Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан Монгол Улс дахь НҮБ-ын мэдэгдэл
March 7, 2023
2023 оны 03-р дугаар сарын 08 – Улаанбаатар хот: Монгол Улсын охид, эмэгтэйчүүдийн дуу хоолой, улс төр, нийгэм, эдийн засаг дахь байр суурийг бэхжүүлэхэд технологи болон инновацын ололтыг ашиглах нь Монгол Улсын хөгжилд эерэг нөлөөллийг бий болгож, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд чухал түлхэц болно.
Гэвч, цахим шилжилтийн үр өгөөжийг хүн бүрд тэгш хүртээхийн тулд охид, эмэгтэйчүүдийн оролцоог чухалчилж, цахим орчин дахь аюулгүй байдлыг нь хамгаалах ёстой.
Энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дэлхий нийтээрээ инновац болон технологиор дамжуулан тэгш бус байдлыг бууруулж, жендэрийн ялгаатай байдлыг багасгах боломжийг онцолж байна. Цахимжилт болон хиймэл оюун ухааны дэвшил нь эдийн засаг, аж үйлдвэрлэл, нийгмийг өргөн хүрээнд өөрчилж буй хэдий ч, охид эмэгтэйчүүд хөгжлөөс орхигдож, үүгээр үл барам түүний сөрөг нөлөөлөлд өртсөөр байна.
Хэдийгээр Монгол Улс жендэрийн эрх тэгш байдлыг бий болгоход тодорхой ахиц гаргаж буй ч, хангалттай түвшинд хүрэхийн тулд цаашид илүү далайцтай, өргөн хүрээнд ажиллах шаардлагатай байна. Эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, амьжиргааны өртгийн хэт өсөлт зэргээс үүдэн бий болж буй олон улсын болон дотоодын хямрал, бэрхшээлүүд нь одоогийн тэгш бус байдлыг улам ихэсгэж, өрх толгойлсон эмэгтэйчүүд, орон нутгийн эмэгтэйчүүд зэрэг Монгол Улсын эмзэг бүлгийн иргэдэд хурцаар нөлөөлж байна. Эдгээр иргэдийн хямрал, бэрхшээлийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд мэдээлэл, харилцаа холбооны технологи ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж чадна.
Монгол Улсын охид, эмэгтэйчүүд технологи, санхүү, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, урамшуулал болон шийдвэр гаргалтын хувьд адил тэгш оролцох боломжгүй, мөн цахим болон цахим бус орчинд өргөн тархсан ялгаварлал, хүчирхийлэлтэй нүүр тулж буй байна. Жендэрийн хэвшмэл буруу ойлголтууд эдгээрийг улам дэврээж, олон нийтийн болон цахим орчин дахь эмэгтэйчүүдийн оролцоог хумих, цаашлаад охид, эмэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдал, аюулгүй байдалд нэн халтай, нөхөн сэргээх боломжгүй хохирол учруулдаг нийгэм, соёлын хэм хэмжээ амь бөхтэй оршсоор байна.
Мэдээллийн технологийн салбар дахь боловсрол болон хөдөлмөр эрхлэлт нь мөн тэнцвэргүй байдалд байна. Тухайлбал, 2022 онд мэдээллийн технологийн чиглэлээр их сургууль төгсөгчдийн 73% нь эрэгтэй оюутан байжээ.
Бид жендэрийн тухай сөрөг ойлголт, хэм хэмжээний эсрэг зогсож, охид эмэгтэйчүүдэд технологи, ур чадвар, хөдөлмөр эрхлэлт болон цахим эдийн засагт бүрэн оролцох тэгш, хүртээмжтэй боломж бүхий таатай орчныг бүрдүүлэх замаар эдгээр асуудлыг олон талт, харилцан уялдаатай арга барилаар шийдвэрлэх ёстой.
Бид тэгш хүртээмжтэй, тогтвортой бөгөөд хөгжингүй Монгол Улсын төлөөх бидний дараах хамтын алсын харааг хэрэгжүүлэх зорилгод Монгол Улс дахь НҮБ-тай нэгдэхийг Монгол Улсын нийт эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хөвгүүд, охидод уриалж байна. Иймд:
- Охид хүчирхийлэлгүй, эрүүл, аюулгүй орчинд өсөн дэвшиж, шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи зэрэг өөрийн сонгосон бүхий л мэргэжлийн чиглэлээр суралцдаг;
- Мэргэжлийн ур чадвартай эмэгтэйчүүд нь жендэрт бус харин ур чадвар, гүйцэтгэлд суурилсан шударга бөгөөд адил тэгш цалин хөлс авдаг;
- Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд цахим эдийн засагт өндөр түвшинд оролцож, илүү үр өгөөж хүртдэг; • Шилжин суурьшигч эмэгтэйчүүд нь хөгжлийн гадна орхигдохгүйгээр нийгэм, эдийн засгийн зохистой боломжийг тэгш хүртдэг;
- Малчин эмэгтэйчүүд орон нутгийнхаа хөгжилд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг;
- Нийт охид эмэгтэйчүүд өрх гэрийн болон төрийн шийдвэр гаргах түвшинд эрх тэгш оролцдог, үзэл бодол, дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлдэг;
- Залуу эмэгтэйчүүд аливаа дарамт, шахалтад өртөлгүйгээр эрүүл мэнд, бие махбодынхоо талаар бие даасан шийдвэр гаргадаг;
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажилтнуудын (80 гаруй хувь нь эмэгтэйчүүд) эрх, нийгмийн хамгаалал нь хамгаалагдаж, баталгаажсан Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэхэд хүн бүрийг хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Бид Монгол Улсын тогтвортой хөгжлийг хурдасгахад технологи болон инновацын дэвшлийг ашиглахдаа охид, эмэгтэйчүүдийг хөгжлийн гадна орхигдуулахгүй, тэдний аюулгүй байдал, сайн сайхан байдлыг нь эрсдэлд оруулахгүй байхуйц нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн Газар болон хөгжлийн бүхий л түншүүддээ уриалж байна.