НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Иргэний нийгмийн зөвлөх хороотой боллоо
March 30, 2023
Улаанбаатар – 2023 оны 3-р сарын 30: Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс иргэний нийгмийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Иргэний нийгмийн зөвлөх хороог үүсгэн байгууллаа. Иргэний нийгэм нь хариуцлагатай, ил тод байдлыг дэмжихийн зэрэгцээ иргэдийг шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг олгон Монгол Улсын хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг.
Олон улсын түвшинд 2000 онд байгуулагдсан Иргэний нийгмийн зөвлөх хороо (ИНЗХ) нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) болон иргэний нийгмийн байгууллагуудын хоорондын зөвлөлдөх үйл явцыг системчлэх зорилготой ба НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх статустайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.
НҮБХХ нь 2023-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх хөгжлийн туслалцааны баримт бичиг боловсруулалт тэргүүтэй өргөн цар хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудтай олон жилийн турш идэвхитэйгээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд тус хороо нь НҮБХХ-ийн зүгээс Монгол Улс дахь үйл ажиллагаандаа хүртээмжтэй, оролцоотой байдлыг тууштай баримтлах төдийгүй тогтвортой хөгжлийг дэмжихэд иргэний нийгэм чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг онцолж байгаагийн нэг илрэл юм.
НҮБХХ нь ИНЗХ-гоор дамжуулан Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудад 2030 он гэхэд хүрэхэд дэмжлэг үзүүлэн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн гол чиглэлүүдэд үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудтай нээлттэй яриа хэлэлцээг өрнүүлэн хамтран ажиллах юм.
Тус хороо нь жендэрийн тэгш байдал, залуучууд, хэвлэл мэдээлэл, сэргээгдэх эрчим хүч, засаглал, малчид, байгаль орчин, дижиталчлал, тогтвортой санхүүжилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зэрэг салбар, салбартаа далайцтай ажил хийж хэрэгжүүлж буй иргэний нийгмийн байгууллагуудын гишүүнчлэлээс бүрдэж байгаа юм.
Мөн ИНЗХ нь иргэний нийгмийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлаа илэрхийлэх, нэн чухал асуудлуудад анхаарал хандуулах, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийн эрхийг хамгаалахад хийж хэрэгжүүлж буй ажлуудаа НҮБХХ-тэй хамтран улам эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой механизм байх юм.
"Энэхүү Зөвлөх хорооны гишүүдийн туршлага, ур чадвар нь хэнийг ч ардаа орхилгүйгээр Монгол Улсын иргэн бүрт эрх тэгш, шударга, тогтвортой ирээдүйг бий болгох зорилгын хүрээнд НҮБХХ-ийн хэрэгжүүлэх хөтөлбөр болон стратегид үнэ цэнтэй хувь нэмэр оруулж илүү үр дүнтэй шийдлүүдийг боловсруулахад томоохон дэмжлэг болно гэдэгт итгэж байна. Хорооны гишүүдтэй цаашид илүү нягт хамтран ажиллах болно" хэмээн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Илейн Конкиевич уулзалтын үеэр хэллээ.
***
НҮБХХ-ийн тухай НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий НҮБ-ын тэргүүлэх байгууллага юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн сайн сайхны төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.
Нэмэлт мэдээллийг: О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | erdenesukh.otgonbayar@undp.org