Манлайлагчдыг хүйсээр нь тодорхойлсоор байх уу?
January 24, 2024
Манлайлагч эрэгтэйчүүд. Манлайлагч эмэгтэйчүүд.
Тэднийг ингэж хүйсээр нь тодорхойлох бус зүгээр л “манлайлагчид” гэх ёстой биш бил үү?
Үг бол гэдэг нь аливааг илэрхийлээд зогсохгүй, бидний далд ухамсарт буй үзэл бодол, итгэл үнэмшлийн илрэл болж байдаг хүчтэй зэмсэг. Тэр ч утгаараа манлайлагчдыг хүйсээр тодорхойлох нь эргээд манлайлагч хүн хэн байх ёстой вэ хэмээх хүмүүсийн далд ухамсарт хүчтэй нөлөөлж буй.
2023 оны байдлаар дэлхийд 10 хүн тутмын 9 нь эрэгтэй, эмэгтэй хүйсийн тухайд хамгийн багадаа нэг өрөөсгөл ойлголттой байдгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн судалгаанд өгүүлсэн байдаг. Харин Монгол Улсад энэхүү тоон үзүүлэлт нь бараг арваас арав хэмээх үзүүлэлтэд дөхсөн байгаа нь эмзэглүүштэй.
Хүйсийн талаарх хэвшмэл ойлголтуудыг улам бүр дэвэргэж байдаг уламжлалт хэм хэмжээнүүдийг өөрчлөх зорилготой санаачилгууд сүүлийн жилүүдэд Монгол Улсад, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод улам идэвхжиж байгаа нь сайшаалтай. Харин энэхүү санаачлагуудын эрчийг нэмж орон даяар тэр дундаа хэвшмэл ойлголтууд илүү түгээмэл байдаг орон нутгийн хэмжээнд хүргэх хэрэгцээ яалт ч үгүй байсаар байна.
Эдгээрийн нэг тод жишээ бол “Эмэгтэйчүүдийн Манлайллын Сүлжээ” юм. Өдгөө 2,000 гаруй гишүүнтэйгээр орон даяар үйл ажиллагаагаа явуулж байгаа тус сүлжээ БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА) болон НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй төслийн санаачилгаар байгуулагдсан.
Тус сүлжээнд нэгдсэн эхний таван аймгийн нэг нь бол Архангай аймаг. 2022 онд үүсгэн байгуулагдсанаас нь хойш тус аймгийн манлайлагчид манлайлах ур чадвараа нэмэгдүүлэх чиглэлээр бие биедээ туслан, заан зөвлөж илүү олон манлайлагчдыг шийдвэр гаргах түвшинд ажиллахад дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.
Архангай аймаг дахь Манлайллын сүлжээний дугуйлангийн үүсгэн байгуулагч, зохицуулагчдын нэг бол Б. Батцэцэг. Тэрээр орон нутаг, улсын хэмжээнд олон жил ажилласан туршлагатай улс төрчдийн нэг аж. Манлайллын талаарх олон нийтийн үзэл бодол, хандлагыг өөрчлөх нь хамгийн том сорилт бэрхшээл болоод байгаа учраас үүнийг шийдвэрлэхэд бүх талуудын идэвхтэй хамтын оролцоо, хүчин чармайлт шаардлагатайг тэр онцолж байлаа.
“Бид сүлжээгээрээ дамжуулан эрэгтэй болон эмэгтэй хүйсийн аль алинд байдаг жендэрийн хэвшмэл ойлголтыг эвдэх чиглэлээр орон нутагтаа ажиллаж байна. Үүний тулд бид шийдвэр гаргах түвшний ажил үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай арга хэрэгсэл, чадваруудаар дамжуулан эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих хэрэгтэй” хэмээн тэр нэмж дурдлаа.
Үнэхээр л Архангай аймагт өөрчлөлт алгуурхнаар гарч эхэлжээ. Тэр дундаа залуу манлайлагчдын дунд. Монгол Улсын нийт хүн амын гуравны хоёрыг 35-аас доош насны залуучууд бүрдүүлдэг тул шийдвэр гаргах үйл явцад тэдний оролцоо идэвхитэй байх нь чухал ач холбогдолтой.
“Би хэвшмэл ойлголтууд дунд хүлэгдэж амьдрахыг хүсдэггүй. Эмэгтэй хүн гэхээрээ л нүүрээ будаж, гоё ганган хувцас өмсөх шаардлагатай болчихдог. Гоё хувцас өмсөж, нүүрээ будсан ч гэсэн, муухай будаж өөрт тохироогүй хувцас өвсвөл дахиад л хүмүүст шүүмжлүүлнэ. Тийм ч учраас би илүү минималист хувцаслаж, ажил дээрээ ч, олон нийтийн газар ч нүүрээ будаж явдаггүй тэр нь надад тухтай байдаг. Ингэж байж хэн нэгэнтэй харьцуулагдахгүй, нэг ч гэсэн зүйлд санаа зовохгүй байж чаддаг. Сүлжээнд хамрагдсанаар би өөрийнхөө манлайлах чадварт илүү итгэлтэй болж, улс төрд хандах хандлага маань сайн тал руу өөрчлөгдөж байгаа” хэмээн Сүлжээний гишүүн, байгаль орчин хамгааллын мэргэжилтэн Б. Цэрэнлхам онцоллоо.
