Монголын говьд цөлжилттэй тэмцэж буй туршлага: Нөхөн сэргээлт ба даван туулах арга хэмжээ

November 28, 2024
a man holding a sign

Саудын араб улсын нийслэл Эр-Рияд хотноо тун удахгүй зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 16 дугаар (COP16) бага хурлаар дэлхий нийтийн өмнө тулгарч буй томоохон сорилтуудын нэг болох ган, цөлжилт, газрын доройтол болон манай гаригийн экосистемийн ирээдүй тухай авч хэлэлцэх гэж байна. “Бидний газар, Бидний ирээдүй” уриан дор нэгдэн чуулж буй хурлын зорилго нь газрыг нөхөн сэргээхэд дэлхий нийтийн хүчин чармайлт, арга хэмжээг эрчимжүүлэхэд оршино. 

Иймээс энэхүү хурал нь уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс үүдэлтэйгээр ган, цөлжилтөд өртөж буй улс орнууд болон Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой.  Эдгээр сорилтуудыг шийдвэрлэхэд Монгол улсын хүчин чармайлтыг ахиулах хүрээнд Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл орон нутгийн иргэд, малчидтай хамтрах замаар хүн, байгалийн нэгдмэл системийг хадгалан хамгаалах, экосистемийг нөхөн сэргээх, тогтвортой амьжиргааг сайжруулахад бодит дэмжлэг үзүүлж байна. Энэхүү хүрээнд цөлжилтийг сааруулахад чиглэсэн төслийн  хэрэгжүүлсэн үр дүнтэй арга туршлагуудаас хөдөөгийн малчдын даван туулах чадварыг нэмэгдүүлэх, аж амьдралыг дээшлүүлэхэд гаргасан хэд хэдэн ахиц дэвшлийг онцолж байна. 

map

Монгол орны цөлжилтийн зураг (2020 он)

НҮБХХ

Доройтож буй газар нутаг

Монгол орон газар зүйн байрлал, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээсээ хамааран дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эрчимтэй өртөж буй 10 орны нэг болсон.  Сүүлийн 80 жилийн уур амьсгалын үндсэн үзүүлэлтийн ажиглалтаар жилийн дундаж агаарын температур 2.26 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ ихээхэн буурч байгаа нь цөлжилтөд илүү эмзэг болж байгааг илтгэнэ. 2020 оны байдлаар, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувьд цөлжилт, газрын доройтол их, бага хэмжээгээр илэрсэн бөгөөд цөлжилт эрчимтэй явагдаж байгаа бүс нутгуудад Монголын нүүдэлч малчдын аж амьдралын эх үүсвэр болсон газрууд  илүүтэй өртөж байна. 

Ялангуяа, байгалийн өвөрмөц унаган төрх, дэлхийд ховордсон зэрлэг амьтан, ургамлын зүйлээр нэн баялаг Монголын говь нутаг илүү өртөж байна. Хэдэн арван зууны туршид нүүдэллэн амьдарч, бэлчээр нутгаа шүтэн идээшилж ирсэн энэ бүс нутагт уур амьсгалын өөрчлөлт болон газар ашиглалтын зохисгүй үйл ажиллагааны үр дагавар тод ажиглагдсаар. Тиймээс, Монгол орны говь цөлийн бүс нутагт илрэх сөрөг нөлөөллийг бууруулах, бүс нутгийн төлөөлөл болох экосистемийн хэв шинж, зэрлэг амьтан, ургамлын амьдрах, ургах орчныг хамгаалах, хүн ардын эрүүл, амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлэх асуудал нэн чухлаар тавигдаж байна. 

a cow walking across a sandy beach

Төслийн хүрээнд говийн зэрлэг амьтны нэг Хар сүүлт зээрийн хамгааллыг сайжруулах зорилгоор сансрын дохиололтой хүзүүвч зүүж мэдээлэл цуглуулах судалгааны ажлыг хийж байна.

НҮБХХ

Экосистемийг нөхөн сэргээх, биологийн олон янз байдлын хамгаалал

Цөлжих, доройтох үйл явцыг сааруулах чиглэлд төслийн хэрэгжүүлж буй гол санаачилгуудын нэгт бэлчээрийн тогтвортой менежмент хамаарна. Тухайлбал, Говийн бүс нутаг шинээр 120 малчдын бүлэг, нөхөрлөлийг байгуулж бэлчээрийн даац ачааллыг бууруулахад малын тоо толгойг багасгах зорилт тавьж “Бэлчээрийн менежментийн 5 жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнгээр 2023 онд төсөлд хамрагдсан малчид малын тоогоо 23,4 хувиар бууруулсан нь төсөлд хамрагдаагүй малчидтай харьцуулахад 13,3 хувиар илүү үзүүлэлт боллоо. Малын тоо буурснаар бэлчээрт үзүүлэх дарамт багасаж, илүү эрүүл бүтээмжит бэлчээр сэргэхэд хувь нэмэр үзүүлдэг.  Мөн түүнчлэн, малчдын аливаа байгалийн гамшиг үзэгдлүүд болох ган, зудыг тэсвэрлэх, түүнийг даван туулах чадварыг сайжруулах зорилгоор хамтын хөрөнгө оруулалтын сан үүсгэх санаачлагыг туршин амжилттай  хэрэгжүүллээ. 

