Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хурдасгаж, агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх хамтын санхүүжилт босгох аяныг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр эхлүүллээ

December 10, 2024
a group of people sitting in front of a crowd
UNDP Mongolia

Улаанбаатар хот, 12-р сарын 10-ны өдөр- НҮБ-ын Хөгжийн хөтөлбөр Улаанбаатар хотын гэр хороолол дахь айл өрхүүдийн нүүрсний хэрэглээг бууруулж, нарны эрчим хүчний эх үүсвэрт шилжихэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “If Only I Could Go Solar” хамтын санхүүжилт босгох аяныг эхлүүллээ. Аяны нээлтийн арга хэмжээнд төр, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцож, Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж, боломжит шийдлүүдийг дэвшүүлэн, эрүүл, ногоон ирээдүйн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын нүүрснээс хараат байдал нь Улаанбаатар хотын оршин суугчдын амьжиргаа, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Монгол Улсад 7,000 хүн жилд гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын нөлөөгөөр нас барж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын ДНБ-ний 10 хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн хохирол учруулж байна. Түүнчлэн, -45 хэмийг даван туулах зорилгоор гэр хороолол дахь өрхүүд нүүрс түлж өвөлжиж буй нь агаарыг улам бохирдуулж байна. Хэдий нөхцөл байдал ийм боловч, Монгол Улс жилийн 250 өдөр нартай, цэлмэг байдаг нь нарны эрчим хүчийг ашиглах боломжоор арвин болохыг илтгэж байна.

Хамтын санхүүжилт босгох энэхүү аяны үр дүнд Улаанбаатар хотын гэр хороолол дахь айл өрхүүдэд нарны хавтан, дулаан хуримтлууртай цахилгаан халаагуур бүхий иж бүрэн нарны халаалтын системийг суурилуулж өгөх юм. Энэ нь өрхийн цахилгааны төлбөрийг бууруулж, эрүүл, тав тухтай орчинд амьдрах боломжийг бүрдүүлж өгөх давуу талтай. Тус аяныг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зохион байгуулж буй бөгөөд одоогийн байдлаар нийтдээ 69 өрх хамрагдаад байна. 

a group of people looking at a screen
НҮБХХ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайдын зөвлөх П. Батхишиг нээлтийн үгэндээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдвэрлэхэд үр дүнтэй, цогц шийдлүүдийг яаралтай хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна. Энэхүү аян нь агаарын бохирдлыг шинэлэг арга барилаар бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад уриалсан чухал алхам болж байна” хэмээн онцлон тэмдэглэв. 

a group of people sitting in a room
НҮБХХ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр дэлхий дахинд тулгамдаад буй сорилтуудыг тухайн улс орны онцлогт тааруулсан шийдлүүдээр шийдвэрлэхийг эрмэлздэг. Энэ ч утгаар Улаанбаатар хотын иргэдийн дуу хоолой, хүсэл эрмэлзлийн илрэл болсон энэхүү аяныг эхлүүлж байна. Бид хамтын хүчээр эерэг өөрчлөлтүүдийг бий болгон, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, Монгол Улсад тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлж чадна” гэв.

Аяны нээлтийн арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлэхийн ач холбогдлын хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, аяны албан ёсны вэбсайтыг танилцуулав. Энэхүү вэбсайтаар нэвтэрч, хувь хүн, албан байгууллагууд хандив өгөх боломжтой. Таны хандив Монгол Улсын хүүхэд бүр цэвэр агаараар амьсгалж, эрүүл орчинд өсөн торних боломжийг бий болгоход чухал хувь нэмэр оруулах болно.

Аяны албан ёсны вэбсайт: https://www.gosolar.mn/mn 

***

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тухай: 

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) нь ядуурлыг арилгах, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, улс орнуудад хөгжлийн үр дүнгээ тогтвортой хадгалахад шаардлагатай чадамжийг бий болгох чиглэлээр дэлхийн 170 орчим улс орон, нутаг дэвсгэрт ажилладаг. 

Нэмэлт мэдээллийг:

Б.Жаргалан| Хурдасгуур лаб | НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр| jargalan.bat-orgil@undp.org 

О.Эрдэнэсүх| Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн| НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр | erdenesukh.otgonbayar@undp.org