"Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" төсөл

 

 

 

Төслийн үндэслэл

Сүүлийн 70 жилд Монгол орны хэмжээнд агаарын температур 2.1°C -ээр нэмэгдсэн нь манай орныг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй улс орны тоонд оруулж байна. Агаарын температур нэмэгдэхийн зэрэгцээ хур тунадасны хэмжээ буурсан нь цөлжилт хуурайшилтыг нэмэгдүүлж, бэлчээр, усны нөөцийг багасган, байгалийн бүс бүслүүр шилжихэд хүргэлээ. 

Байгалийн нөхцөлөөс шууд хамааралтай  малчид нь уур амьсгалын нөлөөлөлд хэрхэн дасан зохицох талаар зохих мэдлэг, мэдээлэлгүйгээр ирсэн. Мал маллагааны арга ажиллагаа, малын тоо толгой зохисгүй хэмжээнд байгаа нь улам бүр эмзэгшиж буй экосистем, экосистемийн үйлчилгээнд давхар нэрмээс болж байна. 

Монгол Улсын  хүн  амын  гуравны  нэг хувийг  малчин  өрх  эзэлдэг  бөгөөд  хөдөө  аж  ахуйн  салбарт ойролцоогоор  160000  өрх буй нь нийт салбарыг 90 хувийг бүрдүүлж байна.  Улсын хэмжээнд нийт аймаг, сумдын эдийн засгийн 85 орчим  хувь нь хөдөө аж ахуйд суурилдаг. 

Малчин өрхүүд уур амьсгалын  эрсдэл, нөлөөлөлд хамгийн  их өртөж,  нэрвэгддэг  тул  түүнд тохирсон  хариу  арга  хэмжээг  авч хэрэгжүүлэх нь хөдөө аж ахуйн салбар, эдийн засаг болон байгаль орчинд үр шимээ өгөх, уур амьсгалын хүчин зүйлийг илүү харгалзсан, мал маллагааны зохистой арга технологид шилжихэд дэмжлэг болох юм. 

Төслийг Байгаль  орчин  аялал жуулчлалын  яам  (БОАЖЯ),  гол  түншлэгч нь Хүнс, хөдөө  аж  ахуйн  яам  (ХХААЯ) хамтран  7 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг 4 аймгийн (Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар) байгалийн нөөцөөс хамааралтай хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадамжийг дээшлүүлэхэд оршино. 

Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төсөл нь өөр хоорондоо уялдаа холбоо бүхий дараах үр дүнд хүрэхэд чиглэнэ. Үүнд: 

  • Үндэсний болон бүс нутгийн түвшинд газар, усны нөөцийн төлөвлөлтийг уур амьсгалын мэдээлэлтэй уялдуулах 
  • Байгалийн нөөцийн менежментэд малчдын оролцоог нэмэгдүүлэхэд уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон ус, хөрсний менежментийн арга ажиллагааг нэвтрүүлэх 
  • Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй гарал үүсэл нь тогтвортой малын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх малчдын чадавхыг бий болгож, бэхжүүлэх

 

Төслийн хураангуй

  • Төсөл нь цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ын уур амьсгалын мэдээлэлд суурилсан төлөвлөлтөд шаардлагатай мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх чадавхыг бэхжүүлнэ. 
  • Усны  нөөцийн  хүртээмжийн  асуудлыг  шийдвэрлэхийн  тулд  төслөөс  бэлчээр,  усны  нөөцийг хамгаалах  экосистемийн  дасан  зохицох  (ЭСДЗ)  арга  хэмжээнүүдийг  авч  хэрэгжүүлэхийн зэрэгцээ  малын  худаг  барьж  байгуулах,  засаж  сэлбэх  ажлуудыг  хийнэ.
  • Бодлогын түвшинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд төслөөс Монгол мал үндэсний хөтөлбөрт  тусгагдсан  бодлогын  өөрчлөлтөд  дэмжлэг  үзүүлж,  уур  амьсгалын  эрсдэлийн асуудлыг  тусгаж  өгнө.
  • Гарал  үүсэл  нь  тогтвортой,  уур  амьсгалын  өөрчлөлтөд тэсвэртэй  малын  бүтээгдэхүүний  үйлдвэрлэлийг  дэмжсэн  төр,  хувийн  хэвшил, нөхөрлөлийн түншлэлийг хөгжүүлэх; энэ хүрээнд түүхий  эдийн  бэлтгэл,  үйлдвэрлэлийн  бүх  үе  шатанд    өртөг  нэмэгдүүлэх,  газар  дээр  нь  хадгалах  зэрэг  агуулгыг багтаасан  сургалтуудыг малчдын үйлдвэрлэгч байгууллагуудыг хамруулан  зохион  байгуулна.

