Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана

December 6, 2024
a group of people sitting at a table in front of a box
НҮБХХ

Улаанбаатар хот, 2024 оны 12 сарын 6 – Хүнс, хөдөө аж ахуйн салбарын цаашдын тогтвортой хөгжлийн чиглэлд хийх өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтын хүчин чармайлтын уялдааг сайжруулах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн гол зорилго нь хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг сайжруулах,  мал аж ахуйн тогтвортой менежментийн арга барилыг хөгжүүлэхэд төр хувийн хэвшлийн санхүүжилтийг өргөжүүлэх, газар болон байгалийн нөөцийн ашиглалтад өөрчлөлтийг бий болгож, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг багасгах үйл ажиллагааг дэмжсэн хөдөө аж ахуйн салбарын бодлогын орчныг сайжруулах, мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талууд, малчдын хоршоог чадваржуулах, үндсэн санаачилга, хөдөлгөөний хүрээнд олон талт хамтын ажиллагааны платформыг ажиллуулахад чиглэгдэх юм. Тус хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Монгол Улсад ногоон, уур амьсгалын өөрчлөлтөд илүү тэсвэртэй ирээдүйг бий болгохыг чухалчлах болно. 

Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Ж.Энхбаяр “Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг илүү тогтвортой, эрсдэл даах чадвартай болгоход чухал ач холбогдолтой. Бид НҮБХХ-тэй хамтран 21-р зуунд нийцсэн хөдөө аж ахуйн үндэсний бодлогыг боловсруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, дасан зохицох чадварыг нэмэгдүүлэн, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд анхааран ажиллах болно. Хамтын хичээл зүтгэлийн үр дүнд орчин цаг үеийн сорилтуудыг даван туулах чадвартай, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтөд чиглэсэн хөдөө аж ахуйн салбарыг бий болгохоор зорьж байна” гэв. 

Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад тогтвортой, эрсдэл даах чадвартай ирээдүйг бий болгоход чиглэсэн бидний хүчин чармайлтын нэгэн хэсэг. Хөдөө аж ахуй, мал ахуйн салбар нь Монгол Улсын эдийн засагт амин чухал үүрэг гүйцэтгэдэг ба Монгол түмний түүх, соёл уламжлалын салшгүй нэгэн хэсэг мөн. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг үндэсний бодлогод тусгаж, дасан зохицох чадварыг нэмэгдүүлж, тогтвортой арга барилыг дэмжих замаар бид Монгол Улсад тулгамдаад буй байгаль орчны сорилтуудыг шийдвэрлэх хүрээнд нягт хамтран ажиллах болно” гэв.

***

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр |  erdenesukh.otgonbayar@undp.org | 9909-6434

a man and a woman standing in front of a box
НҮБХХ