
Улаанбаатар хот, 2024 оны 4 сарын 10 – Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс (НҮБХХ) Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй АДАПТ төслийн дунд хугацааны хэрэгжилтийн үнэлгээ НҮБХХ-ийн олон улсын түвшинд онцлох үнэлгээг авч, 2025 оны НҮБХХ-ийн “Үнэлгээний Шилдэг Гүйцэтгэлтэй Төсөл” шагналыг хүртлээ.
НҮБХХ-ийн Хараат бус үнэлгээний албанаас 2020 оноос хойш чанар, ил тод байдал, нөлөөлөл гэсэн үндсэн гурван шалгуурт үндэслэн төсөл, хөтөлбөрүүдийг үнэлэн, шалгаруулж байна. "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” буюу АДАПТ төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд эмзэгт Завхан, Ховд, Дорнод болон Сүхбаатар аймгуудын хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадамжийг дээшлүүлэхээр зорьж байна.
АДАПТ төслийг үндэсний болон НҮБХХ-ийн тэргүүлэх чиглэлүүдтэй нийцсэн байдал, төслийн хүрээнд хүлээгдэж буй үр дүн, үр нөлөө болон уян хатан удирдлага, төсөл хэрэгжиж дууссаны дараах тогтвортой байдал, мөн, уур амьсгалын өөрчлөлтийн эрэгтэй, эмэгтэй хүмүүст үзүүлэх харилцан адилгүй нөлөөллийг харгалзан үзсэн жендэрийн тэгш байдлын үзүүлэлт зэрэг олон талт шалгуураар үнэлэн шалгаруулжээ.
Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Энэхүү шагнал нь бидний ил тод, хариуцлагатай ажиллах зарчим болон тасралтгүй хөгжиж дэвших хүсэл эрмэлзлийн илрэл юм. Үнэлгээний хүрээнд гарсан зөвлөмжүүд нь зөвхөн АДАПТ төслийн дараагийн шатны төлөвлөлт төдийгүй бидний нийт төсөл, хөтөлбөрүүдийн боловсруулах, хэрэгжих явцад ч мөн чухал хувь нэмэр оруулж байна” хэмээн онцоллоо.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц. Уртнасан “АДАПТ төслийн хэрэгжилт, үйл ажиллагааны чанар нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж байгаад бид таатай байна. Энэ үнэлгээ нь бидний хувьд үр дүнтэй арга хэмжээнүүдийг өргөжүүлэн тэлэх, залруулах шаардлагатайг нь сайжруулах боломжийг олгож байна. Цаашлаад төслийн үр шимийг иргэдэд илүү тогтвортой, урт хугацаанд, хүртээмжтэйгээр хүргэхэд чухал ач холбогдолтой” гэв.
Монгол дахь НҮБХХ-ийн хамт олны зүгээс тус үнэлгээг хийж гүйцэтгэсэн хараат бус үнэлгээний багт болон нийт түнш байгууллагуудад уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах үндэсний чадавхыг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангах чиглэлд нягт хамтран ажиллаж буйд гүн талархал илэрхийлж байна.
***
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.
Нэмэлт мэдээллийг:
О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | erdenesukh.otgonbayar@undp.org
Б.Уданбор | Мэдээлэл, харилцаа, сургалт хариуцсан ажилтан | АДАПТ төсөл | udanbor.b@gcf-rural.mn
