“Эмэгтэй парламентчдын чуулган- 2024” Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилд "Эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал"

November 4, 2024
a group of people standing in front of a crowd posing for the camera
НҮБХХ

Улаанбаатар хот - 2024 оны 11 дүгээр сарын 4 - Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталсны зуун жилийн түүхэн арга хэмжээг тохиолдуулан “Эмэгтэй парламентчдын чуулган 2024” гурав дахь жилдээ Чингис хаан үндэсний музейд зохион байгуулагдлаа. Энэ жилийн чуулга уулзалт “Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал” уриан дор 100 жилийн улс төрийн хувьслын явцад эмэгтэй манлайлагчдын гүйцэтгэсэн үүрэг, ололт амжилт, тулгарч буй сорилтуудыг эргэцүүлэв. 

Тус чуулга уулзалтыг 2022 оноос эхлэн УИХ-ын Тамгын газар, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг хамтран БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-гийн санхүүжилтээр НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй ““Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж байна.

a group of people standing in front of a crowd
НҮБХХ

УИХ-ын дарга Д. Амарбаясгалан нээлтийн үгэндээ, “Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж, нэр дэвшигчийн жагсаалтыг хүйсээр сөөлжлөн бүрдүүлэхийг хуульчилсан явдал нь түүхэн үйл явц байлаа. Энэхүү тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд 9 дэх удаагийн парламентад анх удаа 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25.4 хувийг байгаа нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлж, дэлхийн дунджид ойртлоо. Энэ үр дүнд хүрэх зам дардан байгаагүй ээ. Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэнцвэрийг хангах ажлыг үе шаттай хийхэд парламентын түвшинд саналаа нэгтгэх, нээлттэй солилцох, ойлголтынхоо зөрүүг багасгах, бусдыг сонсох зэрэг зөвшилцлийн олон талт механизмыг ашигласан юм” гэв.

a group of people sitting at a table
НҮБХХ

КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан хэлсэн үгэндээ, “Энэ жил Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой тохиож байгаа нь түүхэн чухал мөч юм. Саяхан болж өнгөрсөн сонгуулийн үр дүн нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тэсвэр тэвчээр, тууштай байдлын үр дүн болж чадлаа” гэж тэмдэглэв. Мөн тэрээр улс төр дэх эмэгтэйчүүдийн дуу хоолойг бэхжүүлэхийн ач холбогдлын талаар онцлон, "Хэрвээ эмэгтэй улс төрчид хамтдаа сайн хууль тогтоож, төсвийн хэрэгжилтийг хянаж, Монголын нийгэм-эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж чадвал эдгээр эерэг жишээнүүд хуримтлагдаж, жендэрийн тэгш байдал илүү сайнаар тогтож чадна" гэв.  

a man and a woman standing in front of a microphone
НҮБХХ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска, УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, парламентын суудлын 25.4 хувийг эзэлж байгааг сайшаан  “Энэ жил Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангаж буй чухал жил болж байна. Иргэн бүр тэгш эрхээ эдлэх нийгмийг та бүхний хамтын хүчин чармайлтаар цогцлоож байна" гэв. Мөн тэрээр өдгөө өрнөж буй эрх зүйн шинэчлэлийн ач холбогдлыг дурдаад, “Парламентын түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах нь зөвхөн тоон үзүүлэлт биш юм. Энэ нь тогтвортой ирээдүйг цогцлоох үндсэн тулгуур багана юм" гээд шинэчлэлийн төлөө тууштай байж, эмэгтэй парламентчдын эв нэгдлийг бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо. 

Чуулганд УИХ-ын дарга, эмэгтэй парламентын гишүүд, улс төрийн намуудын төлөөлөл, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөл, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл зэрэг 170 орчим төлөөлөгч оролцлоо.

***

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

О.Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБХХ | erdenesukh.otgonbayar@undp.org