Ази, Номхон далайн орнуудын СКАЛА Хакатон тэмцээнд Монголын баг түрүүллээ

April 19, 2023

Ази, Номхон далайн орнуудын СКАЛА Хакатон тэмцээнд Монголын баг түрүүллээ

НҮБХХ

2023 оны 4-р сар - Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжин, залуучуудын дунд олон Хакатон тэмцээн зохион байгуулагдах боллоо. Дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй байгаль орчны сорилт, бэрхшээлийг даван туулахад инновацлаг залуус, ентерпренеруудыг нэгтгэхэд уг арга хэмжээний үнэ цэнэ оршдог. Хакатон нь оролцогчдод ирээдүйн тогтвортой нийгмийг бүтээхэд өөрсдийн дуу хоолой,  шинэлэг санал санаачлагаа сонсгон таниулах боломжийг олгодогоороо онцлог юм. 

НҮБ-ын ХХААБ болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтарсан СКАЛА төсөл нь байгаль орчны чиглэлээр эн тэргүүнд тулгамдаад буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг боловсруулах, залуучуудыг татан оролцуулах замаар инновацлаг байдал болон туршилтын соёлыг төлөвшүүлэхээр зорин ажиллаж байгаа юм. Төслийн зүгээс 2023 оны 02-р сард Ази, Номхон далайн бүс нутаг дахь Камбож, Монгол, Балба, Тайланд зэрэг СКАЛА төслийн түнш орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг арилгахад чиглэсэн шинэлэг санааг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилгоор цахим хакатон зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь инновац, бүтээлч байдлыг онцлохыг зорьсон бөгөөд оролцогч баг бүр өөрсдийн өвөрмөц шийдлүүдийг танилцуулсан юм.

ХАКАТОН АЯЛАЛ

СКАЛА Хакатонд нийт 16 орны 76 баг оролцон өргөн хүрээнд зохион байгуулагдлаа. Нийт оролцогчдоос 11 орны шилдэг 16 багийг хамруулан тэдний чадавхыг бэхжүүлэх замаар өөрсдийн санаагаа хөгжүүлэн түрүүлэхэд түлхэц болохуйц ур чадварыг нэмэгдүүлэх нэг  өдрийн “hackathon bootcamp” сургалтанд хамрагдуулсан юм.   

Энэхүү чадавхийг бэхжүүлэх сургалтын дизайныг Байгалийн нөөцийн ажилтан Бөү Даемен (НҮБ-ын ХХААБ), Мэдээллийн технологийн ажилтан Сержио Богаззи (НҮБ-ын ХХААБ), Дижитал хөдөө аж ахуй, инновацын мэргэжилтэн Эрик ВанИнген (НҮБ-ын ХХААБ), Хурдасгуур лабын Шийдэл хариуцсан ахлах мэргэжилтэн, Розита Сингх (НҮБ-ын ХХ), Олон улсын инновацийн зөвлөх, чиглүүлэгч Жой Круз (Хязгааргүй лаб), гарааны бизнесийг дэмжих шинжээч Ниша Освал (НҮБ-ын ХХ) болон бүс нутгийн харилцааны мэргэжилтэн Седрик Монтейро (НҮБ-ын ХХ) нар уг хөтөлбөрийг боловсруулж, удирдан зохион байгуулсан юм.

Сургалтын камп (bootcamp)-д дизайны аргачлал, асуудал шийдвэрлэх, өгүүлэл, санал бодлоо хэрхэн үр өгөөжтэй байдлаар илэрхийлэх талаарх ур чадварын хичээлүүд багтсан. Багуудад туршлагатай сургагч багш, илтгэгчдээс суралцаж, бусад оролцогчидтой  харилцаа холбоо тогтоож, тэмцээнд дэвшүүлж буй санаагаа хангалттай сайн хөгжүүлэх боломжийг олгосноороо сургалтын камп онцлог байлаа. 

СКАЛА хакатон тэмцээний өдөр найман баг өөрсдийн санаагаа эцсийн  байдлаар танилцуулсаныг  гурван хүний бүрэлдэхүүнтэй шүүгчид шалгаруулсан. Танилцуулгын үеэр Тайландад зөгийн болон мөөгний аж ахуй нь агаарын тоосжилттой хэрхэн тэмцдэгээс эхлэн цагаан будааны аж ахуйд ус, бордооны хэрэглээг бууруулах талбарыг тодорхойлдог вэб-GIS хэрэгсэл хүртэлх олон төрлийн санаа, шийдлүүдтэй сонсож танилцав. Эхний шатны дараа шилдэг таван багийг эцсийн шатанд шалгаруулан үлдээсэн бөгөөд энэхүү санаануудыг энэ мэдээний дараагийн хэсэгт дэлгэрэнгүй байдлаар тайлбарлав. 

