НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Иргэний нийгмийн зөвлөх хороо хуралдлаа

February 26, 2024
НҮБХХ

Улаанбаатар – 2024 оны 2-р сарын 27: Өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (НҮБХХ) Иргэний нийгмийн зөвлөх хороо (ИНЗХ)-ны 2024 оны анхны уулзалт боллоо. Уулзалтын үеэр хорооны гишүүн байгууллагууд энэ оны хамтын ажиллагааны боломжит чиглэл болон үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн тодорхойллоо. 

2023 онд байгуулагдсан тус хороо нь жендэрийн тэгш байдал, залуучууд, хэвлэл мэдээлэл, сэргээгдэх эрчим хүч, засаглал, малчид, байгаль орчин, дижиталчлал, тогтвортой санхүүжилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зэрэг салбар, салбартаа далайцтай ажил хийж хэрэгжүүлж буй иргэний нийгмийн байгууллагуудын гишүүнчлэлээс бүрддэг.

ИНЗХ нь НҮБХХ болон Иргэний нийгмийн байгууллагуудын хоорондын зөвлөлдөх үйл явцыг системчлэх зорилгоор байгуулагдсан байгууллагын механизм бөгөөд НҮБХХ-д бодлого боловсруулах, иргэдийн оролцоог дэмжих, түншлэлийг бэхжүүлэх, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах зэрэг чиглэлийн хүрээнд зөвлөмж болон дэмжлэг үзүүлэн ажилладаг. 

Монгол дахь НҮБХХ нь иргэний нийгмийн байгууллагуудтай хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлах зэрэг өргөн цар хүрээнд олон жилийн турш идэвхтэй хамтран ажилласаар ирсэн. Тухайлбал НҮБХХ нь 2023-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх хөгжлийн туслалцааны баримт бичгийг боловсруулах үйл явцдаа иргэний нийгмийн байгууллагуудтай зөвлөлдөж, тэдний үзэл бодол, дуу хоолойг тусган ажилласан. 

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска

НҮБХХ

Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлж, хүртээмжтэй байдлыг дэмжин, нийгмийн ялгаатай байдлыг бууруулахад иргэний нийгмийн байгууллагууд чухал үүрэгтэйг онцлоод, 

“Монгол Улсын иргэн бүрд эрх тэгш, хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгох зорилгын хүрээнд хорооны гишүүдтэй мэдлэг мэдээлэл, туршлага ур чадвараа нэгтгэн цаашдаа ч мөн нягт хамтран ажиллах болно” гэв. 

НҮБХХ-ийн ИНЗХ-ны хамтран даргалагчаар МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээний Ерөнхий зохицуулагч Д. Энхжаргал ажилладаг ба хорооны гишүүдийг “Faro Foundation Mongolia” ТББ, Бодлогод залуусын хяналт ТББ, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагуудын шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл, Монголын байгаль хамгаалагчдын холбоо, НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо зэрэг байгууллагууд бүрдүүлж байна.

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр |  erdenesukh.otgonbayar@undp.org

МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээний Ерөнхий зохицуулагч Д. Энхжаргал

НҮБХХ