Завхан аймгийн малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх нь
October 13, 2023
Монгол орны баруун хязгаар Завхан аймаг. Өвлийн улиралд агаарын хэм -32 С градус, зарим нутгаар -56 С градус хүрч хүйтэрдэг, зуны улиралд + 21 С градус дулаардаг эрс тэс уур амьсгалтай нутаг. Тухайн бүс нутгийн жилийн дундаж агаарын температур 1940-2021 оны хооронд 2.4-3.1 С нэмэгдэж, хур тунадасны хэмжээ -15.4 … -1.1 мм-р багассан нь уур амьсгалын өөрчлөлтийн цар хүрээг илтгэнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зуд, цасан болон шороон шуурга, үер зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойртож, хамрах хүрээ нь нэмэгдсээр. Түүнчлэн, малын тоо толгой өсөж буй нь бэлчээр доройтох нэг шалтгаан болсоор байна. Сүүлийн 20 жилийн байдлаар Завхан аймагт малын тоо толгой 1.9 дахин өссөн бол, бэлчээр 50.8 хувиар доройтжээ. Бэлчээрийн доройтол, ган, зудын эрсдэл нь малчдын эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлэх, ялангуяа цөөн малтай, ам бүл цөөтэй, эмэгтэй тэргүүтэй малчин өрхүүдийн хувьд илүү өртөж, амьжиргаа нь доройтох эрсдэлийг бий болгож байна.
Бэлчээрийн хомсдол, ган, зудын нөлөөгөөр жил бүр Завхан аймгийн Цэцэн-Уул сумын 50 орчим өрх айл, 60-70 мянган малтайгаа отрын бүс нутагт өвөлжөөд хавар нутагтаа эргэж ирдэг. Малчид тус аймгийн Ургамал сумын хойд талаар зүүн тийш Хүнгийн голыг хөвөөлөн үргэлжилдэг элсэн манхны сүвээр 25 км орчим тэмээн хөсгөөр нүүдэллэдэг. Эдгээр айл өрхийн нэг төлөөлөл бол тус сумын Сангийн далай багийн малчин Ж.Цогзол юм. Тэрээр бага наснаасаа энэ нутагт амьдарч байгаа бөгөөд 20 гаруй жил мал маллаж байгаа аж.
Ж.Цогзол:
“Сүүлийн жилүүдэд цаг агаар ихээхэн өөрчлөгдөж байна. Өвөл нь маш хүйтэн болж, хавар нь өвлөөсөө ялгаагүй хүйтэрч, шуурдаг болжээ. Энэ жилийн хувьд манай нутагт өвөл маш хүнд болсон. Тэжээл муутай байсан тул отроор явахаас өөр аргагүй байлаа. Малчдын хувьд элсэн манхныг давж, отор нүүдэл хийх нь маш хүнд байдаг. Элсэн цөлөөр машин техник явах ямар ч боломжгүй. Тиймээс тэмээ, мориор малаа туун ямар ч өвс тэжээл, усгүй элсэн манхныг давахаас өөр арга байдаггүй. Мал тэнхээтэй бол өглөө маш эрт гарахад оройхондоо давчихдаг. Харин тарга тэвээрэг муутай бол хэд хонох ч тохиолдолд байдаг. Элсэн манхныг туулахгүй бол тойруу замаар сар орчим явж отрын нутагт очдог” хэмээн уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж байгаа болон малчид хэрхэн даван туулдаг талаар ярилаа. Мөн тэрээр өвлийн хүнд цагт ам бүл цөөтэй болон өрх толгойлсон эмэгтэй малчдад отор нүүдэл хийх нь хэцүү байдаг тухай хуваалцсан юм.
