НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн урьдчилсан мэдээг боловсруулах чадавхыг сайжруулах өндөр хүчин чадалтай суперкомпьютер худалдан авахад дэмжлэг үзүүлж байна
December 30, 2024
2024 оны 12 сарын 30 өдөр, Улаанбаатар хот - Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр БОУАӨЯ, ХХААХҮЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь (АДАПТ)” төслийн хүрээнд өндөр хурдны суперкомпьютерыг худалдан авах гэрээг байгууллаа. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, ирээдүйн төлөвийг олон загвараар нарийвчлан гаргах, цаг агаарын илүү урт хугацааны урьдчилсан мэдээг тооцоолох ЦУОШГ-ын чадавхыг нэмэгдүүлж, шинэ түвшинд гаргах томоохон алхам болж байна. Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй АДАПТ төслийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавхыг бүрдүүлэх томоохон зорилгын хүрээнд хийгдэж буй энэхүү чухал ажил нь орон нутгийн болон үндэсний хэмжээнд газар, усны ашиглалтын төлөвлөлтөд уур амьсгалын мэдээллийг оруулахад чухал үр нөлөөтэй.
Шинэ суперкомпьютер авснаар төхөөрөмжийн хүчин чадлыг одоо байгаагаас 16 дахин хурдан, хадгалах төхөөрөмж нь ойролцоогоор 20 дахин их болгож нэмэгдүүлэн агаар мандлын загваруудын орон зайн нягтаршил болон нарийвчлалыг нэмэгдүүлэх, урьдчилан таамаглал хийхэд зориулсан динамик загвар ашиглаж цаг агаарын тодорхойгүй байдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн төлөвийг олон загвараар нарийвчлан тооцоолох боломжтой болж байна.
АДАПТ төслийн хүрээнд цаашид ЦУОШГ-ын мэргэжилтнүүдэд зориулсан уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хийх, урьдчилсан мэдээ боловсруулах (WRF) загвар, арга технологи, загвар ашиглах болон боловсруулалт хийх аргуудын талаар сургалтыг үе шаттай зохион байгуулж, чадавхыг бэхжүүлэх болно. Ингэснээр ЦУОШГ-ын мэргэжилтнүүд суперкомпьютерын чадлыг бүрэн дүүрэн ашиглах боломжтой болох юм.
БОУАӨЯ-ны ТНБД Э.Баттулга энэхүү үйл ажиллагааг онцлон “Манай улс анх ЦУОШГ дээр 2011 онд АНУ-ын CRAY компанийн өндөр хурдны суперкомпьютерын технологи суурилуулж, өдөр тутмын цаг, агаарын урьдчилсан мэдээ гаргахад ашиглаж эхэлсэн. Одоо энэ суперкомпьютер маань ашиглалтын хугацаа дуусаж, хурд нь удааширч, нийт хүчин чадлынхаа 1/3-д хүрэхгүй ажиллаж байна. Тэгэхээр АДАПТ төслийн хүрээнд худалдан авч байгаа шинэ суперкомпьютер нь ЦУОШГ-аас гаргаж байгаа цаг уурын салбарын судалгааг нарийвчлан сайжруулах, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон төлөвлөлт хийхэд шаардлагатай уур амьсгалын урт хугацааны прогноз мэдээг нарийвчлан гаргах боломжтой болж байна” гэлээ.
НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Монгол оронд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, цаг агаарын гэнэтийн эрс тэс үзэгдлүүд ажиглагдах болж байгаа энэ цаг үед гамшгийг хохирол багатай даван туулах арга зам бол яах аргагүй уур амьсгал, цаг агаарын урьдчилан прогноз мэдээний нарийвчлалыг сайжруулж, гамшигт үзэгдлийг эрт зарлан мэдээлэх системийг цогцоор нь хөгжүүлэх, бэлэн байдлыг хангах, цаг алдалгүй хариу арга хэмжээг авах явдал юм. Тиймээс, НҮБХХ цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийн төлөвийг эртнээс нарийвчлан тооцоолох, түүн дээр суурилсан төлөвлөлтийг хийх, бэлэн байдлыг хангуулахад мөн газар, усны ашиглалтын төлөвлөлтөд уур амьсгалын мэдээллийг оруулахад дэмжин ажиллаж байна” гэж тэмдэглэв.
***
АДАПТ Төслийг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байна.