ХЭН ШИЛДЭГ ЯЛАГЧААР ТОДОРСОН БОЛ?…

Сүүлийн шатны шалгаруулалтын дараа шүүгчид финалд шалгарсан багуудын дундаас нэг ялагчийг тодруулсан нь Монголын Splicing баг байлаа.

Ялагчаар тодорсон багийн дэвшүүлсэн санаа нь малчин өрхийн мал сүргийн бүтцэд дүн шинжилгээ хийх замаар зохистой бүтэц, цаашдын боломжит нөхөн үйлдвэрлэлийн хэмжээг харуулахуйц малчдад зориулсан гар утасны аппликейшн (апп) хөгжүүлэх явдал байлаа. Монгол Улсын хүлэмжийн хийн ялгаралтын гол үүсвэрүүдийн нэг болох мал аж ахуйн салбарын менежментийг сайжруулах замаар малаас ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулах талаасаа уг санаа нь ач холбогдол өндөртэй юм. Учир нь хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбар нь Монгол улсын эдийн засгийн тулгуур салбар  бөгөөд 2020, 2021 онд ДНБ-ий 12.8 хувийг бүрдүүлсэн байдаг (Хөдөө аж ахуйн салбарын тайлан (ҮСХ), 2021).

Монгол Улсын малын тоо толгой 2022 онд 71 сая толгой малтай болж түүхэн дэх дээд хэмжээнд хүрсэн (Үндэсний статистикийн хороо, 2022 он). Бэлчээрийн доройтлоос сэргийлэхэд даацад тохирсон тоо толгойг барихад чиглэн төрөөс “Малын тоо толгойн албан татварын тухай”  тухай хуулийг санаачлан хэрэгжүүлж байна. Тус бодлогын хүрээнд малчдын малын тоог зохистой түвшинд барих замаар сүргийн бүтэц, нөхөн үйлдвэрлэлийг сайжруулах нь цаашлаад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх юм. Splicing багийн санал болгож буй гар утасны аппликейшн нь дээрх бодлогын хэрэгжилтэд чухал байр суурь эзлэх малын тоо, толгойн өсөлтөд дүн шинжилгээ хийх, зохистой сүргийн бүтцийн хувилбарыг малчдад санал болгосноороо бэлчээрийг доройтуулалгүй тогтвортой урт хугацаанд ашиглах боломжыг олгож байгаа нь мал аж ахуйн салбарын бодлогын хэрэгжилт, малчдын зах зээлийн оролцоог сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.

Splicing багийн санааны цаашдын гол хөгжүүлэлт нь Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-д тусгагдсан мал аж ахуйн салбараас ялгарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, хянахад тулгараад байгаа сорилтуудыг бодитоор шийдвэрлэх боломжийг санал болгож байгаагаараа онцлог юм.  Тиймээс энэхүү аппликейшнийг  хөгжүүлэн туршилтын журмаар хэрэгжүүлснээр, малчдын мэдээллийг Засгийн газраас ҮТХН-ийн хэрэгжилттэй холбоход тус болох юм.

Splicing багийн бүрэлдэхүүнд МААЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтанууд Н.Дашлхүндэв (багийн ахлагч)  Б.Оюунцацрал, Б. Нурмухаммет, Ж. Гантуяа болон  МААБС-ын багш Г.Ононтуул нар багтсан бөгөөд багийн гишүүд бүгдээр бэлчээрийн хяналт үнэлгээ, зохистой ашиглалт, мал аж ахуйн чиглэлээр салбартаа багагүй хугацаанд ажилласан туршлагатай судлаачид юм. Сүргийн зохистой бүтэц, нөхөн үйлдвэрлэлийн эргэлтийн прогнозыг тооцоолоход бэлчээрийн даацын үнэлгээ, төрөл бүрийн мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийн онцлог зэрэг мэдээллүүдэд дүн шинжилгээ хийх чадвар чухал бөгөөд энэ чиглэлийн одоогийн ашиглагдаж буй программыг зохион бүтээхэд оролцсон зарим судлаачид багийн бүрэлдэхүүнд байгаа нь гар утасны апп хөгжүүлэхэд дөхөм болох талтай.

