Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн хүрээнд мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлж байна

November 1, 2023
НҮБХХ

Улаанбаатар хот, 2023 оны 11 сарын 2  Канад улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид өнөөдөр хүний нөөцийн удирдлага, жендэрийн эрх тэгш байдал, ёс зүйн чиглэлийн хэд хэдэн санаачилгуудад амжилттай хамрагдсан Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллалаа. Тус санаачилгуудыг Канад улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн юм.

Уг төсөл нь 2018 оноос 2023 оны хооронд амжилттай хэрэгжсэн ба хууль эрх зүйн болон бодлогын орчныг бэхжүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, жендэрийн эрх тэгш байдал, төрийн удирдлагын гүйцэтгэлийг хянах чиглэлүүдэд Монгол Улсын төрийн албаны шинэтгэл болон 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой. 

Уулзалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, төрийн албаны шинэтгэлийн гол зорилго болох мерит зарчимд суурилсан тогтвортой, мэргэшсэн төрийн албыг бэхжүүлэхэд төслийн зүгээс үзүүлсэн чухал хувь нэмрийг онцлон тэмдэглэсэн юм. 

НҮБХХ

Төслийн хүрээнд олон тодорхой, бодит үр дүнгүүд бий болсны дунд, мерит зарчимд суурилсан хүний нөөцийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, төрийн албаны тухай хуулийн (2017) хэрэгжилтэд хяналт тавих, хүний нөөцийн үйл ажиллагааг хянах 12 журмын боловсруулалт, чадамжийн хүрээний боловсруулалт, удирдах албан тушаалд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх, нэгтгэх зэрэг ажлууд багтаж байна.  

Канад улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүргийг хамаарагч Сандра Шуфани “Төслийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон эерэг өөрчлөлтүүдийг харахад таатай байна. Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт үзүүлж буй дэмжлэгийн хүрээнд хэрэгжүүлсэн эдгээр санаачилгууд нь Монгол Улсын төрийн албанд үндэсний хэмжээнд өөрчлөлтийг авчрах хурдасгуур болно хэмээн найдаж байна” хэмээв. 

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Хатагтай Матильда Димовска Элчин сайдын үүргийг хамаарагч Сандра Шуфанитай санал нэгдэн, “Энэхүү санаачилгууд нь Монгол Улсын төрийн албыг илүү тогтвортой болгоход, дараа үеийн эмэгтэй манлайлагчдыг бэлтгэхэд мөн хүний нөөцийн удирдлагыг улам боловсронгуй болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт бид итгэлтэй байна” гэв. 

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу. 

Нэмэлт мэдээллийг:

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | erdenesukh.otgonbayar@undp.org 

НҮБХХ