Төрийн албанд өсөн дэвшиж буй миний замнал

March 29, 2023

Б. Сэрүүнтунгалаг

НҮБХХ

“Төрийн албанд албан тушаалаа ахиулъя гэвэл тасралтгүйгээр өөрийн ур чадвар, мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Мөн хамгийн гол нь өөртөө итгэлтэй байж, тодорхойгүй нөхцөл байдалд хэзээд бэлэн байх тэвчээр, зоригтой байх хэрэгтэй." 

Энэ үгсийг энэхүү түүхийн эзэн болох өдгөө төрийн албанд 20 гаруй жил ажиллаж буй Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Сэрүүнтунгалаг хэлсэн юм. Гэвч түүний өсөлтийн замнал дардан байсангүй. 

Дэлхийн Эдийн засгийн форумаас эрхлэн гаргадаг Дэлхийн жендэрийн зөрүүтэй байдлын 2022 оны тайланд Монгол Улс 159 орноос 70-д жагссан хэдий ч шийдвэр гаргах түвшин дахь эмэгтэйчүүдийн оролцоогоор 113-т жагссан байна. 

Нийт хүн амын 51 хувийг бүрдүүлдэг ч эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд УИХ-ын гишүүдийн 17 хувь, орон нутгийн түвшинд 30 хүрэхгүй хувь, хувийн хэвшилд 40 хүрэхгүй хувийг бүрдүүлж байгаагаас харахад шийдвэр гаргах бүх түвшинд тэдний төлөөлөл огт хангалтгүй байна. 

Салбар бүртээ өсөн дэвшиж буй эмэгтэйчүүдэд нийтлэг тулгардаг олон бэрхшээлүүд байдаг ч тэдний дундаас нийгмийн тогтсон хэм хэмжээ, соёл уламжлалд гүн шингэсэн жендэрт суурилсан хэвшмэл ойлголтууд хамгийн том бэрхшээл хэвээр байсаар байна. 

Сэрүүнтунгалаг хэвшмэл ойлголт нь олон эмэгтэйчүүдийн албан тушаалаа ахиулах хүсэл зоригт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй тэдний өөртөө итгэх итгэлийг нь ихээр бууруулдаг тухай ярихдаа “Даргын албан тушаалд томилогдоход миний олон жилийн туршлага, ур чадвараас үл хамааран танил талаа л ашиглаа биз эсвэл эмэгтэй болохоороо л тэр биз эсвэл эмэгтэйчүүд дарга байгаад дэмий дээ гэх мэт хэвшмэл ойлголтод суурилсан хов жив цуурхал гарч байсан” гэж хэлэв. 

Түүний хувьд өөрийн туршлага, чадвар нь дараагийн шатны албан тушаалд өрсөлдөхөд хангалттай гэдгийг мэдэж байсан ч энэ мэт болон бусад шалтгаанаас үүдэн албан тушаал ахиж чадах эсэхдээ олон жилийн турш эргэлзжээ. Харин тэр албан тушаалаа ахиулах хүсэл эрмэлзлэл бүхий эмэгтэй албан хаагчдад зөөлөн ур чадвар, менторинг болон коучинг чадваруудыг эзэмшүүлж, тэдэнд илүү урам зориг өгөх зорилго бүхий төрийн захиргааны эмэгтэй албан хаагчдын ур чадварыг хөгжүүлэх “Манлайллын хөтөлбөр”-ийн тухай олж мэдээд элсэн орсоноор түүний өсөлтийн замнал өнөөдөр илүү ахицтай явна. 

Тус хөтөлбөрийг Канадын Засгийн газрын санхүүжилтээр НҮБХХ-ийн “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр боловсруулсан ба Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2021 онд албан ёсоор баталж, орон даяар төрийн байгууллагууд хүний нөөцийн сургалт, хөгжлийн төлөвлөгөөндөө тусган оруулах боломжийг бий болгожээ. 

