Хурдасгуур Лаборатори
Төлөв: | Идэвхтэй |
Эхлэх хугацаа: | 2020 оны 12 дугаар сар |
Ажиллах чиглэл: | Хөгжлийн цогц асуудлыг шийдвэрлэх шинэ арга барил, бодлогын инновац |
Төслийн байршил: | Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр |
Санхүүжүүлэгч: | Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Катарын Хөгжлийн Сан, НҮБХХ-ийн үүсгэн байгуулагч түншүүд |
Үйл ажиллагааны түншүүд: | Nesta, Lead User Lab at Massachusetts Institute of Technology, Ministero dell’Ambiente e dellaTutela del Territorio e del Mare |
Төслийн баримт бичиг: | Хурдасгуур Лаборатори |
Төслийн товч мэдээлэл
Хорин жилийн өмнөхтэй харьцуулахад өнөөгийн хөгжлийн асуудлуудын далайц, динамик, нарийн төвөгтэй байдал нь ихээхэн ялгаатай болсон тул НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) үйл ажиллагааны арга барил, хөгжлийн асуудалд хандах хандлагаа өөрчлөх зүй ёсны хэрэгцээ шаардлага бий болоод байна. Бид шийдвэр гаргагчдад өнөөдрийн хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд шаардагдах оновчтой, шинэлэг шийдлүүдийг судлах, турших, хөгжүүлэх шинэ чадавхыг бий болгон, нутагшуулахаар ажиллаж байна.
НҮБХХ нь 2019 онд тогтвортой хөгжлийн сорилтуудын талаар судлах, өөр хоорондоосоо суралцах боломж бүхий дэлхийн хамгийн өргөн сүлжээг бий болгосон. Энэхүү сүлжээ нь анх 78 орныг хамарсан 60 лабораторитойгоор эхэлсэн бол одоо 116 орныг хамарсан 92 лабораторитой үйл ажиллагаагаа явуулж байна.
НҮБХХ-ийн суурин төлөөлөгчийн газрын дэргэдэх Хурдасгуур Лабораториуд нь тогтвортой хөгжлийн нарийн төвөгтэй асуудлуудыг илүү оновчтой шийдвэрлэх байдлаар хамтрагч байгууллагуудад шинэлэг үйлчилгээг үзүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Хурдасгуур Лабораториуд нь хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд болон төрийн бодлогод өөрийн хувь нэмрийг оруулахаас гадна бие даасан байгууллага болон бизнес бүхий санаачлагуудыг хэрэгжүүлэх боломжтой.
Төслийн зорилтууд
Хурдасгуур Лабораториуд нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон хамтрагч байгууллагуудад олон улсын хөгжлийн өнөөгийн туршлага болон хурдацтай өөрчлөгдөж буй хөгжлийн асуудлуудын зөрүүг арилгахад тусалж байна. Үүний тулд лабораториуд нь тогтвортой хөгжлийн чиглэлээр нээлттэй, туршилтын шугамын шинэлэг үйлчилгээг бий болгохоор ажиллаж байгаа ба үүнийг хөгжлийн асуудлуудын гүнд нь орж утга учрыг ойлгох, судлах, турших, өсгөж хөгжүүлэх циклийг давтах замаар хийдэг.
Хурдасгуур Лаборатори нь ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг хөгжлийн сорилтуудын багц төслүүдэд шинэлэг суурь шийдлүүдийг тодорхойлж, шийдвэрлэх арга замуудыг туршиж үзэх боломжийг олгодог. Дэлхий олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг платформын хувьд Хурдасгуур Лаборатори нь тогтвортой хөгжлийн асуудлуудад юу ажиллаж, юу болохгүй байгааг олж мэдэх уян хатан сүлжээг өнгөрсөн хугацаанд бүрдүүлээд байна. Хурдасгуур Лаборатори нь энэхүү давуу талаа ашиглан хөгжлийн талаарх шинэлэг ойлголтыг үйл ажиллагаа болгон хувиргаж олон улс оронд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Хүлээгдэж буй үр дүн
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэргэдэх Хурдасгуур Лаборатори нь дараах үр дүнд хүрэхээр зорин ажиллаж байна. Үүнд:
Үр дүн 1: 116 орны 92 лабораториудын тусламжтай НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн газрууд болон хамтрагч байгууллагуудад тогтвортой хөгжлийн талаарх шинэлэг шийдлүүдийг судлах, тэдгээрийг турших чадварыг нэмэгдүүлэх.
Үр дүн 2: Тогтвортой хөгжлийн шинэлэг шийдлүүдийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тухайн улс орны хөтөлбөр, үйл ажиллагаа, үндэсний бодлого болон орон нутгийн түвшинд өргөжүүлэн түгээх.
Үр дүн 3: Олон улсыг хамарсан тогтвортой хөгжлийн шийдлүүдийг суралцах, өргөжүүлэн нэвтрүүлэх чадамж бүхий сүлжээг бий болгож, бүрэн ажиллагаанд оруулах.