НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Монгол Улс хүлэмжийн хийн ялгарал багатай урт хугацааны хөгжлийн болон уур амьсгалын өөрчлөлтийн зорилтуудаа биелүүлэхэд дэмжлэг үзүүлж байна
April 2, 2024
Улаанбаатар, 2024 оны 4 сарын 2 – ХБНГУ-ын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Уур амьсгалын амлалт-2” төслийн хүрээнд “Амлалтаас үйл ажиллагаанд: Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН) болон Хүлэмжийн хийн ялгарал багатай урт хугацааны хөгжлийн стратеги” семинарыг үндэсний оролцогч талууд, хөгжлийн түншүүд болон 21 аймгийн ҮТХН-ийн зорилтыг хэрэгжүүлэх асуудал хариуцсан зохицуулагчдын дунд зохион байгууллаа.
Семинарын үеэр Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх богино, дунд хугацааны амлалтуудыг хөгжлийн бусад стратегитай уялдуулахын чухлыг талууд онцолсон ба ҮТХН-ийн зорилтын хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх, Хүлэмжийн хийн ялгарал багатай урт хугацааны хөгжлийн стратеги (LT-LEDS) боловсруулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлов. ‘LT-LEDS’ нь улс орнуудын хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжилд чиглэсэн үндэсний стратеги ба эдийн засгийн бүхий л салбарын үйл ажиллагааг бүхэлд нь өөрчлөх, шилжилт хийх хэрэгцээ шаардлагыг бий болгож буй юм.
Семинарт салбарын яамд, орон нутгийн засаг захиргаа, хөгжлийн түнш, иргэний нийгмийн байгууллага, мэргэжилтнүүд зэрэг олон талын төлөөллүүд оролцож, Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, үүнд талуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс Монгол улсад ‘LT-LEDS’-г боловсруулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа ба энэ хүрээнд төслийн зохицуулалт хийх үндэсний чадавхыг бэхжүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийн үндэсний тогтолцоо, нүүрстөрөгчийн бүртгэлийн системийг хөгжүүлэх ажлуудад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Семинарын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай “Уур амьсгалын өөрчлөлтийн талуудын 27 дугаар бага хурал”-д Монгол Улсын Ерөнхийлөгч 2050 он гэхэд Монгол Улс хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавьсан мэдэгдлийг дурдаад “Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн орсон орны хувьд 2050 он хүртэлх ‘Хүлэмжийн хийг саармагжуулах урт хугацааны стратегийг боловсруулж байна” гэв.
Монгол Улс нь ҮТХН-ийн зорилтын хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах зорилтыг мөн тавиад байгаа юм.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч Суурин төлөөлөгч Лин Цао мөн семинарын нээлтийн үеэр Монгол Улсын ‘LT-LEDS’-г боловсруулахад холбогдох яам, газруудын хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлоод, “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ‘Уур Амьсгалын Амлалт’ санаачилга нь дэлхийн 120 гаруй улс оронд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд дэмжлэг үзүүлж байгаа ба бид энэхүү санаачилгынхаа хүрээнд Монгол Улсад тууштай дэмжлэг үзүүлэн ажиллах болно” хэмээлээ.
Семинарын үеэр оролцогч талууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хариу арга хэмжээ, даван туулах, дасан зохицох боломжит арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтийн талаар хэлэлцэж зөвшилцөв. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь энэ хүрээнд олон талт хамтын ажиллагааг дэмжсэнээр Монгол Улсын ‘LT-LEDS’-г боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлж, Монгол Улсын иргэн бүрд тогтвортой ирээдүйг бий болгоход дэмжлэг үзүүлж байна.
***
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдэл бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.
Нэмэлт мэдээллийг:
О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | erdenesukh.otgonbayar@undp.org