Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол орны биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлд хамтран ажиллаж байна

May 22, 2024
НҮБХХ

Улаанбаатар, 2024 оны 5 дугаар сарын 21-22 – Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-тай хамтран 2024 оны Олон улсын Биологийн олон янз байдлын өдрийг тохиолдуулан цуврал уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Уулзалт хэлэлцүүлэгт олон талт оролцогчид, төр, төрийн бус, олон улсын байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад Биологийн олон янз байдлыг (БОЯБ) хамгаалах чиглэлээрх салбар дундын тулгамдсан асуудлыг хэлэлцэв. 

Жил бүрийн 5 дугаар сарын 22-ны өдөр тохиодог Олон улсын Биологийн олон янз байдлын өдрийг энэ жил Хамтдаа төлөвлөж хамтдаа хэрэгжүүлье” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү сэдэв нь Куньмин-Монреалын Даян дэлхийн биологийн олон янз байдлын хүрээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар оролцогч талууд хамтдаа биологийн олон янз байдлын хомсдлыг зогсоох үйл ажиллагаанд оролцохыг дуудсан уриалга юм. 

Тус уулзалт хэлэлцүүлэгт БОЯБ-ын Үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө (БОЯБСТ)-ний анхны төслийг танилцуулснаар Монгол орны биологийн олон янз байдлыг хамгаалах үйлсэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байгаа онцлогтой. Төлөвлөгөөний төслийг Даян дэлхийн БОЯБ-ын хүрээ болон үндэсний бодлоготой нягт уялдуулж Монгол орны БОЯБ-ыг хамгаалах үйл ажиллагааг олон улсын жишиг, улс орны тэргүүлэх чиглэлүүдтэй нийцүүлэн боловсруулахаар зорьж байна.

НҮБХХ

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Мягмаржавын Ганбаатар "Өнөөдөр бид талуудын оролцоог хангах, шинжлэх ухаанд суурилсан хөтөлбөрийн хэрэгжилтийг бодит болгох зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж, та бүхний санал бодлыг тусгахаар цуглараад байна. Энэхүү хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачид, оюутан залуус, иргэн бүрийн оролцоо нэн чухал”  хэмээн хамтын үйл ажиллагааны ач холбогдлыг онцлов.

БОЯБСТ-ний төслийг Даян дэлхийн байгаль орчны санхүүжилттэй НҮБХХ, БОАЖЯ хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлын конвенцын хэрэгжилтийг дэмжих (GBF-EAS) төслийн дэмжлэгтэйгээр боловсруулсан. Уг төсөл нь 2020 оноос хойших Даян дэлхийн БОЯБ-ын хүрээг хэрэгжүүлэх бэлэн байдлыг шуурхай хангах, эхэн үеийн арга хэмжээг авах үүднээс БОЯБ-ын Үндэсний хөтөлбөрийг хурдавчилсан байдлаар дүгнэх, хяналтын тогтолцоог үнэлэх, бодлогын уялдааг хангах, биологийн олон янз байдлыг санхүүжүүлэх боломжийг илрүүлэх зорилготой юм. 

НҮБХХ

НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч, хатагтай Матилда Димовска “НҮБХХ биологийн олон янз байдлыг хамгаалах үйлсийг цаашид эрчимжүүлэхэд нь Монгол Улсад дэмжлэг үзүүлэх, хэнийг ч орхигдуулахгүй байхад шийдвэр төгс хэвээр байна. Монгол орны үнэлж баршгүй, өвөрмөц байгалийн баялгийг хамгаалах, үнэлэх, цэгнэх үүргээ хамтдаа биелүүлье” хэмээн тэмдэглэлээ.

Тухайн хоёр өдрийн арга хэмжээнийг үеэр “Биологийн олон янз байдлын бодлого”, “Биотехнологи ба биоаюулгүй байдал”, “Биологийн олон янз байдлын санхүүжилт”, “Биологийн олон янз байдлын хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагнал”, “Биологийн олон янз байдлын судалгааны бодлого, хэрэглээ, тулгамдсан асуудал” салбар хуралдаанууд болж, бодлого боловсруулагчид, БОЯБ-аар мэргэшсэн эрдэмтэд, байгаль орчны мэргэжилтнүүд өөрсдийн ажиглалтаас танилцуулж, санал бодлоо хуваалцлаа. Оролцогчдын санал, зөвлөмж нь Монгол Улсын БОЯБСТ-г цаашид улам сайжруулахад чухал хувь нэмэртэй. 

Дээрх уулзалт, арга хэмжээг НҮБХХ-ийн байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр ажилладаг “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь (ENSURE)”, “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга (BIOFIN II)”, “Биологийн олон янз байдлын конвенцын хэрэгжилтийг дэмжих (GBF-EAS)” гурван төсөл хамтран зохион байгуулав.

***

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдэл бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.