НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон БНХАУ-ын Олон улсын Хөгжил хамтын ажиллагааны үндэсний агентлаг Монгол Улсад ойн түймэртэй тэмцэх чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

February 2, 2024
НҮБХХ

Улаанбаатар хот, 2024 оны 2 сарын 2 – Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр “Монгол Улсын ногоон сэргэлтийн бодлогыг дэмжих ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах” төслийг хамтран хэрэгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурлаа. Тус төслийг БНХАУ-ын Олон улсын Хөгжил хамтын ажиллагааны үндэсний агентлаг (CIDCA)-ийн “Дэлхийн хөгжил ба Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны сан” санхүүжүүлж байгаа юм. 

Төслийн хүрээнд ойн түймрийг урьдчилан таамаглах, тайлагнах үр дүнтэй системийг бэхжүүлэх; гал түймрийн менежментийг сайжруулах; тэр дундаа бореаль буюу тайгын ой бүс нутгийн гал түймэр унтраах анхан шатны нэгжүүдийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлүүдэд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран ажиллах юм.

Монгол орны 12 сая га орчим талбайг эзэлдэг бореаль буюу тайгын ой нь байгалийн экосистем,  биологийн олон янз байдал, болон орон нутгийн иргэдийн амьжиргаанд өндөр ач холбогдолтой. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, хүний буруутай болон санамсаргүй үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр ойн түймэр нэмэгдэж байгаа нь түймэр унтраах чадавхыг хурдацтай нэмэгдүүлэх хэрэгцээ их байгааг илтгэж байна. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ

Гарын үсэг зурах ёслолын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б. Бат-Эрдэнэ төслийн ач холбогдлыг онцлоод “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа улсын хувьд хойч үедээ ногоон ирээдүйг өвлүүлэн үлдээх хариуцлагаа ухамсарлан Монгол Улсын Засгийн газар үндэсний урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод ойн санг хамгаалах, нөхөн сэргээх зорилтууд тусган ажиллаж байна.” гэлээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань “Энэхүү төсөл нь Монгол орны ойг хамгаалах үйл ажиллагааг дэмжих, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь даян дэлхийн хөгжлийн төлөө “Дэлхийн хөгжил ба Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааны сан”-гаар дамжуулан энэ болон бусад олон талт хөгжлийн төслүүдэд илүү идэвхитэй оролцоно” гэв. Тэрээр үргэлжлүүлэн энэ онд БНХАУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буйг дурдаад “Бүс ба зам” санаачлага болон Дэлхийн хөгжлийн санаачлагын хүрээнд Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ. 

Төслийн зорилтууд нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлоготой нягт уялдаж, ойн салбарын ногоон хөгжлийг дэмжих юм. Мөн тус төсөл нь Монгол Улсын байгаль орчныг хамгаалах, бүс нутгийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Энэхүү төсөл нь бидний уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх хүчин чармайлтын нэгэн хэсэг билээ. Ойн түймэр унтраах чадавхыг нэмэгдүүлснээр бид экосистем болон биологийн олон янз байдлыг хамгаалаад зогсохгүй, орон нутгийн иргэдийн амьжиргааны тогтвортой, сайн сайхан байдлыг хамгаалах боломжтой. Энэ төсөл нь Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-уудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бидний ажлын чухал хэсэг” хэмээн онцоллоо. 

 

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр |  erdenesukh.otgonbayar@undp.org

НҮБХХ