НҮБ-ЫН ХХААБ, НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР МОНГОЛЫН БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

СКАЛА хакатон тэмцээнд оролцсон Монголын багуудтай 2023 оны 2-р сарын 28-ны өдөр НҮБ-ын ХХААБ-ийн суурин төлөөлөгч болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн төлөөллүүд уулзалт хийж, хакатоны явц, дараагийн алхмын  талаар чөлөөт байдлаар санал солилцон ярилцсан юм. 

Багийнхны зүгээс SCALA хакатон нь тэдний санааг бодитоор хэрэгжүүлэх боломж, гаргалгааг бий болгож өгсөн онцгой арга хэмжээ болсон хэмээн талархлаа  илэрхийлэв. СКАЛА хөтөлбөр тэдний санал болгож буй шийдлийг цаашид хөгжүүлэх 2.000 ам.долларын грант  шагналыг олгох юм. Мөн Splicing  баг нь гар утасны апп санаагаа хөгжүүлэх явцдаа нэмэлт санхүүжилтийг хайж байгаа юм байна.

Түрүүлсэн багийн мэдээлснээр малчдын 96 хувь нь гар утас ашигладаг (Үндэсний статистикийн хороо, 2022)  тул аппликейшнийг  алслагдсан бүс нутагт ч ашиглах боломжтой аж. Splicing баг гар утасны аппликейшнээ салбарын яамны (ХХААХҮЯ) бодлогын дэмжлэгтэйгээр  малчдад танилцуулах боломжтой хэмээн найдаж байгаа юм. Тиймээс ХХААХҮЯ-тай судлаачдын багийг холбож, цаашид хамтран ажиллахад нь НҮБ-ын ХХААБ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс анхаарал хандуулан ажиллахаар боллоо.

СКАЛА хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын ҮТХН-ийн газар ашиглалт, хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэх чиглэлд уур амьсгалын өөрчлөлтийн бодит арга хэмжээг  тодорхойлох ба  нүүрсхүчлийн хийн хөрсөн дэх шингээлтийг  хэмжих зөвлөмж боловсруулна. Түрүүлсэн багийн шийдэл болох мал аж ахуйн салбараас гарч буй хүлэмжийн хийн ялгарлыг үнэлэхэд чиглэсэн апп хөгжүүлэлтийн санаа нь биелэлээ олвол дээрх зөвлөмжийг боловсруулахад  чухал дэмжлэг болох юм.

БУСАД ШИНЭЛЭГ ШИЛДЭГ САНААНУУД

Хакатон тэмцээний шүүгчид шигшээнд шалгарсан Камбож, Индонез, Монгол, Балбын бусад дөрвөн багийн санааг ч мөн адил потенциал өндөртэй хэмээн үнэлж байсан юм. 

Камбожийн Kaksesor баг хакатон тэмцээнд оролцсон хамгийн залуу баг байсан бөгөөд каучук модноос резин цуглуулдаг савыг  аадар борооноос хамгаалахын  нейлоноор бүрхэх ба цаг агаарын мэдээг цуглуулах бололцоотой борооны дусал мэдрэгчийн системийг санал болгов.

Индонезийн Meaning Maker баг  уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг илүү сайн зохицуулах стратеги боловсруулах аналитик платформыг санал болгосон. Харин Монголын “Speck Materials” баг нь өтөг бууцны целлюлоз ашиглан байгальд ээлтэй аргаар цаас үйлдвэрлэн дотоодын 62.5 сая ам.долларын цаасны зах зээл гаргах саналыг дэвшүүлсэн.

Балбын LeadING баг төмсний аж ахуйд анхаарлаа хандуулж, хүнсний алдагдал, хүлэмжийн хийн ялгарлын асуудлыг багасгахын тулд хиймэл оюун ухаан, интернет, мэдээллийн дүрслэлийг ашиглах шийдэл гаргасан. 

НҮБ-ын ХХААБ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн СКАЛА хөтөлбөр бусад бүс нутагт залуустай уур амьсгалын өөрчлөлтийн шинэлэг шийдлүүдийг бий болгох, солилцох ирээдүйн санааг хэлэлцэхээс гадна, орон нутгийн иргэд хоршоодыг дэмжин ажиллаж байна.