Хүний эрхийг хүндэтгэдэг хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд талууд хамтран ажиллаж байна

March 29, 2024
НҮБХХ

Улаанбаатар, 2024 оны 3 сарын 29 – Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Бизнес ба хүний эрх Азийн хөтөлбөр" болон Монгол Улсын Гадаад Харилцааны Яам хамтран "Бизнес ба хүний эрх”-ийн олон талт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад бизнес эрхлэгчид, бизнесийн холбоод, худалдааны танхимууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагууд зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, “НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн Удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлж буй сайн туршлага буюу хүний эрхийг хамгаалах, хүндэтгэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хохирлыг барагдуулах үр дүнтэй механизмын талаар танилцуулав.

2023 онд Монгол Улс хариуцлагатай бизнесийг түгээн дэлгэрүүлж, Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг хэрэгжүүлэх үүрэг амлалтаа дахин бататгаж “Бизнес ба Хүний эрхийн үндэсний Үйл ажиллагааны төлөвлөгөө (ҮҮАТ)”- г баталсан. Ингэснээр Монгол Улс нь энэхүү цогц төлөвлөгөөг баталсан Ази Номхон Далайн бүсийн дөрөв дэх улс болсон юм. 

Бизнес ба Хүний эрхийн ҮҮАТ-г 2023 оноос 2027 он хүртэл хэрэгжүүлэх ба энэ хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний эрхийн магадлан шинжилгээ гэх арга хэрэгслийг практикт нэвтрүүлэх, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх, үр дүнтэй, хүртээмжтэй гомдол барагдуулах механизмыг бий болгож, сайжруулан ажиллах юм. Уулзалтын үеэр оролцогч талууд ҮҮАТ -г хэрэгжүүлэхэд гарч буй ахиц дэвшил болон сорилт бэрхшээлийн талаар хэлэлцэж, дараагийн алхам, санал санаачилгыг тодорхойлов.

НҮБХХ

Уулзалтыг нээж үг хэлэхдээ Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, “Бизнес ба Хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө нь Монгол Улсын хувьд бодлого, стратегийн хувьд чухал ач холбогдолтой. Энэ нь хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах бодлого хэрэгжүүлэх орчныг бүрдүүлж, компанийн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн бидний хүчин чармайлтын томоохон хэсэг юм. Төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэх нь Монгол улсын иргэн бүрд эрх тэгш, шударга, хүртээмжтэй ирээдүйг бий болгоход ихээхэн чухал” болохыг онцоллоо.     

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Европын Холбоо хамтран хэрэгжүүлж буй “Бизнес ба Хүний эрх Азийн хөтөлбөр” нь ҮҮАТ-г боловсруулж, батлах үйл явцад Монгол Улсын Засгийн Газарт дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажилласан ба одоогоор үйл ажиллагааны төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхэд оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлд ажиллаж  байна. Тухайлбал төслийн зүгээс бизнесийн байгууллагуудад хүний эрхийн магадлан шинжилгээ хийх санаачилгыг хэрэгжүүлэх, Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмуудыг хэрэгжүүлэх зорилгоор иргэний нийгмийн байгууллагуудад бичил төсөл хэрэгжүүлэхэд тэтгэлэг олгох, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх сургалт семинар зохион байгуулах зэргээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 

НҮБХХ

Европын Холбооны Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч Кристоф Форакс “Монгол Улс нь Бизнес ба Хүний эрхийн үндэсний Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх хариуцлагатай бөгөөд амаргүй ажлын урд ирээд байна. Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бизнес, иргэний нийгэм, төр, хувийн хэвшлийн олон талт хамтын ажиллагаа шаардлагатай. Европын Холбоо нь Монгол Улсад хүний эрхийг хүндэтгэдэг хариуцлагатай бизнесийг төлөвшүүлэх үйл явцыг идэвхтэй дэмжиж байгаа ба бидний хамтын ажиллагаа нь Монгол Улсад хүний эрхийг дээдэлсэн, эрх тэгш, шударга нийгмийг бүтээхэд, болон тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн хөгжил дэвшлийг авчрахад ихээхэн хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.  

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч Лин Цао “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсад хүртээмжтэй, оролцоог хангасан, тогтвортой ирээдүйг бүтээхэд чиглэсэн уг төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүх түншүүдтэйгээ нягт хамтран ажиллах болно” хэмээлээ. 

***

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдэл бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. 

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | erdenesukh.otgonbayar@undp.org 

UNDP Mongolia