Монгол Улсын тогтвортой ирээдүйн түлхүүр - Ногоон шилжилт

August 8, 2024
a man sitting on a motorcycle in front of a mountain

Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн дэмжлэгээр НҮБХХ нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглан усны эх үүсвэрийг хамгаалах ажлуудыг хийж байна.

НҮБХХ
diagram

Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хараат байдал, байгаль орчны доройтол зэрэг нь Монгол Улсын хөгжил дэвшлийн хурдыг сааруулахын зэрэгцээ ард иргэдийн сайн сайхан амьдралд сөргөөр нөлөөлж байна. Өнөөгийн болон ирээдүйн төлвийг илтгэсэн судалгаа, шинжилгээнүүд энэхүү нөхцөл байдлыг шийдвэрлэхэд томоохон өөрчлөлт шаардлагатайг онцлоод буй. Тиймээс эдийн засгийн тулгуур салбарууддаа ногоон шилжилтийг бий болгоход анхаарах шаардлагатай. Үүнийг хийхэд богино хугацаандаа зардал өндөр ч хийхгүй байх эсвэл хожимдож хийх нь тэрнээс ч илүү өндөр гарз, хохирлыг дагуулах эрсдэлтэй.  

a group of people standing on top of a snow covered slope

Улаанбаатар хотын агаарын бохирдол

НҮБХХ

Яагаад ногоон шилжилтэд яарах хэрэгтэй вэ? 

Өдгөө Монгол Улс дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын дөнгөж 0.1 хувийг бүрдүүлдэг ч, эрчим хүчний хувьд нүүрснээс ихээхэн хамааралтай байдлаасаа үүдэн нэг хүнд ногдох хэмжээгээрээ дэлхийн дунджаас харьцангуй өндөр байгаа. Түүнчлэн эрчим хүчний салбар импортоос хараат буй. Мөн дэлхийн Эрчим хүчний шилжилтийн индексэд 120 улс орноос 116-д жагсаж байгаа нь Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний шилжилт удаан, ахиц дэвшил тааруу мөн дэд бүтцийн шинэчлэл шаардлагатай байгааг илтгэж байна.   

Уул уурхай Монгол Улсын ДНБ-ний томоохон хэсгийг бүрдүүлдэг ч, ажиллах хүчний маш бага хувийг ажлын байраар хангахын зэрэгцээ байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх нь түгээмэл. Ус болон агаарын бохирдлыг энд дурдаж болж байна. Мөн хөдөө аж ахуйн салбар нийт хүн амын дөрөвний нэгийг ажлын байраар хангаж буй ч уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн эмзэг.  

Сүүлийн үед олон улсын хэвлэл мэдээллүүдээр зудын тухай ихээхэн гарсан. Учир нь уур амьсгалын хурдацтай өөрчлөлтийг дагаад зудын давтамж болон цар хүрээ ч мөн адил өөрчлөгдөж байна. Агаарын дундаж хэм сүүлийн 80 жилд 2.46°C хэмээр нэмэгдэж, зуд, ган гачиг, үер, шороон шуурга болон хээрийн түймэр гэх мэт гамшигт үзэгдлүүд олширч буй. Өнгөрсөн жилийн зуднаар улсын хэмжээнд нийт мал сүргийн 11.5 хувь хорогдож, Монгол Улсын эдийн засаг төдийгүй олон мянган малчин өрхийн амьжиргаанд томоохон хохирол учирсан. Түүнчлэн, Монгол Улсын нийт газар нутгийн 70 гаруй хувь нь доройтолд өртөхийн зэрэгцээ усны нөөц эрчимтэй шавхагдаж байна. Хүн амын талаас илүү хувь нь оршин суух Улаанбаатар хотод нүүрсний хэрэглээнээс үүдэн агаарын бохирдол аюулт түвшинд байсаар байна. 

a flock of seagulls standing on a snow covered field

Өнгөрсөн жилийн зуднаар Монгол улсын хэмжээнд нийт мал сүргийн 13 хувь хорогдсон.

НҮБХХ

Тогтвортой ирээдүйн замнал  

Монгол Улсын өнөөгийн хөгжлийн загвар уул уурхай, тэр дундаа нүүрснээс хамааралтай байна. Тиймээс ногоон шилжилтийг хийхэд шинэчилсэн загвар шаардлагатай. Хуучин дэд бүтцийг халж, цэвэр эрчим хүчийг нэвтрүүлэхээс эхлээд энэ шилжилт нь богино хугацаандаа зардал өндөр. Жишээлбэл, та өөрийн амьдрах сууцаа шинэчлэн, засахтай агаар нэгэн юм. Эхний ээлжинд гарах зардал өндөр ч зассаны дараа урт хугацаандаа хэрэглээний зардал багасах, зах зээлийн үнэ цэн өсөх, ирээдүйн гэнэтийн засвараас урьдчилан сэргийлэх гэх мэт олон эерэг үр дүнтэй. Тиймээс ногоон шилжилтэд шаардагдах зардал эхэндээ өндөр мэт боловч урт хугацаандаа нийгэм, эдийн засаг, байгаль орчны эерэг үр нөлөө нь асар их.  

