Бодит туршлагаас бий болсон шинэлэг санаанууд

March 12, 2021

 

 

Зохиогч: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн "Accelerator Lab" Баг

Азжаргал сургуульд байхдаа л хуш модны самарнаас байгальд хурдан шингэн устах чадвартай хуванцар гаргах  санааг бодож олсон бөгөөд их сургуулиа төгсөх хүртлээ хөгжүүлсээр ирсэн байна. 4 жилийн өмнө тэрээр энэхүү санаагаа бодит болгож патентлахаар шийдсэн байна. Гэвч патент авах явц маш удаан чирэгдэлтэй байсан тул Азжаргал үүнийг шийдэх санаа төрж, санаагаа НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Accelerator Lab-аас зохион байгуулсан Дижитал Шийдлийн Уралдаанд явуулан гурван ялагчийн нэгээр нь тодорсон юм.

Азжаргал өргөдлөө өгөөд 3 жилийн дараа хуш модны самарнаас хуванцар гаргах патентаа авсан байна. Энэ хугацаанд Оюуны өмчийн газар руу утсаар ярьж сураг гаргадаг байв. Тэгвэл одоогийн цаасан өргөдлийн системийг бүрэн цахимжуулах юм бол цаг хугацаа хэмнэж, явцыг хурдасгаж, мөн өргөдөл аль шатанд явааг шууд харах боломжтой болно гэж боджээ. Үүгээр зогсохгүй, цахим үйлчилгээтэй болсноор оюуны өмчийг бүртгэх, хамгаалах явц нийтэд хүртээмжтэй болж, цаашдаа инновацийг дэмжих орчинг хөгжүүлэхэд хувь нэмэр болох боломжтой.

Монголчууд өөрсөддөө тулгарсан асуудлыг шийдэх санал санаачлагатай байгааг энэхүү уралдаанд ирсэн санаануудаас харж болно. Хэдийгээр гурван ялагч тус бүр өөр салбарын ялгаатай шийдлүүдийг явуулсан ч өөрт тулгарсан асуудлыг шийдэх хүсэл сонирхол нь тэднийг нэгтгэжээ.

Манай дараагийн ялагчид бол Цолмонбаяр ба Нандин-Эрдэнэ хоёр юм. Цолмонбаяр мэдээллийн технологийн “Хангал Системс” компанийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд өрхийн эрүүл мэндийн платформын санааг дэвшүүлжээ. Энэхүү цахим платформ нь зөвхөн эмч, үйлчлүүлэгчийг холбоод зогсохгүй, өрхийн гишүүдэд эрүүл мэндийн мэдээллээ нэг дор хадгалах, эмчээ сонгох боломжийг олгоно. Нөгөө талаас, эмчид хиймэл оюун ухааны тусламжтайгаар онош тавихад нь туслах гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэнэ.

Цолмонбаяр таван жилийн өмнө байрныхаа Сууц өмчлөгчдийн холбоонд (СӨХ) орсноор тэнд ямар их асуудал байдаг, тэдгээрийг цахимаар хялбархан шийдэх боломж байгааг олж хараад,  хамт олонтойгоо СӨХ-ны удирдлага, хяналтыг цахимжуулсан Смарт Монгол хэмээх аппликейшнийг амжилттай бүтээж, нэвтрүүлсэн туршлагатай.

Нандин-Эрдэнэ саяхан Шинжлэх ухаан технологийн их сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн. Тэрээр өгөгдөлтэй ажиллах сонирхолтой бөгөөд мөн л төрийн үйлчилгээ авч байсан туршлагаасаа үүдэн шийдэл дэвшүүлсэн.

Тэрээр 2020 онд и-баримттай холбоотой гомдлыг иргэдийн санал хүлээн авах 11-11 төвд өгчээ. Тухайн үед 11-11 төвийн санал ангилах, хуваарилах үйл ажиллагаа хүнээс бүрэн хамааралтай байсан учраас,  түүний гомдлыг ангилж, хариуцах байгууллагад хүргэхийн тулд бүтэн 3 хоног зарцуулсан ажээ. Нандин-Эрдэнэ үүнийг хурдасгаж сайжруулахын тулд Kaggle дээр байршуулсан 5 жилийн санал гомдлын өгөгдлийг ашиглаж хиймэл оюун ухааны програм бичсэн байна. Түүний бүтээл иргэдийн санал гомдлыг хэдхэн хормын дотор ангилж, хамаарал бүхий байгууллагад шилжүүлэх боломжтой.

Төрийн үйлчилгээний олон өгөгдөл дээр хиймэл оюун ухаан болон бусад технологийг ашиглаж илүү үр ашигтай, хурдан, хүртээмжтэй үйлчилгээ нэвтрүүлэх өргөн боломж бий. 

Инновацийг ихэвчлэн өндөр хөгжилтэй улсад дэлхийн шилдэг судалгааны байгууллагууд хийдэг, бүтээдэг гэж боддог боловч Монгол Улс шиг хөгжиж буй улс орноос олон зүйлд суралцах боломж бий. Иргэдээс гарсан санаа, шийдлүүд голдуу амьдралын бодит туршлага дээр үндэслэсэн, олон удаа туршиж сайжруулсан байдаг тул тухайн асуудлыг орчиндоо тохирсон боломж, нөөцөөр шийддэг. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Accelerator Lab  цаашдаа ч шинэлэг санааг хайж олон хөгжүүлж, амьдралд хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно.