Монгол Улсын хөгжилд цэвэр эрчим хүчний ач холбогдлын тухай мэргэжилтнүүд хэлэлцлээ

January 25, 2024
НҮБХХ

Улаанбаатар хот, 2024 оны 1 сарын 26 – Өнөөдөр, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр “Цэвэр эрчим хүч Монгол Улсын хөгжил дэвшилд” сэдэвт мэргэжилтнүүдийн дугуй ширээний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэг нь Тогтвортой Хөгжлийн Зорилго (ТХЗ) 7 буюу “Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх” зорилгын хэрэгжилтийг дэмжих хүрээнд энэ оноос жил бүр онцлон тэмдэглэхээр болоод буй “Олон Улсын Цэвэр Эрчим Хүчний Өдөр”-ийн хүрээнд болж буйгаараа онцлогтой. 

Хэлэлцүүлэгт бодлого боловсруулагчид, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид болон хувийн хэвшлээс мэргэжилтнүүд болон төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын цэвэр эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй сорилт бэрхшээл болон боломжит шийдлүүд мөн сэргээгдэх эрчим хүч рүү шилжих шилжилтийг бүгдэд эрх, тэгш хүртээмжтэй байлгах нь яагаад чухал зэрэг олон сэдвүүд хэлэлцүүлгийн үеэр хөндөгдөв.   

НҮБХХ

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал (COP28)-ын үеэр дэлхийн улсууд малтмал чулуужсан түлшний хэрэглээнээс тогтвортой эрчим хүчний эх үүсвэр рүү шилжих шаардлагатайг онцлоод байгаа билээ. Тэр тусмаа эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлын 90 гаруй хувийг нүүрсний буюу дулааны цахилгаан станц бүрдүүлдэг Монгол Улсад энэ шилжилтийг хийх нь нэн чухал гэдэг мэргэжилтнүүд санал нэгдэж байв.

Монгол Улсын Засгийн газар нь 2015-2030 оны хооронд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-доо 2023 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд эзлэх хувийг 20% хүртэл, 2030 он гэхэд 30% хүртэл нэмэгдүүлэх зорилт тавиад байна. Түүнчлэн, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралыг 22.7% -иар бууруулах зорилт тавиад буй. 2020 оны байдлаар Монгол Улсын нийт хүлэмжийн хийн ялгаралын 44.78%-ийг эрчим хүчний салбар бүрдүүлж байгаа тухай НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Суурь конвенц (НҮБ УАӨСК)-ийн Үндэсний Хоёр Жил тутмын хоёрдугаар тайланд мөн дурдсан. 

НҮБХХ

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска эрчим хүчний салбарын сорилтуудыг шийдвэрлэхэд нягт хамтын ажиллагааны чухлыг онцлоод "Цэвэр эрчим хүчний шилжилт нь Монгол Улсад төдийгүй дэлхийд тогтвортой ирээдүйг бий болгоход зайлшгүй шаардлагатай. Энэхүү шилжилтийн хэрэгцээ шаардлага нь эдийн засгийн сорилтуудаас илүү  эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд, эрчим хүчний хараат байдлыг бууруулахад болон тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм” хэмээлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд Монгол Улсын цэвэр эрчим хүчний салбарыг хөгжүүлэх санхүүжилт, түншлэлийн чухал ач холбогдлыг онцлон, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, хувийн хэвшлийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх талаар мөн хэлэлцсэн. Хэлэлцүүлгийг “Mongolian Economy” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Д. Бэхбаяр чиглүүлж, зочдоор Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, URECA ХХК, Азийн хөгжлийн банк, Хас банк, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төвийн төлөөллүүд оролцлоо.

 

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр |  erdenesukh.otgonbayar@undp.org

НҮБХХ