Цахим ур чадварын хоцрогдлыг арилгах нь

April 23, 2021

 

НҮБХХ

 

“Бид Бугант сумаас (Сэлэнгэ аймаг) 4 км-ын зайд аж төрдөг. Сумын төврүү 2 км орчим дөхөж байж л сүлжээ орж ирдэг. Сүлжээ харж явсаар 4G орж ирсэн газраа зогсоод, охин маань машиндаа цахим хичээлдээ хамрагддаг” хэмээн нэгэн малчин ээж саяхан интернэтэд шуугиан тарьсан мэдээлэлд дурджээ.

2020 оноос Монгол Улсад боловсролын бүх төрлийн сургалтыг цахим/теле горимд шилжүүлснээр энэ мэт бэрхшээл олон хүнийн хувьд бодит байдал болоод байна. Хөдөөгийн алслагдсан суманд амьдардаг хүүхдүүд өндөр хурдтай интернэтэд холбогдож чадахгүй, эсвэл интернэтийн үйлчилгээ хүрэхгүй газар амьдарч байна. Зарим орлого багатай өрхүүд компьютер тоног төхөөрөмжгүй, төхөөрөмжтэй байсан ч интернэтийн төлбөрөө төлөх чадамжгүй байх гэх мэт асуудлууд боловсрол эзэмшихэд томоохон бэрхшээлийг учруулж байна. 

Зураг 1 -Цахим хүртээмж ба ур чадвар

 

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Aкселератор Лаб (Accelerator Lab) оюутан сурагчид, багш нарт тулгарч буй бэрхшээлүүдийг судлахаар хөдөө орон нутагт амьдарч буй хүмүүстэй ярилцлага хийсэн юм. Дээд сургуулийн ахлах курсийн оюутан Сэргэлэнгийн хувьд Улаанбаатарт хөл хорио тогтоогдоход нутагтаа буцаж ирсэн бөгөөд интернэтэд холбогдох хамгийн хэцүү асуудал болжээ. Тэр өндөр хурдны интернэт үйлчилгээнд холбогдоогүй үлдсэн 7 сумын нэгэнд амьдардаг бөгөөд хичээлээ хийхдээ гар утасныхаа дата багцад найдахаас өөр арга байхгүй. Хэдийгээр үүрэн холбооны компаниуд хичээлээ үзэх урамшууллын багц гаргаж байгаа ч, тэр дата багцаар нэг лекцинд бүтэн суугаад л дуусдаг аж. Байнга эцэг эхээсээ нэмэлт дата авах мөнгө гуйх нь түүнд хэцүү санагддаг гэв.

Гэртээ интернэтийн холболттой оюутан, сурагчидад ч гэсэн хичээл хийхэд хүндрэл олон. Жишээ нь оюутан Зулаагийн хувьд гэртээ ганцхан комьютертэй бөгөөд дүү нартайгаа хувааж хэрэглэхээс өөр аргагүй. Хэдийгээр Засгийн газраас бүрэн дунд боловсролын сургуулиудын сурагчдад зориулсан теле хичээлүүдийг телевизээр гаргадаг ч, их дээд сургуулийн оюутнуудад энэ сонголт байхгүй учраас тэр гар утсаараа ч болов хичээлдээ суухаас өөр аргагүй. Харин хичээлдээ суухад гар утас болон комьютерын хооронд чанарын ялгаа маш их болохыг тэр хэлсэн юм. Нөгөө талаас, гэртээ байгаа тул малаа хариулах, ундны ус дөхүүлэх гэх мэт гэрийн ажил хийхэд ээж аавдаа тусалж, хичээл хийх цаг хугацаа бага үлддэг болжээ.

Анагаахын төгсөх ангийн оюутан Бадамаа анагаах гэх мэт нарийн мэргэжлийг зөвхөн цахимаар суралцаж төгсөх нь учир дутагдалтай гэж үзэж байна. Учир нь, эмчийн мэргэжил бол бодит үзлэг дээр суурилдаг, ганцаарчилсан зөвлөгөө, чиглүүлэг шаарддаг мэргэжил бөгөөд цахим хичээл хангалтгүй юм. Хөл хорио удахгүй байх гэж найдсан Бадамаа  ихэнх ном, сурах бичгээ хотод орхиод ирсэн тул даалгавар болон бие даалт хийх ном, материал орон нутагт олдохгүй байх нь түүний хувьд хамгийн том бэрхшээл юм. “Энд би хичээлээ хийхэд хэрэгтэй ямар ч ном, нэмэлт материал олох боломжгүй байна. Сургуулийн номын санд холбогдсон ч, ном нь цахим хэлбэрт ороогүй. Зөвхөн багшийн лекцийг сонсоод өнгөрөх нь хичээлээ бүрэн ойлгох, өөрийн болгоход хангалтгүй санагдаж байна” гэв.

“Үнэхээр тийм” гэж Хүрлээ багш Бадамаатай санал нийлэв. “Багш бидний хувьд хүүхдүүдэд тулгарсан эдгээр бэрхшээлүүдийг зохицуулах, нэмэлт давтлага хийх, хичээлээ цахим нөхцөлд тохируулж өөрчлөх гээд маш олон ажил нэмэгдсэн. Төрийн өмчит сургуулиуд төрөөс санхүүгийн дэмжлэг туслалцаа авч байгаа юм байна лээ. Харин хувийн хэвшлийн манайх шиг сургуульд тийм дэмжлэг олдохгүй учраас бид илүү цагаар ажиллаж, хувийнхаа нөөц бололцоог ашиглаж байна даа” гэж тэр нэмж хэллээ.  

Орчин үед шаардлагатай мэдээллээ бие даан олж авах, бусадтай харилцах, хамтарч ажиллах, цахим орчинд контент бүтээх, өөрийн аюулгүй байдлыг хамгаалах гэх мэт ур чадвар ус агаар мэт чухал болж байгаа бөгөөд энэхүү ур чадварыг цахим хүртээмжийг хангаж байж л хөгжүүлэх боломжтой юм. Тийм учраас, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Aкселератор Лаб (Accelerator Lab) хэнийг ч үлдээлгүй, цахим шилжилтийг хүн бүрт боломж нээж өгсөн, ашиг тустай болгоход юу хийж болох вэ гэдгийг судалж байна.

Монгол Улсын Засгийн газрын “Цахим Үндэстэн” хөтөлбөрийг дэмжих зорилгоор, “Aкселератор Лаб” нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран “Цахим ур чадвар, боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж байна. Хөтөлбөрийн хүрээнд цахим хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн эмзэг бүлгийнхэн болох хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд, хөдөөгийн алслагдсан болон орлого багатай айл өрхүүдийн цахим ур чадварын хоцрогдолыг нөхөх зорилтыг тавьж байна. Түүнчлэн, цахим ур чадварын түвшинг бодитой тогтоох үнэлгээний аргачлалыг боловсруулж нэвтрүүлэх, цаашид энэ чиглэлээр статистик тоо баримт гаргах ажил ч хамрагдаж байна.  

Цахим шилжилтээс гарах эерэг үр нөлөө, ашиг олон боловч, тэдгээрийг одоо оршиж буй тэгш бус байдлыг даамжруулахгүйгээр, Монгол Улсын хүн бүрт хүртээхэд анхаарах нь чухал юм. Хүн болгоны эрх тэгш оролцоог хангасан цахим нийгмийг байгуулах зам урт, саад бэрхшээл ихтэй бөгөөд хамтын хүч, идэвх чармайлт хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна.