НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын ногоон шилжилтийн хэтийн төлөвд ирээдүйд нийцсэн засаглалыг онцолсон тайланг танилцууллаа

March 21, 2025
Conference setting with a presentation on green transition policy in Mongolia. Empty chairs are visible.
НҮБХХ

Улаанбаатар хот, 2024 оны 3 сарын 21 – Өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Ирээдүйд нийцсэн бодлого төлөвлөлт: Монгол Улсын ногоон шилжилтийн хэтийн төлөв” семинарыг төр хувийн хэвшлийн төлөөллүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллийн оролцоотойгоор зохион байгуулав. Арга хэмжээний үеэр ногоон, хүртээмжтэй эдийн засгийн шилжилтэд чиглэсэн стратегийн алсын хараа бүхий  “Монгол Улсын ногоон шилжилтийн ирээдүйг судлах нь” тайланг танилцууллаа.

Тайланд ногоон шилжилтийг хэрэгжүүлэх явцад бодлого боловсруулагчид, бизнесийн байгууллагууд, олон нийтэд тулгарч буй олон талт сорилтыг даван туулахад зориулсан зөвлөмж, бодит шийдлүүдийг тусгасан бөгөөд энэ нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг ахиулахад ч чухал нөлөөтэй юм. Мөн, ногоон шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд техник, технологи, дэд бүтцэд хөрөнгө оруулахаас гадна хүмүүсийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, үе болон салбар хоорондын мэдлэг дамжуулалтыг сайжруулж, хүний нөөцийг чадавхжуулах шаардлагатайг онцлон тэмдэглэжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл бусад улс орнуудтай харьцуулахад Монгол Улсад хоёр дахин хүндээр мэдрэгдэж буйгаас гадна хотжилт, усны хомсдол, хот орон нутгийн хөгжлийн ялгаатай байдал зэрэг сорилтууд тулгарч байна. Хэдий тийм боловч, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний арвин нөөц, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын баялаг, байгальтайгаа зохицон амьдрах нүүдэлчин өв соёл зэрэг нь ногоон эдийн засгийн шилжилтэд тэргүүлэгч орон болох боломжийг бий болгож байна.

A woman stands at a podium speaking at a conference, with presentation screens behind her.
НҮБХХ

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска нээлтийн үгэндээ энэхүү боломжийг цаг алдалгүй ашиглан, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцлон, “Монгол Улс дэлхийн ногоон шилжилтэд тэргүүлэгч орон болох бүрэн боломжтой. Гэвч үүнээс урьтаж эдийн засгийн өсөлтийг хэрхэн хүний хөгжлийг ахиулахад үр дүнтэй ашиглаж, иргэд, экосистем, эдийн засгийн эрүүл мэндийг хамгаалах вэ гэсэн үндсэн асуултад хариу олох шаардлагатай байна. Энэхүү асуултын хариулт хүртээмжтэй, алсын хараа бүхий уян хатан бодлогод оршиж байна” гэв. 

Монгол Улсын ногоон шилжилтийн ирээдүйг судлах нь” тайланд Монгол Улсын тогтвортой ирээдүйн хэд хэд хувилбар бүхий хөгжлийн арга замуудыг танилцуулан тусгажээ. Тухайлбал, эрчим хүч, хөдөө аж ахуй, хотын тогтолцоо, дэд бүтцийг дахин төлөвлөн шинэчлэхийн зэрэгцээ ногоон ажлын байр бий болгож, залуучуудын оролцоог нэмэгдүүлэн, хиймэл оюунд суурилсан боловсрол, хүртээмжтэй төлөвлөлтөөр дамжуулан хүн төвтэй хөгжлийг бий болгох шаардлагатайг дурдсан байна. Мөн, аливаа нөхцөл байдалд тохирсон, үр дүнтэй шийдлүүдийг боловсруулахад байгалиа хамгаалах уламжлалт соёл, арга ухаан чухал болохыг онцолжээ.  

Man in a suit speaking at a podium in front of a presentation backdrop with statistics.
НҮБХХ

Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Эрдэнэбат “Монгол Улсын ногоон шилжилтийн ирээдүйд нийцсэн бодлого, төлөвлөлт” сэдвийн хүрээнд танилцуулга хийв. Тэрээр Монгол Улсын төр, засгийн зүгээс стратегийн алсын хараа бүхий “foresight” аргачлалыг бодлого боловсруулалтад нэвтрүүлэн ашиглахаар шийдвэрлээд буйг онцолж, тогтвортой, хүртээмжтэй ногоон шилжилтийг хэрэгжүүлэхэд олон талын оролцоо чухал болохыг тэмдэглэлээ.

A speaker presents on stage at a conference, with an audience seated facing them.
НҮБХХ

Семинарыг Олон Улсын хэтийн төлөв судлаач Доктор Жон Суини удирдан явуулсан ба “foresight” аргачлал болон ирээдүйн сценари боловсруулахад ашиглах бодит арга хэрэгслүүдийг танилцууллаа. Оролцогчид дасгал ажлуудаар дамжуулан Монгол Улсын ногоон шилжилтэд нөлөөлж буй тодорхойгүй хүчин зүйлүүдийг судалж, ирээдүйн хэд хэдэн хувилбарын хүрээнд бодлогын арга хэрэгслүүдийг туршиж үзэв. Түүнчлэн, дасан зохицох чадвартай, ирээдүйд нийцсэн засаглалын хүрээнд цэвэр эрчим хүчний стратеги, ногоон технологи, боловсон хүчний бэлтгэл зэргийг хэрхэн уялдуулж хөгжүүлэх боломжтой талаар санал солилцлоо. 

Семинарын үеэр салбар дундын хамтын ажиллагаа болон шийдвэр гаргах түвшний хүртээмжтэй оролцоо нь тогтвортой шилжилтэд чухал үүрэгтэй болохыг онцолж, үүнд дан ганц төрийн оролцоо хангалтгүй болохыг тэмдэглэлээ.Хувийн хэвшлийн инновац, иргэний нийгмийн оролцоо, олон нийтийн мэдлэг мэдээлэл нь Монгол Улсын ирээдүйг тодорхойлоход чухал ач холбогдолтой болохыг ч мөн дурдаж байлаа. 

***

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр |  erdenesukh.otgonbayar@undp.org