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын “Алтан гадас” малчны бүлгийн малчин Ж.Донойбямба, “Төслийн дэмжлэгээр манайх айл саахалт, ах дүүтэйгээ нэгдэн бүлэг байгуулж сумын байгаль хамгаалагчтайгаа хамтраад өөрсдийн ашиглаж буй бэлчээрийнхээ хилийн зэсийг тогтоон тогтвортой ашиглаж хамгаалах төлөвлөгөө боловсруулсан, түүнчлэн цаг хүндэрсэн үед зэрлэг ан амьтдыг хамгаалах, худаг гаргах, булаг, шандын эхийг хаших ажлуудыг хамтын хүчээр хийдэг болсон.

Энэ төрлийн хүн төвтэй, орон нутгийн иргэдэд түшиглэсэн арга барил нь газар өмчлөл, ашиглалтыг тэгш, хүртээмжтэй хангахад чухал үр нөлөөтэй гэдгийг харуулж байна. Малчдын бүлгийг дэмжих санаачилгад хамрагдаж байгаа 1899 малчид дунд малынхаа чанарыг сайжруулах, биологийн олон янз байдал, бэлчээрийн зохистой ашиглалт, хамгааллыг хэвшүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо чухал байр суурь эзэлдэг.  Малчид бүлэг, нөхөрлөлийн зохион байгуулалтад орсноор нийтийн эрх ашиг, хариуцлагын тогтолцоог бий болгон, бүх гишүүдийн хурлыг тогтмол зохион байгуулж хамтын оролцоотой газар ашиглалтын төлөвлөгөө гаргах зэрэг асуудлуудыг хэлэлцэн хэрэгжүүлдэг болсон. 

Бэлчээрийн менежментээс гадна, зэрлэг амьтдын чухал орон зай нүүдэл, шилжилт хөдөлгөөний коридор нутгийг тусгай хамгаалалтад авч биологийн олон янз байдлыг хамгаалахад дэмжлэг үзүүлж байна. Өнөөг хүртэл төслийн дэмжлэгтэйгээр 1,2 сая га газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авснаас говийн бүс нутагт 850,000 га талбай бүхий 18 газар нутгийг шинээр баталгаажууллаа. Энэ бол зөвхөн газар нутгийг дархлан тунхаглах тухай асуудал  бус харин тухайн экосистемд чухал үүрэгтэй Цоохор ирвэс, Аргаль хонь, Хар сүүлт зээр зэрэг ховор, нэн ховор амьтдын оршин байх баталгааг хангаж байгаа явдал юм. 

Энэ тухайд “Байгаль хамгаалах хамгийн шилдэг шийдэл бол газар нутгийг тусгай хамгаалалтад авах явдал юм” гэж шинжлэх ухааны доктор Б.Оюунгэрэл хэлсэн байдаг.
a tree next to a body of water

Заган ой хамгаалал

НҮБХХ

Заган ой хамгаалал

Монгол орны өргөн уудам говь цөлийн бүсэд ой үүсгэж ургадаг цорын ганц мод болох заг нь экосистемийн бас нэг чухал бүрэлдэхүүн. Заг мод элсийг тогтоон барих, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах болон тухайн бүс нутгийн  экосистемийг зохицуулах үйлчилгээний үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл сүүлийн 20 жилийн хугацаанд заган ойн тархалт хумигдаж, нөөцийн хувьд хомсдож, доройтож байна. Энэ нь зөвхөн газрын бүтээмжит байдлыг алдагдуулаад зогсохгүй бэлчээр нутаг болон байгалийн бусад нөөцөөс шууд хамааралтай нутгийн иргэдийн амьдралд сөрөг нөлөөлөх боллоо.

Тэгвэл энэ чиглэлд, 2020 оноос эхлэн төслийн зорилтот бүс нутагт орон нутгийн иргэдийн оролцоотойгоор доройтсон заган ойг хашиж хамгаалах замаар байгалийн сэргэн ургалтыг дэмжих арга хэмжээг 400 орчим га талбайд эхлүүлж сайн үр дүнд хүрээд байна. Хашаалсан талбайд заг модны нягтшил, биомасс нэмэгдэж, карбоны нөөц нэмэгдэж байгаа зэрэг нь заган ойн байгалийн аясаар нөхөн сэргэж байгааг харуулж байна. Энэхүү хамгааллын арга хэмжээ нь говийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, бүс нутгийн хэмжээнд нүүрсхүчлийн хийн шингээлтийг сайжруулах болон газрын доройтлыг бууруулахад чиглэсэн чухал ажил болж байна. 

