НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийн анхны чуулга уулзалтыг хамтран зохион байгууллаа

February 12, 2025
A panel discussion with multiple speakers seated on a stage, featuring a large backdrop.

Main panel discussion participants

UNDP Mongolia

Улаанбаатар хот, 2025 оны 2 сарын 13 – Өнөөдөр, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийн анхны чуулга уулзалтыг Төрийн Ордонд зохион байгууллаа. Үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн төлөөлөл, салбар салбарын манлайлагчид болон олон улсын судлаач, шинжээчид оролцон, Монгол Улсын хиймэл оюун, цахим шилжилтийн ахиц дэвшил, цаашдын чиг хандлагыг хэлэлцэн, тодорхойллоо. 

Монгол Улс их өгөгдөл, хиймэл оюуныг эдийн засаг, засаглал болон төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг эрчимтэйгээр хэрэгжүүлж байна. Түүнчлэн, олон улсын хэмжээнд цахим засаглалын хөгжлийн индексээр 46-д, Хиймэл оюуны бэлэн байдлын индексээр 98-д тус тус жагсаж буй нь хиймэл оюуны чиглэлд тогтвортой ахиц дэвшил гарч буйг илтгэж байна. Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хиймэл оюуныг эдийн засгийн шинэчлэл, засаглалын үр ашгийг дээшлүүлэх гол хүчин зүйлээр тодорхойлсон байдаг. Цаашлаад үндэсний хиймэл оюуны стратеги боловсруулах, цахим дэд бүтцийг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхийг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хүлээгдэж байна. 

Монгол Улсын Шадар Сайд С. Амарсайхан “Монгол Улс технологийн дэвшлийг хэрхэн зөв зүйтэй ашиглах, салбар бүрт их өгөгдлийг бий болгох, дижитал шилжилтийг эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, тогтвортой хөгжлийн бодлоготой зөв уялдуулах байдлаар стратегиа боловсруулах нь чухал. Тиймээс технологийн ололт амжилт, хөгжлийн шинэ боломжуудыг бүх салбарт нэвтрүүлэн, ашиглах мөн Монгол Улсын Засгийн газар тэгш хүртээмжтэй, тогтвортой цахим шилжилтийг тууштай дэмжих, салбар дундын уялдаа холбоог хангах нь бидний зорилтуудын нэг юм." гэв. 

Чуулга уулзалтаар хиймэл оюуны хүртээмжтэй, ил тод хөгжилд чиглэсэн ёс зүйтэй, хариуцлагатай хэрэглээ болон эрх зүйн зохицуулалтын талаар хэлэлцүүлэг өрнөв. Мөн Монгол Улсыг 2030 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутагт хиймэл оюуны салбарт тэргүүлэх улс болгох зорилготой “Үндэсний хиймэл оюун ухааны стратеги”-ийг анхлан танилцуулав. Хэлэлцүүлгээс гарсан дүгнэлт, санал нь уг стратегийг эцэслэн боловсруулахад чухал хувь нэмэр оруулах юм. 

Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Сайд Ц.Баатархүү, “Өнөөдөр бид Монгол Улсын их өгөгдөл, хиймэл оюуны стратегийн анхны хувилбарыг олон нийт,  оролцогч талуудад танилцуулан, яриа хэлэлцүүлэг өрнүүлж буйдаа таатай байна. Хиймэл оюун нь ирээдүйн асуудал oгт биш – өнөөдөр бидний дэлхий ертөнцийг шинэчлэн тодорхойлж буй хөгжил дэвшлийн илрэл юм. Монгол Улс нь хиймэл оюуны хариуцлагатай, хүртээмжтэй, ёс зүйтэй хэрэглээг дэмжиж, улс орны хөгжил дэвшлийн хурдасгуур болгон ашиглахаар зорьж байна. Энэ хүрээнд зөв, зохистой бодлогуудыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтыг татан, түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлж чадвал, бид бизнес эрхлэгч, төрийн албан хаагчид, судлаачид, оюутнууд гээд Монгол Улсын иргэн бүрд хүртээлтэй хиймэл оюунд түшиглэсэн эдийн засгийг бий болгож чадна” хэмээн онцлов. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь олон улсын туршлага, шилдэг аргачлалуудыг нэвтрүүлэх замаар Монгол Улсын хиймэл оюуны салбарын зорилтуудыг дэмжин ажиллаж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай эхлүүлээд буй хамтын ажиллагааны хүрээнд НҮБХХ-ийн олон улс дахь Цахим асуудал хариуцсан дээд газар болон Ази, Номхон далайн бүс нутгийн Хүртээмжтэй өсөлтийн багтай хамтран хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээг гүйцэтгэж байна. Түүнчлэн, хиймэл оюуны ирээдүй ба хэтийн төлөвийг тодорхойлох ажлуудыг гүйцэтгэн, ирээдүйн сорилт, боломжийг урьдчилан тооцоолж, бодлогыг урт хугацааны үндэсний зорилтуудтай уялдуулахад дэмжлэг үзүүлж байна. 

Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Хиймэл оюун нь Монгол Улсад “Алсын хараа-2050”, Тогвортой хөгжлийн зорилгуудад чиглэсэн ахиц дэвшлийг нэмэгдүүлэх боломжийг бий болгож байна. Гэхдээ хиймэл оюуны чадавхыг бүрэн гүйцэд ашиглахад хариуцлага, хүртээмж, алсын хараа нэн чухал. НҮБХХ нь олон улсын сайн туршлагыг хуваалцах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хиймэл оюуны хөгжлийг ёс зүйтэй, хүртээмжтэй байдлаар чиглүүлэхэд анхаарах байдлаар Монгол Улсын их өгөгдөл ба хиймэл оюуны урт хугацааны хөгжлийн бодлого, стратегийг боловсруулах үйл явцад дэмжлэг үзүүлж буйдаа таатай байна. Бид хамтдаа хиймэл оюунд түшиглэсэн хүртээмжтэй ирээдүйг бүтээж чадна” хэмээн онцоллоо.

*** 

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу. 

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | erdenesukh.otgonbayar@undp.org