Монголын уул уурхайн салбарын авлигын эрсдэлийн үнэлгээ
Монголын уул уурхайн салбарын авлигын эрсдэлийн үнэлгээ
July 21, 2016
Монгол Улсын эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг уул уурхайн салбар ил тод, хариуцлагатай, авлигаас ангид байх нь туйлын чухал юм. Уул уурхайн салбарын үйл ажиллагаа, авлигын эрсдэлийг системтэй судалж байж авлигаас урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй арга хэмжээ авах боломжтой.
Энэхүү эрэлт хэрэгцээнд үндэслэн, НҮБХХ-ийн захиалгаар, тус байгууллагын боловсруулсан ‘Олборлох салбар дахь авлигын эрсдэлийг бууруулах’ олон улсын аргачлалыг ашиглан “Хараат бус судалгааны хүрээлэн” (IRIM)-ээс хайгуулын, ашиглалтын өмнөх, ашиглалтын, хаалтын үе шатууд дахь авлигын эрсдэлийг тодорхойлсон. Эдгээр дөрвөн үе шат бүрт шийдвэр гаргах ажиллагаанд оролцож буй яам, агентлаг, орон нутгийн засаг захиргаа болон иргэний нийгмийн байгууллага, уул уурхайн компаниудын төлөөлөлтэй 43 ярилцлага хийж, 70 гаруй баримт бичгийг судлав.
Тус судалгаанд түгээмэл тархацтай ашигт малтмал, уран, газрын тос, бичил уурхайг хамруулаагүй. Мөн бусад салбарын үйл ажиллагаанд илүү хамаарах уул уурхайн бүтээн байгуулалтын төрөл бүрийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг нарийвчлан судлаагүй. Түүнчлэн худалдан авах ажиллагаатай холбоотой авлигын асуудал бүх салбарт хамаатай тул нарийвчлан судлаагүй.
Үнэлгээний тайлан нь нийт зургаан бүлэг, дүгнэлт, хавсралтуудаас бүрдэж байна. Тайлангийн нэгдүгээр бүлэгт уг судалгааны арга зүйн талаар, хоёрдугаар бүлэгт уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, салбарын хууль эрх зүйн орчинг тоймлон үзүүлэв.