаандаа үр ашигтай COP17 бага хурлыг зохион байгуулахад тууштай дэмжлэг үзүүлж ажиллана” гэв.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын (UNCCD) Талуудын бага хурал (COP) нь тус Конвенцын дээд түвшний шийдвэр гаргах байгууллага бөгөөд гишүүн орнууд цөлжилт, газрын доройтол, ган зэрэг дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудыг хамтран шийдвэрлэх хүрээнд хоёр жил тутамд нэг удаа хуран чуулдаг. 2026 онд Монгол Улс COP17 бага хурлыг зохион байгуулах гэж буй нь Зүүн Хойд Азийн бүс нутагт энэ хурлыг анх удаа зохион байгуулж буй түүхэн үйл явдал болж байна. 2025 оны 2-р сард Монгол Улсын Засгийн газар, UNCCD-ийн Нарийн бичгийн газартай СОР17-ын Хүлээн авагч орны хэлэлцээрт гарын үсэг зурснаар бага хурлыг зохион байгуулах эрхээ албан ёсоор баталгаажуулсан.
***
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.
Нэмэлт мэдээллийг:
О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | erdenesukh.otgonbayar@undp.org