Түүний адил Архангай аймгийн залуу манлайлагчдын бас нэгэн төлөөлөл бол Г. Баярцэцэг. Анх Сүлжээний зохицуулагчаар ажиллаж эхэлснээсээ хойш тэр сүлжээнийхээ гишүүдэд хувь хүний хөгжлийн ур чадвараа ахиулахад нь дэмжлэг үзүүлэх байдлаар дэмжлэг үзүүлж явна.
Манлайллын сүлжээгээр дамжин Архангай аймагт олон эерэг өөрчлөлт, үр дүнгүүд гарна гэдэгт итгэлтэй байдаг ч сорилт, бэрхшээлүүд ч олон байгаа гэж тэр хэллээ.
“Миний анзаарсан зүйл бол эмэгтэйчүүд улс төр, шийдвэр гаргах түвшний ажил сонгох болоход томоохон зориг гаргаж, эрсдэл туулах хэрэгтэй болдог. Яагаад гэвэл эмэгтэй хүн удирдах, манлайлах түвшний ажилд томилогдоход эсвэл сонгогдоход тухай хүний хувийн амьдрал болоод гэр бүл нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад олны хараа хяналтанд илүү өртөж эхэлдэг. Энэ нь тэдний өдөр тутмын амьдралд ихээхэн хүндрэл учруулдаг” тухай тэр мөн нэмж хэллээ.
Энэ нь амаргүй зүйл гэдэгтэй санал нийлсэн дараагийн манлайлагч бол нийгэмд нөлөө бүхий төдийгүй дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэдэг хэвлэл, мэдээллийн салбарт хүчин зүтгэж буй Х.Цэвэгмид. Сүлжээнд нэгдсэнээс хойш түүний улс төр, манлайллын талаарх үзэл бодол хэрхэн өөрчлөгдөж буй тухайд, “Би мэдээ, контент бэлтгэхдээ эх сурвалжийн хүйсийн тэнцвэрт байдлыг хангахад анхаарч ажилладаг. Энэ нь миний хэвлэл мэдээллийн салбар дахь жендэрийн талаарх өрөөсгөл, хэвшмэл ойлголттой тэмцэж буй арга зам” гэж боддог тухайгаа тэр ярив.
Жендэрийн тогтсон хэм хэмжээ, хэвшмэл ойлголт нь дэлхийн асуудал. Эмэгтэйчүүдийн хийх ёстой үйлдэл, байх ёстой байдлыг тодорхойлон тогтоох замаар тэдний сонголт, боломжийг хязгаарлаж байдгаараа түүний хор хөнөөл нь асар их.
Архангай аймагт багын найзууд болох Р. Оюунбилэг, Ч. Уранцэцэг хоёр тэтгэвэртээ гарсны дараагаар сүлжээнд нэгдэж, жендэрийн тогтсон хэм хэмжээ, хэвшмэл ойлголтуудыг эвдэхэд хамтран зүтгэж байна.
“Сүлжээний үйл ажиллагааны үр дүнд эмэгтэйчүүд бие биенээ илүү дэмждэг болоосой. Тэгж байж л томоохон өөрчлөлтийг авчрах нөлөөллийг үүсгэж чадна” гэж боддог тухайгаа Ч. Уранцэцэг онцолсон бол Р.Оюунбилэг, “Эмэгтэй хүн удирдлагын түвшний ажил эрэлхийлэх үед гэр бүл, нэр хүндтэй холбоотой асуудлыг ярьж зүрх сэтгэлийг нь мохоолгүй, харин ч тэднийг дэмжин, “Чи чадна аа”, “Би чамайг дэмжинэ ээ” гэх мэт үгсээр урам зориг хайрладаг хандлагатай байгаасай гэж хүсэж байна” гэсэн юм.
Архангай аймгийн эдгээр манлайлагчдад тулгамдаад буй асуудлууд нь дэлхий нийтэд тулгараад буй сорилтуудаас хол зөрөхгүй. Гэвч манлайллын сүлжээний орон нутгийн дугуйлангаараа дамжуулан хамтдаа нийгмийн хэм хэмжээ, хэвшмэл ойлголтуудыг эвдэх чиглэлээр тэмцэж буй тэднийг хараад урам зориг авахгүй байхын аргагүй.
Монгол Улс төдийгүй дэлхийн нийтээрээ манлайлагчдыг хүйсээр нь биш харин ур чадвар, мэдлэг боловсролоор нь үнэлж дүгнэх цаг аль хэдийн болсон.
Тиймээс хүн бүр дор дороо манлайллыг хүйсээр биш мэдлэгээр хэмжих энэ өөрчлөлтийн давалгаанд хүч нэмж, нэгэн хэсэг нь байцгаая.