БНХАУ-ын Олон улсын Хөгжил хамтын ажиллагааны үндэсний агентлаг болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Монгол Улсын ойн түймэртэй тэмцэх чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна
December 11, 2024
Улаанбаатар хот, 2024 оны 12 сарын 11 – Монгол Улсын ойн санг хамгаалах, ойн түймэр унтраах анхан шатны нэгжүүдийн чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд БНХАУ-ын Олон улсын Хөгжил хамтын ажиллагааны үндэсний агентлаг (CIDCA)-ийн “Дэлхийн хөгжил ба Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны сан” санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсын ногоон сэргэлтийн бодлогыг дэмжих ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах нь” төслийн зүгээс 350,000 ам.доллартой дүйцэхүйц гал унтраах тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт хүлээлгэн өглөө.
Төслийн хүрээнд нийт 16 аймгийн 700 ойн нөхөрлөлүүд, 38 орон нутгийн ойн ангиудын 1,500 гаруй хүмүүс гал унтраах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, хамгаалалтын тусгай хувцсыг хүлээлгэн өгч буй бөгөөд ойн түймэр унтраах анхан шатны нэгжүүдийн ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэн ажиллаж байна. Түүнчлэн, эдгээр анхан шатны нэгжүүдэд бүрэн хэмжээний сургалт орох, ойн түймрийн загвар зураг болон ойн түймрийн менежментийн санхүүжилтийн төлөвлөгөөг боловсруулан гаргах ба 2025 оны 2-р сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. Энэхүү дэмжлэг нь ойн түймрийг урьдчилан таамаглах, тайлагнах үр дүнтэй системийг бэхжүүлж, Монгол Улсын ойн санг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж байгаа юм.
2020 оны байдлаар Монгол Улсын нийт газар нутгийн 7.96 хувийг ойн сан бүрдүүлж байгаа бөгөөд Монгол Улс “Тэрбум Мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус хувийг 9 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Зөвхөн 2022 онд 1.64 сая га ой нь ойн түймэрт өртсөн байна. Мөн ойн түймрийн давтамж 2021-2023 онд өсөн нэмэгдсээр байгаа нь орон нутгийн иргэд, зэрлэг амьтад болон байгаль орчинд ноцтой аюул учруулж байна.
Монгол оны ойн бүсийн 30 гаруй хувийг хариуцан хамгаалдаг ойн бүс нутгийн гал түймэр унтраах анхан шатны нэгжүүдийг чадавхжуулснаар тус санаачилга нь ойн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх юм.
Үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б. Оюунсанаа “Өнөөдөр хүлээн авч буй энэхүү тоног төхөөрөмж, ойн түймэртэй тэмцэх сургалтууд нь Монгол орны ойн санг хадгалан хамгаалж, нөхөн сэргээхэд чухал ач холбогдолтой. Энэхүү чухал санаачилгыг бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлж буй БНХАУ-ын Засгийн Газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт талархал илэрхийлж байна” гэв.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань “Энэхүү төсөл нь Монгол орны ойг хамгаалах үйл ажиллагаа, цаашлаад тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэж байна. Энэ жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ хүрээнд бүс нутгийн хөгжил төдийгүй байгаль орчны зорилтуудыг хэрэгжүүлэх цаашдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх сонирхолтой байна” гэв.
Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Ой нь биологийн олон янз байдал, орон нутгийн иргэдийн амьжиргааг тэтгэж байдаг. БНХАУ-ын Засгийн Газрын дэмжлэгтэй тус төсөл нь Монгол орны ойн санг хадгалан хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилтуудыг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсад хүртээмжтэй, байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтуудыг даван туулах чадвартай ирээдүйг цогцлоох зорилгоор Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг дэмжин ажиллах болно” хэмээн онцлов.
***
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.
Нэмэлт мэдээллийг:
Э.Эрдэнэбат | хөтөлбөрийн шинжээч | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | erdenebat.erdenejav@undp.org
О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | erdenesukh.otgonbayar@undp.org