Ногоон шилжилтийг амжилттай хийхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, орон нутгийн шийдвэр гаргагчид, олон нийт зэрэг оролцогч талуудын ойлголтыг нэгтгэж, үйл ажиллагааг уялдуулсан урт хугацааны төлөвлөгөө шаардлагатай. Мөн улс төр, тогтолцооны хувьд эрх тэгш, хүртээмжтэй байх хүрээнд салбар, бүс нутгийн хүрээнд үзүүлэх нөлөөллийг тооцоолж, шилжилтээс үүдэх боломжит үр ашиг, эрсдэлд урьдчилан бэлтгэлтэй байх нь чухал.  

Ногоон шилжилтэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрт тогтвортой санхүүжилт мөн л маш чухал. Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нийт нөөц 2.6 террават (ТВт) бөгөөд энэ нь дотоодын хэрэглээг хангаад зогсохгүй эрчим хүчээ экспортлох боломжийг хүртэл бий болгох боломжтой. Нүүрсний хэрэглээг багасгаж, нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжих нь эдийн засгийн шинэ боломжуудыг бий болгож, улсын төсөвт ч хувь нэмэр оруулж болно. Тиймээс ногоон шилжилт нь урт хугацаандаа үр өгөөж нь хэд дахин нэмэгдэх хөрөнгө оруулалт юм.  

a man standing in front of a building

Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний техникийн нөөц 2.6 террават (ТВт).

НҮБХХ

Шинэ замнал ба загварчлал 

Ногоон шилжилт нь өөрөө асар том суурь өөрчлөлт. Тиймээс энэ шилжилтийг үр дүнтэй чиглүүлэн удирдахад улс орны ирээдүйг урьдчилан тооцоолох мөн бэлэн байх чадавхийг нэмэгдүүлэх ирээдүйд нийцсэн засаглалын аргачлал шаардлагатай. Үүнд улс төрийн хүсэл эрмэлзлэл, хамтын манлайлал, иргэний оролцоо нэн чухал. Түүнчлэн, засаглал нь аливаа асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, хэрэгцээт өөрчлөлтүүдийг цаг тухайд нь хийх дасан зохицох чадвартай байх хэрэгтэй.   

Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг ердийн нөхцөлтэй харьцуулахад 22.7 хувиар бууруулж, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилтыг тавьсан. Эндээс бодлого боловсруулагчид болон манлайлагчид ногоон шилжилтийг идэвхтэй дэмжиж байгааг харж болно. Мөн байгаль орчныг хамгаалахад чиглэсэн ногоон, тогтвортой эдийн засгийн бодлогууд бүхий “Ногоон хөгжлийн бодлого” нь “Алсын хараа-2050”-ын үндсэн хэсгүүдийн нэг. 

Цаашлаад ногоон шилжилтийн нөлөөлөлд өртөх нийгмийн эмзэг бүлгүүдийг дэмжиж, хүртээмжтэй байдлыг хангах үүднээс ногоон шилжилтийн стратегийг нийгмийн хамгааллын бодлоготой нягт уялдуулах шаардлагатай. Жишээ нь: нүүрсний үйлдвэрт ажиллаж буй иргэдийг шинээр чадавхжуулж шинэ ажлын байраар хангах, эсвэл тэтгэвэрт гарах тохиолдолд тэтгэмжээр хангах шаардлагатай.  

Монгол Улс нь Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн (ҮТХН) зорилт болон Хүлэмжийн хийн ялгарал багатай урт хугацааны хөгжлийн стратегийн дагуу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах томоохон амлалтуудыг дэлхийн хамтын нийгэмлэгүүдийн өмнө өгсөн. Гэвч, тогтвортой ахиц дэвшлийг бий болгоход өнөөгийн замнал болон хурд хангалтгүй. Нийгэм нийтээрээ хамтран ногоон шилжилтийн хэтийн төлөвийг судлах, шинэлэг санхүүгийн механизмуудыг дайчлах, нүүрсний хэрэглээг үе шаттайгаар бууруулах, нүүрстөрөгчийн зээлийн зах зээлийг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулах, эрчим хүчний сүлжээ, хуримтлуурыг шинэчлэх ажлуудыг нэн даруй хийж эхлэх хэрэгтэй байна.  

Энэ шилжилтэд орон нутгийн болон олон улсын хүрээний боломж болон эрсдэлийг тооцоолох туршлага чадвар бүхий дотоодын болон олон улсын тогтвортой өргөн цар хүрээний түншлэл нэн чухал. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь өнгөрсөн 50 орчим жилийн туршид Монгол Улсын итгэлт хөгжлийн түнш байсаар ирсэн. Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил, хөгжлийн түншүүдийн хамтаар Монгол Улсын хөгжил дэвшлийн гол зорилгуудыг дэмжих хүрээнд шаардлагатай судалгааг шинжилгээг хийх, чадавхыг бэхжүүлж, системийн өөрчлөлтийг дэмжих хүрээнд бид тууштай дэмжин ажиллаж байна. 

Цаг хугацаа биднийг хүлээхгүй учир Монгол Улсын тогтвортой ирээдүйн түлхүүр болох ногоон шилжилтийг нэн даруй хийх хэрэгтэй.  

* Канни Вигнаража нь НҮБ-ын Туслах Нарийн Бичгийн Дарга бөгөөд НҮБХХ-ийн Ази, номхон далайн бүс хариуцсан захирал ба Матилда Димовска нь Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч юм.  

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин