“Оролцьё-Төлөөлье” Эмэгтэй парламентчдын чуулганы нээлтийн үг

2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан “Оролцьё-Төлөөлье” Эмэгтэй парламентчдын чуулганы нээлтэд НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Илейн Конкиевичийн хэлсэн үг.

September 9, 2022

Сайн байцгаана уу,

Эрхэм хүндэт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, мөн УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл болон эрхэм хүндэт үе үеийн УИХ-ын эмэгтэй гишүүдээ! Та бүхэнд  энэ өдрийн мэндийг хүргэе.

Монгол улсын ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жил, байнгын ажиллагаатай парламенттай болсны 30 жилийн ойн хүрээнд өнөөдөр энд хуран цугласан та бүхэндээ бүх эмэгтэйчүүддээ баярын мэнд дэвшүүлье.

Энд цугларсан та бүхэнтэй өнөөдөр уулзаж байгаадаа миний бие туйлын баяртай байна.

Монгол дахь жендерийн тэгш байдал, улс төр дэх эмэгтэйчүүдийн талаарх статистикийн мэдээлэл, хууль тогтоомжийн талаар бид өнөөдөр энд олон удаа сонсож байгаа тул  өнөөдөр анхааралтай авч үзэж, хэлэлцэхэд чухал ач холбогдолтой болов уу гэж бодож байгаа зарим зөвлөмж өгөхийг хүсэж байна. Юуны түрүүнд хууль тогтоомжид квот тавьж өгөх талаар өнөөдөр яригдаж байна.   

Нэр дэвшигчийн квот нь дангаараа УИХ дахь жендерийн тэгш байдлыг хангахад 100 хувь баталгаа болохгүй боловч хууль эрх зүйн орчныг ээлтэй болгох,  хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүдийн төлөөллийг хангахад чиглэсэн дэлхий дахинд зөвшөөрөгдсөн арга хэмжээг, Монгол улс авч хэрэгжүүлнэ гэж найдаж байна.

Түүнчлэн хууль тогтоомж, сонгуулийн ээлтэй тогтолцоо, хангалттай хэмжээний буюу 35 эсвэл 40 хувиас илүү квот тогтоох, улс төрийн санхүүжилт, сонгогчдын боловсрол зэрэг бусад хүчин зүйлүүд шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангахад нөлөөлөх юм.

Тиймээс бүх шатны сонгуульт байгууллагад жендерийн тэгш байдлыг хангахын тулд бодлогын шинэ алхмуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай билээ. Тухайлбал:

  • Нэр дэвшигчийн квотыг хэмжээг өсгөх. КОЙКА-н санхүүжилттэйгээр НҮБ-н Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд, 2021 онд хийсэн олон нийтийн төсөөллийн судалгаагаар квотын талаар мэддэг иргэдийн 20 хувь нь одоо байгаа хэмжээг хангалтгүй төдийгүй 36 хувиас илүү болгох нь зүйтэй гэж үзсэн байна.
  • Сонгуулийн тогтолцооны санал гээгддэггүй, эрэгтэй, эмэгтэй бүх нэр дэвшигчдэд ээлтэй хувилбарыг сонгох,
  • Сонгуулийн зардлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, ялангуяа улс төрийн кампанит ажлын санхүүжилт эрэгтэйчүүдийг бодоход бага байдаг эмэгтэйчүүдэд ээлтэй санаачилга, аргуудыг хэрэглэх
  • Улс төрийн намууд квотоос илүү эмэгтэй нэр дэвшүүлсэн тохиолдолд нэмэлт санхүүжилт олгох,
  • Улс төрийн намуудад жендерийн тэгш байдлыг дэмжсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болох төрийн санхүүжилт олгох,
  • Мөн, улс төрийн намуудыг жендерийн асуудлыг системтэйгээр шийддэг нам болж төлөвшихөд бодлогын дэмжлэг үзүүлэх зэрэг алхмуудыг санал болгож байна.

Цаашид Монгол Улс төв Азийн зүрхэнд буй “ардчиллын арал улс”-ын хувьд улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд  улс төрийн намууд, УИХ-ын гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд , эрдэмтэн судлаачид ч идэвхийлэн ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр нь ирэх 2024 оны сонгуульд энэхүү зорилгод хүрэхэд бүх талаар дэмжин хамтран ажиллахад бэлэн байна.

Өнөөдрийн арга хэмжээний уриа Оролцъё, төлөөлье мөн  БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр НҮБХХ-ийн  хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн уриа ч мөн ийм.

Энэ урианы дагуу бүх оролцогч талууд оролцоогоо хангаж, өөрсдийн манлайлж буй салбар, байгууллагадаа жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмждэг гол төлөөлөл болохыг та бүхнээс уриалмаар байна.

Ингээд, төгсгөлд нь, УИХ-н эмэгтэй гишүүдийнхээ өдий хүртэл олон арван жилийн хугацаанд оруулсан чухал хувь нэмрийг үнэлж, талархаж байгаагаа илэрхийлээд, дараагийн УИХ-д эрэгтэй, эмэгтэй гишүүдийн тэгш төлөөлөл бүрдэх болтугай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Улмаар, энэ нь Тогтвортой хөгжлийн зорилт, Алсын хараа 2050-д хүрэх Монгол улсын хөгжлийн түүчээ чухал дэмжлэг болж, Монгол улсын иргэн бүр, эрэгтэй, эмэгтэй, охид хөвгүүд, хүн бүрийн сайн сайхан амьдрал, тогтвортой, хүртээмжтэй ирээдүйг бий болгох болно гэж итгэж байна.

Үе үеийн эмэгтэй парламентын гишүүддээ дахин баяр хүргэе, Баярлалаа.