НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр барьж буй бодлого, арга хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг тусгахын ач холбогдлыг онцоллоо

February 12, 2025
Participants attending a conference in a well-lit room with a presentation screen.

Participants of the workshop

UNDP Mongolia

Улаанбаатар хот, 2025 оны 2 сарын 12 – ХБНГУ-ын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй "Уур амьсгалын амлалт 2" төслийн зүгээс Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН 3.0)-ийг шинэчлэн боловсруулах үйл явц болон жендерийн тэгш байдлыг уур амьсгалын бодлого, арга хэмжээ, үйл ажиллагаанд нэгтгэх асуудлаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх хүрээнд салбарын яамд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд болон судлаач, шинжээчдийн дунд хэлэлцүүлэг, семинар зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт жендэрийн зөрүүтэй байдлын үнэлгээний гол үр дүнг танилцуулж, уур амьсгалын өөрчлөлт ба жендерийн асуудлыг уялдуулах боломж, тулгарч буй сорилтын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн оролцогчид ҮТХН-ийн зорилтыг хэрэгжүүлэхэд жендерийн мэдрэмжтэй үзүүлэлтүүдийг уялдуулах шаардлагатайг онцолж, тэгш хүртээмжтэй уур амьсгалын арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх хамтын ажиллагааны боломж бололцоог хэлэлцлээ. 

Монгол Улс нь ҮТХН-ийн зорилтоо ахиулан тодорхойлж, “Хүлэмжийн хийн ялгарал багатай урт хугацааны хөгжлийн стратеги”-г (LT-LEDS) боловсруулах замаар олон улсын уур амьсгалын зорилт, амлалтуудаа биелүүлэхэд анхааран ажиллаж байна. ‘LT-LEDS’ нь улс орнуудын хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжилд чиглэсэн үндэсний стратеги ба эдийн засгийн бүхий л салбарын үйл ажиллагааг өөрчлөх,  шилжилт хийх хэрэгцээ шаардлагыг бий болгож байна. 

“Уур амьсгалын амлалт 2025" санаачилгын хүрээнд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, тэр дундаа НҮБХХ нь улс орнуудад ҮТХН-ийн зорилтоо шинэчлэхэд дэлхийн дулаарлыг 1.5 хэмээр хязгаарлах зорилт болон Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) -уудтай уялдуулан боловсруулахад дэмжлэг үзүүлж, ҮТХН-ийн зорилтын хэрэгжилт, үр дүн, хөрөнгө оруулалтын боломжийг сайжруулахад хамтран ажиллаж байна. "Уур амьсгалын амлалт 2" төслийн хүрээнд НҮБХХ нь Монгол Улсад “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод уялдсан, жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй уур амьсгалын зорилтуудыг боловсруулахад дэмжлэг үзүүлж байна. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын Жендэрийн асуудал хариуцсан зөвлөх Б.Лакшми “Хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадамж бүрдүүлсэн, хүртээмжтэй ирээдүйг цогцлооход жендэрийн мэдрэмжтэй бодлого, стратеги өндөр ач холбогдолтой. Өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа нь бидэнд ҮТХН-ийн зорилтоо ахиулан, зөрүүтэй байдлаа тодорхойлж, илүү хүртээмжтэй уур амьсгалын арга хэмжээг боловсруулах таатай нөхцөлийг бүрдүүлж байна” гэв. 

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч Суурин төлөөлөгч Лин Цао “Энэ жил Парисын хэлэлцээрийн 10 жилийн ой тохиож, тус хэлэлцээрийн зорилтууд нь зөвхөн амлалт бус өөрчлөлтийг авчрахуйц гэдгийг харуулах чухал цаг үе ирээд байна. Үүний тулд амбицаас гадна санхүүгийн бодитой хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл уур амьсгалын арга хэмжээ, ТХЗ-ийг биелүүлэхэд шаардлагатай. Уур амьсгалын амлалтуудаа биелүүлэн бодит үр дүн болгоход бүх улс орон, тэр дундаа Монгол улсын оролцоо чухал” гэлээ. 

***

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдэл бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. 

Нэмэлт мэдээллийг: О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | erdenesukh.otgonbayar@undp.org