Тогтвортой амьжиргаа

Анхаарах бас нэгэн чухал бэрхшээл бол малчдын амьжиргааг газар, байгалийн нөөцөөс шууд хамаарах хамаарлыг бууруулах, орлогын нэмэлт эх үүсвэрийг бий болгох урт хугацааны шийдлүүдийг хэрэгжүүлэх явдал юм. Энэ хүрээнд богино хугацаанд малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, бэлчээрийн ачааллыг бууруулах, нөхөн сэргээх зорилготой хурга махлуулах санаачилга үр дүнтэй туршлага болж байна. Ингэснээр бэлчээрт байх малын тоог 15-20 хувь хүртэл бууруулах боломжтойг баталгаажуулсан.

Түүнчлэн, хөдөө аж ахуйн эдийн засгийн гол салбарын нэг ноосны үйлдвэрлэлд нэмүү өртөг шингээхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Цахилгаан хайчаар хонины ноос хяргах сургалтад малчдыг хамруулснаар ноосны гарц, үнэ цэн нэмэгдүүлсэн. Тухайлбал, 2022 онд суралцагчид дэвшилтэт технологи ашиглан 7080 кг ноос хяргаж, ангилан үндэсний ноос боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн. Ийнхүү дэвшилтэт технологи ашиглан хонины ноосыг хяргах, ангилан ялгах нь уламжлалт гар хайчаар ноос хяргадгаас өдрийн бүтээмжийг 10 дахин нэмэхээс гадна ноосны чанар, гарцыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Мөн энэхүү сургалтад хамрагдсан малчид Шинэ Зеланд улсад цалинтай дадлагажих хөтөлбөрт хамрагдан орлого, ур чадвараа дээшлүүлэх замыг нээж өгсөн юм. 

a sunset over a dry grass field

Бэлчээр нутаг

НҮБХХ

Ирээдүйн төлөөх түншлэл

“Газар. Бидний өдөр тутам алхаж, хооллож, хувцаслан бас орогнох орон зай. Мөн бидний эдийн засаг, нийгмийн амьдрал, амь амьжиргааны тогтвортой байдлыг хангагч. Өнөөдөр газар нутгийн маань ирээдүй эргэлтийн зааг дээр байна. Гэхдээ, бидэнд үржил шимт газрыг эргүүлэн бүтээх хүч боломж бий. Иймээс түүнд зориулах хөрөнгө оруулалт, хүчин чармайлтаа нэмэгдүүлэх шаардлагатай.”-COP 16 уриалга

Тун удахгүй болох гэж буй COP 16 хурлыг угтуулан Монгол Улс “ENSURE” зэрэг газар хэмээх чухал экосистемийн хүрээнд хэрэгждэг төслүүдээрээ дамжуулан олон улсын хамтын нийгэмлэгүүдэд уриалга хүргүүлж байна. Газрын тогтвортой менежментийн сайн туршлагыг орон нутгийн иргэдэд түшиглэсэн арга барилтай хослуулснаар зөвхөн цөлжилт, газрын доройтлыг сааруулах төдийгүй илүү тэсвэрлэх чадвартай, ногоон ирээдүйг бий болгох замыг нээж байгаа нь төслийн онцлог тал болно. 

Нөхөн сэргэсэн бэлчээр нутаг, тогтвортой амьжиргааг хангахад хүрсэн үр дүн нь байгаль орчны хамгаалал болон хүний хөгжлийн харилцан хамаарлын тогтвортой тэнцвэрийг хангах, цөлжилтийн хор хохирлыг арилгах боломжийг зөв дэмжлэгээр хангах боломжтойг харуулж байна. Мөн, газрыг нөхөн сэргээх гэдэг зөвхөн технологийн арга хэмжээ биш харин хүний хөгжил, хүний сайн сайхан амьдрахтай нягт холбоотой гэдгийн жишиг байдлаар харуулж байна. 

Монголын говь түүнийг хүрээлэн орших байгалийн бүсүүд нь Дэлхийд ховор ховордсон зэрлэг амьтан, ургамлын зүйл оршин амьдрах уугуул нутаг орон төдийгүй хамгийн том тал хээрийн экосистемийн төлөөлөл гэдэг утгаараа даян дэлхийн үнэт өв бөгөөд түүнийг хамгаалах зайлшгүй шаардлагатай юм. Энэ ч утгаараа зөвхөн нэг улс үндэстний хүчин чармайлт хангалттай биш бөгөөд нийтийн хамарсан далайцтай үйл ажиллагаа чухал юм.