Төслийн зорилго
 

Төслийн  зорилго  нь  уур  амьсгалын  өөрчлөлтөд  эмзэг  дөрвөн аймгийн  байгалийн  нөөцөөс  хамааралтай  малчдын  уур  амьсгалын  өөрчлөлтөд  дасан зохицох чадамжийг сайжруулан, бэхжүүлэх явдал юм.  Төслөөр малчдын амьжиргаа, тэдний амьжиргааны  эх  үүсвэр  болсон  байгалийн  нөөцөд  үзүүлж  буй  уур  амьсгалын  өөрчлөлтийн нөлөөллийг  бууруулахад  цогц  байдлаар  хандахыг  зорьж  байна.

Хүлээгдэж буй үр дүн

Үр  дүн  1:  Үндэсний  болон  бүс  нутгийн  түвшинд  бэлчээр,  усны  нөөцийг  уур  амьсгалын мэдээлэлд тулгуурлан төлөвлөж ашигладаг болох Хэрэгжүүлэх  

Үйл  ажиллагаа  1.1. Уур  амьсгалын  өөрчлөлтөд  зохицсон  хөгжлийн  урт хугацааны  хөгжлийн  төлөвлөгөө  болон  дунд  хугацааны  хариу  арга  хэмжээний төлөвлөлт хийх мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх 

Үйл  ажиллагаа  1.2. Аймаг,  сумын  хөгжлийн  төлөвлөлтийг  бэлчээрийн  даац,  уур амьсгалын  өөрчлөлтийн  мэдээлэлд  үндэслэн  гаргах,  гол  мөрний  сав  газрын  усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг шинэчлэх 

Үйл  ажиллагаа  1.3. Уур  амьсгалын  өөрчлөлтийн  нөлөөгөөр  үүсэх  эрсдэлийг  даван туулах чадвартай мал аж ахуйн үйлдвэрлэлд газар, усны тогтвортой менежментийг хэрэгжүүлэх  бодлого,  зохицуулалтын  шинэчлэлд  шаардлагатай  судалгаа,  дүн шинжилгээ хийх 

Үр дүн 2:  Уур  амьсгалын  өөрчлөлтөд  зохицсон  ус,  хөрсний  менежментийн  арга ажиллагааг  өргөн  хүрээнд  нэвтрүүлэн  малчдын    байгалийн  нөөцийг  ашиглах  хамтын ажиллагааны хэлбэрийг нэмэгдүүлэх 

Үйл  ажиллагаа  2.1. Байгалийн  нөөцийг  зохистой  ашиглах  хамтын  ажиллагааны хэлбэрийг  боловсронгуй  болгох,  бэлчээр,  усны  нөөцийн  хамгааллыг  дэмжих (Байгалийн  нөөцийн  хамтын  менежментийн  байгууллагуудтай  хийх  гэрээгээр албажуулна) 

Үйл  ажиллагаа  2.2.Усны  нөөц, болон  экосистемийн  үйлчилгээг  хамгаалах  зориулалтаар уур амьсгалд өндөр эрсдэлтэй усны сав газарт ойжуулалт хийх 

Үйл  ажиллагаа  2.3. Уур  амьсгалын  өөрчлөлтөөс  үүдэлтэй  гамшигт  үзэгдлээс  болсон амьжиргааны  тогтворгүй  байдлыг  багасгах  зорилгоор  хадлангийн  болон  нөөц бэлчээрийн  газар  байгуулах,  онцгой  байдалд  хэрэглэх  хадлан,  тэжээлийн  агуулах барих 

Үйл  ажиллагаа  2.4.  Байгалийн  булаг  шандыг  хамгаалах,  шинээр  худаг  гаргах,  одоо байгааг засаж, сэргээх болон ус нөөцлөх байгууламж барих замаар усны хүртээмжийг сайжруулах 

Үр  дүн  3:   Гарал  үүсэл  нь  тогтвортой,  уур  амьсгалын  өөрчлөлтөд  тэсвэртэй  малын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх малчдын чадавхыг нэмэгдүүлж, бэхжүүлэх 

Үйл  ажиллагаа  3.1. Гарал  үүсэл  нь  тогтвортой,  уур  амьсгалын  өөрчлөлтөд тэсвэртэй  малын  бүтээгдэхүүний  үйлдвэрлэлийг  дэмжсэн  төр,  хувийн  хэвшил, нөхөрлөлийн түншлэлийг хөгжүүлэх 

Үйл  ажиллагаа  3.2. Малчдын  үйлдвэрлэгч  байгууллага  (хоршоо)  байгуулах,  сургалт зохион байгуулах 

Үйл  ажиллагаа  3.3. Уур  амьсгалын  өөрчлөлтөд  зохицсон  малын  гарал  үүсэл  нь тогтвортой бүтээгдэхүүнийг мөшгөх боломжийг сайжруулах 

Үйл  ажиллагаа  3.4. Монгол орны уур  амьсгалын  өөрчлөлтөд  зохицсон  тогтвортой бүтээгдэхүүн  үйлдвэрлэлд  оролцох  хувийн  хэвшил  болон  малчдын  оролцоог  дэмжих зорилгоор мэдлэгийн бүтээгдэхүүн боловсруулан гаргаж, түгээх