Хөтөлбөрийн явцад өөрийн ажлаа үр дүнтэйгээр эрэмбэлэх, төлөвлөх, баг хамт олноо илүү сайнаар коучлах, илүү туршлагтай нэгнээр менторлуулах гэх мэтээр харилцан суралцах мөн хамгийн гол нь иргэн төвтэй, эерэг үйлчилгээний соёлыг байгууллагадаа хэвшүүлэх зэрэг эзэмшсэн ур чадваруудын тухайгаа ярихдаа Сэрүүнтунгалаг “Ер нь хүн өөрийгөө маш сайн мэддэг байх хэрэгтэй юм байна лээ. Өөрийн давуу тал, өвөрмөц шинж чанаруудыг бүрэн ойлгож, мэддэг байх нь өөрийн боломж бололцоогоо бүрэн нээж олж харахад туйлын чухал гэдгийг би маш сайн ойлгосон” гэж хэлэв. 

2022 оны байдлаар тус хөтөлбөрийн төгсөгчдийн 12 хувь нь албан тушаалаа ахиулж чадсан нь 2016 оноос хойш төрийн албанд удирдлагын түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувь хоёр дахин нэмэгдсэн том дүр зурагт нөлөөлсөн эерэг үр дүнг бий болгоод байна. 

Тэрээр хөтөлбөрөөс олж авсан ур чадвараа цаашдаа хэрхэн ашиглахаар төлөвлөж байгаа тухайгаа ярихдаа "Ажил дээрээ ямар нэгэн асуудал гарах бүрд би түүнд бухимдахаасаа илүүтэйгээр үүнийг эерэг сорилт гэж харж, үүнийг хэрхэн шийдвэрлэх, юу хийж чадах, юу нь буруу болсон, дараагийн удаа үүнээс хэрхэн сэргийлэх талаар харж ажиллаж эхэлсэн” гэв. 

Сэрүүнтунгалаг болон бусад төгсөгчид албан тушаалаа ахиулахаас гадна төрийн үйлчилгээг илүү иргэн төвтэй, илүү мэргэшсэн, илүү чанартайгаар иргэдэд хүргэхэд хөтөлбөрөөс авсан ур чадварууд нь чухал дэмжлэг болох юм. 

Албан тушаалаа ахиулах хүсэлтэй төрийн албан хаагчдад өгөх зөвлөгөө асуухад Сэрүүнтунгалаг “Эмэгтэйчүүд ихэвчлэн гүйцэтгэгч байж дассан байдаг тул дарга болмогц тэр сэтгэлгээнээсээ салах амаргүй байдаг. Тиймээс жижиг, том гэлтгүй бүх зүйлрүү оролцоод байлгүйгээр тодорхой чиглэл зааврыг багтаа өгөөд тэдний бие даан ажлаа хийх чадварыг дэмжих хэрэгтэй. Ингэж байж багийнхаа хөгжил дэвшилд эерэгээр нөлөөлж бүтээлч байдлыг дэмжээд зогсохгүй төрийн үйлчилгээгээ илүү сайн хүргэхэд чиглэсэн хамтын ажиллагаатай, ажлын таатай орчинг бүрдүүлж чадна” гэв. 

“Мэдээж чиний өмнө олон сорилт тулгарна. Чиний ур чадварт эргэлзэх хүмүүс ч таарна. Заримдаа чи өөрөө ч эргэлзэнэ. Мөн эмэгтэй хүний хувьд чамд тулгарах сорилтууд эрэгтэйчүүдээс илүү ч байж магадгүй. Гэхдээ чи илүү зоригтой байж эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголттой хаана ч нүүр тулсан бай түүний эсрэг тууштай тэмцэж байх хэрэгтэй мөн хамгийн чухал нь өөрийн ур чадвар, мэдлэгээ тасралтгүй сайжруулж байх нь маш чухал шүү” гэж тэр нэмж хэлэв. 

Үнэхээр өөрийн давуу болон сул талуудыг хүлээн зөвшөөрөх төдийгүй тодорхой бус байдалд дасан зохицох зориг тэвчээр болон өөрийн мэдлэг чадвараа тасралтгүй сайжруулах боломжийг байнга эрэлхийлэх хүсэл эрмэлзлэлтэй байх нь ямар ч хүний өсөн дэвших замналыг бүхэлд нь өөрчилж чадах юм даа.

Төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган

НҮБХХ