Ногоон эдийн засгийн шилжилтийн ирээдүйн төлөвийг тодорхойлж, ирээдүйд нийцсэн засаглалыг онцоллоо
August 21, 2024
Улаанбаатар, 2024 оны 8 дугаар сарын 22 — НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс Монгол Улсын ногоон эдийн засгийн шилжилтийн хэтийн төлөвийг тодорхойлж, боломжит хувилбаруудыг судлах хүрээнд бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид болон олон улсын мэргэжилтнүүдийн хамтаар “Ногоон эдийн засгийн шилжилт: Ирээдүйн төлөвийг төрийн удирдлагад харгалзах нь” сэдэвт бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн оролцогчид Монгол Улсын нүүрсний хараат байдлыг бууруулж, төрөлжсөн, хүртээмжтэй, ногоон эдийн засгийн тогтолцоо, ирээдүйд нийцсэн засаглалыг бэхжүүлэх шаардлагатайг онцлов.
Монгол Улс дотоодын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 90 гаруй хувийг нүүрсээр ажилладаг станцуудаас бүрдүүлдэг. Улмаар Монгол Улс нь нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээрээ дэлхийн дунджаас харьцангуй өндөр, хүлэмжийн хийн ялгарал өндөр эдийн засаг бүхий орнуудын нэг болоод буй. Харин Монгол Улс 2030 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээг 30 хувьд хүргэх томоохон зорилт тавиад буй нь тогтвортой байдлын төлөөх томоохон алхам юм.
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болсон тус хэлэлцүүлэгт хиймэл оюун ухаанаар дамжуулан Монгол Улсын ногоон ирээдүйн төлөвийг дүрсэлсэн хувилбаруудыг танилцуулсан. Их зураач Б.Шаравын “Монголын нэг өдөр” уран зургаас сэдэвлэсэн ирээдүйн дүр зургууд нь Монгол Улс нүүдэлчин соёлоо хадгалан авч үлдэхийн чухал ач холбогдлыг онцлохын зэрэгцээ нүүрстөрөгчийн ул мөрийг бууруулах шаардлагатайг харуулсан.
Энэхүү ирээдүйн төлөв байдлын танилцуулгын дараагаар Монгол Улсын Засгийн газар, УИХ, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын төлөөллүүд ирээдүйн төрийн удирдлага, ногоон эдийн засгийн шилжилттэй холбоотой боломж, эрсдэлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал солилцлоо.
Уур амьсгалын өөрчлөлт, чулуужсан түлшнээс хараат байдал, байгаль орчны доройтол зэрэг нь Монгол Улсын хөгжил дэвшлийн хурдыг сааруулахын зэрэгцээ ард иргэдийн сайн сайхан амьдралд сөргөөр нөлөөлж байна. Монгол Улсын агаарын дундаж температур сүүлийн 80 жилд 2.46°C хэмээр нэмэгдэж, газар нутгийн 70 гаруй хувь нь доройтолд өртөөд байгаа энэ үед ногоон шилжилтийг нэн даруй хийх нь Монгол Улсын хөгжил дэвшил төдийгүй ард иргэдийн хүртээмжтэй, эрсдэл даах чадвартай ирээдүйд чухал ач холбогдолтой.
Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид стратегийн алсын хараа, оролцогч талуудын нягт хамтын ажиллагаа, дижиталчлал, сэргээгдэх эрчим хүчинд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсад ногоон, хүртээмжтэй эдийн засаг, түүнтэй уялдсан ирээдүйд нийцсэн засаглалыг бэхжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.
***
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.
Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.
Нэмэлт мэдээллийг:
О.Эрдэнэсүх | Communications Analyst | UNDP in Mongolia | erdenesukh.otgonbayar@undp.org