Агаарын бохирдлыг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд Нийслэлийн Чингэлтэй Дүүрэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран ажиллана
November 13, 2024
Улаанбаатар хот, 2024 оны 11 сарын 13 – Өнөөдөр, Нийслэлийн Чингэлтэй Дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын айл өрхүүдийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуран, баталгаажуулав. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хот, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг дэмжих, иргэдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадварыг бэхжүүлж тэдний амьжиргааг дэмжихэд чиглэсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх юм.
Тэр дундаа “Нүүрснээс нарны эрчим хүчинд” чиглэсэн шилжилтийг дэмжих санаачилгыг хэрэгжүүлж, гэр хороолол дахь айл өрхүүдэд сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг хэрэгжүүлэх замаар нүүрсний хэрэглээг бууруулах юм. Эхний шатанд Чингэлтэй дүүргийн 100 хүртэлх айл өрхөд нарны эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг нэвтрүүлэх юм. Мөн түүнчлэн, нүүрстөрөгчийн зах зээлээс хөрөнгө босгон төслийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллах юм. Урт хугацаандаа төслийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулж, шинэ, ногоон ажлын байрыг бий болгон, Улаанбаатар хотын иргэдэд амьдрах эрүүл орчинг бий болгохоор зорьж байна.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул уг санаачилгын эерэг боломжуудыг онцолж хэлэхдээ “НҮБХХ-тэй хамтран ажиллаж байгаа нь Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болох гэр хорооллын агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд чухал нэмэртэй үйл явдал болж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Чингэлтэй дүүргийн айл өрхүүдэд бодит шийдлүүдийг авчирч, бохирдлыг бууруулж, байгаль орчин болон манай оршин суугчдад ашигтай цэвэр эрчим хүчний сонголтуудыг бий болгож байна.”
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска энэхүү хамтын ажиллагаа нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн тухай эмхлэн гаргасан “Хүний хөгжлийн үндэсний баримт бичиг”-ийн гол агуулга зөвлөмжүүдтэй уялдаж байгааг онцоллоо. Мөн тэрээр "Тогтвортой хөгжлийн зорилгууд болон Парисын хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэхэд эрчим хүчний асуудал нэн чухал. Энэхүү хамтын ажиллагаа нь Улаанбаатар хот болон Монгол Улсын хэмжээнд тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хийхэд дэмжлэг үзүүлэх бодит алхам юм. Чингэлтэй дүүргийн айл өрхүүдэд нарны эрчим хүчийг ашиглах шийдлийг нэвтрүүлснээр бид агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй, хүн бүрд илүү тэгш, хүртээмжтэй ирээдүйг цогцлоох боломжтой" гэлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь техникийн туршлага, сургалт явуулах бол дүүргийн засаг захиргаа санхүүжилтийг гаргаж, төсөлд хамрагдах өрх болон байршлуудыг тодорхойлж, системийн засвар үйлчилгээг хариуцах юм. Энэхүү хамтын ажиллагаа нь Чингэлтэй дүүрэг төдийгүй Улаанбаатар хотыг бүхэлд нь цэвэр, ногоон ирээдүй рүү чиглүүлэх чухал алхам юм.
***
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.
Нэмэлт мэдээллийг:
О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | erdenesukh.otgonbayar@undp.org