Ж.Цогзол:
“Малчин хүний амьдралд хэцүү бэрх зүйл байдаг. Малчин хүн өөрийгөө зөнд нь хаяад малынхаа төлөө л явдаг. 2018 оны өвөл нөхөртэйгөө хамт малаа туугаад элсэн манхныг давж байлаа. Хоёулхнаа учраас малаа хувааж туух, шөнийн хүйтэнд ээлжээр гарч гал түлж утаа тавих зэргээр хэдэн малаа дулаацуулдаг байв. Отрын нутагт ирээд машины бүтээлгээр байшин шиг зүйл бариад хэдэн ишгээ хийнэ. Гэртээ орж дулаацчихаад буцаад гарахад зөндөө мал дарагдаад үхчихсэн байдаг байсан. Тэр жил 500 гаруй малаас 200 орчим малтай л үлдсэндээ. Нөхөр маань ч удалгүй өнгөрч, өрх толгойлж үлдэхэд бүр хэцүү болсон. Малаа маллах, гэр ахуйн ажлаа хийх гээд бүх зүйл толгой дээр ирдэг юм байна. Тухайн үед Улаанбаатар хотод охин маань сургуульд сурч, хүү маань ажилладаг байсан. Ганцаараа мал маллан амьдрахад бэрхтэй болсон учраас хүүгээ авчирч, хамтдаа амьдарч байна. Хэдэн малаа маллан охиныхоо сургалтын төлбөрийг төлдөг...” хэмээн хүүрнэсэн юм.
Судалгаанаас харахад Монгол Улсад сүүлийн 70 жилийн хугацаанд 12 удаагийн томоохон зуд тохиолдож нийт 40-50 сая мал хорогджээ. Зудын улмаас үүсэх сөрөг үр дагавар нь аажимдаа малчин өрхийн амьжиргаа, сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, зуд болсноос хойш нэлээд хэдэн сарын дараагаас хүмүүс орлого багасах, өвчин хууч нь сэдрэх, архгаар өвчлөх, хүүхдээ сургууль завсардуулах зэрэг үр дагаврууд гарч эхэлдэг байна.
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй АДАПТ төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хөдөөгийн малчдад тулгарч буй дээрх бэрхшээлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Завхан, Ховд, Дорнод, Сүхбаатар аймгуудад хэрэгжиж байна.
Төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийн улирлын болон урт хугацааны прогнозыг тооцоолох үндэсний чадавхыг нэмэгдүүлэх замаар байгаль цаг уурын гаралтай гамшигт үзэгдлийг болсны дараа нь хариу арга хэмжээ авдаг өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөх зорилготой. Цаг агаар, уур амьсгалын урьдчилсан прогноз мэдээг эртнээс тооцоолж гаргадаг чадавхтай болсноор уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон төлөвлөлт хийж, тэр хэрээр бэлэн байдлыг хангуулах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийн мэдээ, прогнозыг сайжруулснаар нөлөөллийн цар хүрээг тооцож, эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах шийдлүүдэд дүн шинжилгээг бодитой хийх боломж бүрдэж, улмаар хөдөөгийн малчдын хэрэгцээнд бүрэн нийсэн бодлогын шийдвэрүүдийг гаргах боломжтой болох юм.
Төслийн хүрээнд хийж байгаа бас нэгэн чухал ажил бол цаг агаар, уур амьсгалын өнөөгийн болон ирээдүйн прогнозод үндэслэж, орон нутгийн хэрэгцээ шаардлагыг харгалзан уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, эрсдэлтэй газруудыг эрэмбэлэн тодорхойлж, тэдгээрийг хамгаалахад орон нутагт дэмжлэг үзүүлж байна. Эмзэг, эрсдэлтэй гэж тогтоогдсон газруудад нутгийн иргэдийн оролцоотойгоор экосистемд суурилсан дасан зохицох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, цаг агаарын хатуу ширүүн нөхцөлд, бэлтгэлтэй байх нөхцөлийг бүрдүүлж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр бий болж буй сөрөг үр дагавруудтай орон нутгийн түвшинд тэмцэх арга зам бол байгаль түшиглэсэн шийдэл бүхий экосистемд суурилсан дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэх явдал юм. Экосистемд суурилсан дасан зохицох арга хэмжээ нь байгаль орчинд эерэг үр нөлөө үзүүлж, доройтсон орчныг нөхөн сэргээх замаар хөдөөгийн малчдын байгаль цаг агаарын гаралтай тулгамдсан асуудалтай нүүр тулан тэмцэх, хүнд сорилтуудыг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх бөгөөд ингэснээр тэдний гамшигт үзэгдэлд өртөмтгийн эмзэг байдлыг нь бууруулах болно.
Төслийн гол үр дүн нь хөдөөгийн малчдын амьжиргааг дээшлүүлэх тогтвортой шийдэл болсон байгальд суурилсан дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэх замаар тэдний чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна.
Завхан аймагт хэрэгжүүлж буй дасан зохицох ажлуудаас: