Д. Энхжаргал: Өөрчлөлтийн хаалга дотроосоо онгойдог

March 6, 2025
A woman in a teal jacket sits comfortably on a patterned chair, smiling softly.

1992 онд Монгол Улсын Их Хуралд гурван эмэгтэй гишүүн байсан бол өнөөдөр энэ тоо 32 болов.

Энэ хүртэлх зам шулуун дардан байсангүй бас хэн нэгний ялалт ч байсангүй. 

Энэ бол айдсаа даван туулсан олон мянган эмэгтэйчүүдийн замнал.

Энэ бол өөрчлөлтөд итгэж, урагш алхсан эмэгтэйчүүдийн, манлайлагчдын дуу хоолой.

Энэ бол төр, төрийн бус байгууллага, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэлийн үр дүн.

20 гаруй жил энэ замнал, дуу хоолой, манлайлал, хамтын түншлэлийн тэргүүн эгнээнд явсан олон  тод төлөөлөл дунд МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээний Ерөнхий зохицуулагч Д. Энхжаргал байсаар ирэв. Тэрээр эзэмшсэн эрхзүйч мэргэжлээрээ ажил амьдралын гараагаа эхэлсэн ч төд удалгүй иргэний нийгэмд хүчин зүтгэх болжээ. Нэгэн цагт боломжгүй мэт санагдаж байсан ахиц дэвшлийг бодит зүйл болохыг ч харсан, олон жилийн тэмцлээр олж авсан ололт ганцхан шөнийн дотор үгүй болохыг ч үзсэн гээд туулсан амьдралынхаа түүхийг тэр бидэнтэй хуваалцлаа. 

Group of people in colorful traditional attire standing on steps in front of a statue.

2024 оны зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн үр дүнд 32 эмэгтэй гишүүн сонгогдсон.

НҮБХХ

УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөллийн түүхэн амжилт.

2024 оны зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн үр дүнд Монгол Улсын Их хуралд эмэгтэйчүүдийн төлөөлөл 25.4 хувь болсон нь Азийн дунджаас давж, дэлхийн дундаж болох 26.9 хувьд ойртсон төдийгүй өмнөх сонгуулиас 8.3 хувиар өсөж, Монгол Улсын шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөлөл түүхэн амжилтад хүрлээ. Олон жилийн турш улс төрийн намууд жендерийн тэнцвэрийг хангах үүрэг хүлээлгүйгээр нэр дэвшигчдээ тодруулж, эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог хязгаарлаж, шийдвэр гаргах түвшинд хүрэх боломжийг нь хаасаар ирсэн ч 2024 онд Монголын улс төрийн түүхэнд шинэ хуудас нээгдсэн юм. 

УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх 20% хүйсийн квот 30% болж нэмэгдэж, 2028 онд 40% байхаар хуульчлаад байна. Улс төрийн намууд өмнө нь эмэгтэйчүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхийг сонголт гэж хардаг байсан бол одоо хуулиар хүлээсэн үүрэг боллоо.  

Үнэндээ эдгээр шинэчлэл нэг өдрийн дотор бий болоогүй юм. Үнэт зүйл,үзэл санаа, зарчимдаа үнэнч хүмүүс, манлайлагчдын олон жил үргэлжилсэн тууштай хичээл зүтгэл, хүчин чармайлтын үр дүн байсан бөгөөд олон улсын түншүүд болох НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, КОЙКА(link is external) зэрэг байгууллагуудын урт хугацааны тасралтгүй дэмжлэг чухал нөлөө үзүүллээ.

Харин Д.Энхжаргалын хувьд энэ бол зөвхөн улс төрийн ялалт биш,  ухрахгүй, цуцахгүй зүтгэсэн тэмцлийнх нь  үр дүн аж. "Олон жилийн турш тэдний амьдралыг эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр шийдэж ирсэн. Харин одоо энэ байдал өөрчлөгдөж байна" гэж хэлэхдээ нүүр дүүрэн инээмсэглэл тодрууллаа .

Түүний энэ тэмцэл хоёр арваны өмнө эхэлсэн байна.

Smiling woman in a green blazer standing by a blue wall with text and a beige couch.

МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээний Ерөнхий зохицуулагч Д. Энхжаргал.

НҮБХХ

Бүхнийг өөрчилсөн үйл явдал

1999 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд(link is external) гэр бүлийн хүчирхийлэлд өртөж цөхрөнгөө барсан нэгэн эмэгтэй аврал хайж иржээ. Тухайн үед хууль эрх зүйн хамгаалалт, төрийн хамгаалалт, аюулгүй байдлын баталгаа зэрэг нь байхгүй байв. Цөөн хэдэн активистууд л өөрсдийн хичээл зүтгэлээр дэмжлэг үзүүлж байсны дунд тус төвд хуулийн зөвлөхөөр ажиллаж эхлээд удаагүй залуу мэргэжилтэн Д. Энхжаргал байлаа.

Өнөөх эмэгтэй нэг л өдөр гэнэт алга болжээ. Тэр үед гар утас байхгүй, холбоо харилцаа барих барих юм байхгүй. Гэтэл түүнийг нас барсан тухай хэдэн сарын дараа тус төвийнхөн олж мэджээ.

“Алс хөдөө газар аваачиж тусгаарлаад, хоол унд ч өгөхгүй бараг тарчлааж байж амь насыг нь хөнөөсөн байсан. Тэр мэдээ бид нарын хувьд маш том цохилт болж байсан” хэмээн энэ явдлыг дурсахдаа түүний хоолой нь чичирхийлэн, нүдэнд нь нулимс цийлгэнэв. 

“Тэр үед би өөрөөсөө асуусан: Бид ингээд нэг нэгээр нь аврах гэж оролдсоор байх уу, эсвэл бүхэл бүтэн тогтолцоог өөрчлөх үү?” гэж.

Шүүгч болох зорилготой бас боломжтой байсан ч тэр үйл явдлаас хойш Д. Энхжаргал шударга бус байдлын эсрэг, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах иргэний нийгмийн төлөө ажиллахаар сэтгэл шулуудан ирээдүйн амьдралын замналаа орвонгоор нь өөрчилжээ. 

A person pointing at a printed brochure on a table, with text and images visible.
НҮБХХ

Хуулиас тогтолцооны өөрчлөлт рүү

1990-ээд оны сүүлчээр Монголд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэггүй байсан. Хохирогч болсон эмэгтэйчүүд хуулийн дагуу шийдвэр хүсдэг ч, тэдний зовлон зүдүүр нь "гэр бүлийн асуудал" болж хувирдаг, хүчирхийлэл гэдэг үг хүртэл харь, танил бус, олон хүнд эвгүй ойлголт мэт санагдсан үе байв. Д.Энхжаргал “Үгнээс нь биш үйлдлээс нь цэрвэ” гэсэн нийтлэл хүртэл бичиж суусан тухайгаа дурслаа. Хүмүүс хүчирхийлэл гэдэг үгийг л буруутгаад байснаас биш, бодит үйлдлийг нь анзаарахгүй л байв. 

Тухайн үед хохирогчдыг хүлээн авдаг ганц газар нь Хүчирхийллийн эсрэг төв байсан ч байр хүрэлцээгүй, ажиллах орон тоо дутмаг, аюулгүй байдал ч хангалтгүй байлаа. Хүчирхийллээс зугтсан эмэгтэйчүүд заналхийлэлд өртөж, харин тэднийг хамгаалах хамгааллын ажилтнууд ч өөрсдөө халдлагад өртөх эрсдэлтэй байв.

Ингээд энэ бүхнийг системийн түвшинд нь өөрчлөх том зорилгоор эрх зүйн орчны шинэчлэлийг хийхээр зорьжээ. Тун удалгүй 1999 онд Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэсэн нэр томьёог анх удаа оруулахад тэр чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн 2004 онд жендерт суурилсан хүчирхийлэл далд байдаг асуудлыг хуулийн хүрээнд шийдэх төрийн бодлогын асуудал болгон өөрчилсөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх анхны бие даасан хууль батлагдахад манлайлсан хүн яах аргагүй Д.Энхжаргал байв.

Гэхдээ тэр зогсоогүй. Асуудлыг илүү өргөн цар хүрээнд харах шаардлага байгааг хэлдэг хүмүүсийн нэг тэр байлаа. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолой маш бага хэвээр байв. 2004 онд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль батлагдахад Монгол Улсын Их Хурлын дөнгөж 6.6 хувь нь эмэгтэйчүүд байсан. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн амьдралын талаарх шийдвэрүүд тэдний оролцоогүй шахуу гарч байв. 

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд байхгүй бол тэдний эрхийг хамгаалах бодлого үргэлж хэврэг байна гэдгийг Д. Энхжаргал мэдэж байв. Ингээд тэрээр шинэ тэмцэлд ханцуй шамлан орсон нь эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дахь оролцоог нэмэгдүүлэх байлаа.

A woman in a green blazer smiles and points at a document she is holding, with sunlight streaming in.
НҮБХХ

МОНФЕМНЕТ: Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх иргэний нийгмийн нэгдэл

Жендерийн тэгш байдал нь хууль эрх зүйн хамгаалалтаас илүү өргөн цар хүрээг хамрах асуудал гэдгийг олж харсан Д. Энхжаргал системийн өөрчлөлтийн төлөө ажилладаг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагуудын нэгдэл болох МОНФЕМНЕТ үндэсний сүлжээг тэргүүлэх болжээ.  МОНФЕМНЕТ нь Монголын жендерийн тэгш байдлын төлөөх үйл хэрэгт хамтын түншлэл, иргэдийн оролцоог бэхжүүлэн бодлогын нөлөөлөл үзүүлсээр байгаа гол цөм нь байсаар ирж.

МОНФЕМНЕТ нь үүсгэн байгуулагдсан цагаасаа шийдвэр гаргахад оролцож чадахгүй байгаа бүлгүүдийг чадавхжуулах, харилцаа, хамтын ажиллагааны орон зайг тэлэх, эмэгтэйчүүдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд сонсоод зогсохгүй нэмэгдүүлэх, хүйсийн квот тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн. 

Сүлжээ энэ мэт олон чухал үйлст хувь нэмрээ оруулсны дотор  НҮБХХ болон Швейцарын хөгжлийн агентлаг(link is external)ийн дэмжлэгтэйгээр хоёр сонгууль дамнан Монгол Улс даяар эмэгтэй манлайлагчдыг бэхжүүлэн 2024 оны сонгуулийн үр дүнд бий болсон түүхэн өөрчлөлтийн үндэс суурийг тавьжээ.

Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ: Хөдөлгөөнийг өргөжүүлсэн нь 

2021 онд “МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ”(link is external) болон “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ(link is external) хамтран эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлж, улс төр дэх оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсад анх удаа Эмэгтэйчүүдийн Манлайллын Сүлжээг байгуулжээ.

Тус сүлжээ(link is external) улс даяар эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэн дэмжлэг үзүүлсээр өнөөдөр 3,000 гаруй манлайлагч эмэгтэйг нэгтгэсэн Үндэсний хөдөлгөөн болтлоо өргөжиж байна. 

Энэ санаачилга нь КОЙКА-гийн санхүүжилтээр хэрэгжиж буй НҮБХХ-ийн төслийн хүрээнд бодит ажил хэрэг болж, Монголын улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.

Төслийн хүрээнд чадавх бэхжүүлэх хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж, анх удаа эмэгтэй нэр дэвшигчдэд сонгуулийн үйл явцыг ойлгож, даван туулахад нь тусалж, эмэгтэйчүүдийн удирдах тэгш эрхийг хангах бодлогын өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхийн төлөө Д.Энхжаргал сонгуулийн үеэр  хөшигний ард уйгагүй ажиллажээ.

Түүний дурдсанаар, сүлжээг аль нэг намын харьяалалгүй, улс төрийн хувьд төвийг сахисан байдлаар ажиллуулах нь маш чухал зарчим байсан. Улс төрийн үзэл бодол нь харилцан адилгүй эмэгтэйчүүд нэг зорилгын дор нэгдэж—нам харгалзалгүйгээр эмэгтэйчүүдийн дуу хоолойг улс төрийн түвшинд хүргэхийн төлөө хамтран зүтгэсэн. Тэгээд сонгогдох, томилогдох үйл явцад эмэгтэйчүүдээ бэлдэх, хамтдаа гар гараасаа барилцаад урагшлах, хамтдаа суралцах, хамтдаа хөгжих эв санааны нэгдэлтэй байх биет бус орон зайг тэд бий болгож чаджээ. 

A woman in a green blazer sits at a table, looking contemplative in a brightly lit room.
НҮБХХ

Сэтгэлгээг, цаашлаад ирээдүйг өөрчлөх нь

Олон жилийн турш Монгол эмэгтэйчүүдийн манлайлалд тулгарсаар ирсэн хамгийн том саад бэрхшээл нь дан ганц хууль эрх зүйн орчны хязгаарлалт байгаагүй. Гүн гүнзгий шингэсэн нийгмийн хандлага, хэвшмэл ойлголтууд эмэгтэйчүүдийг улс төрөөс холдуулсаар байв.

Олон эмэгтэйчүүд улс төрийг "өөрсдийн байх ёсгүй орчин" гэж хүлээн зөвшөөрч, манлайлал гэдэг нь эрэгтэйчүүдийн хийх ажил, өөрсдөд нь өрсөлдөх ур чадвар дутагдаж байна гэх буруу ойлголттой байхтай олонтоо таарч байснаа тэр дурдаж байв. 

Д. Энхжаргал жинхэнэ өөрчлөлтийг зөвхөн УИХ-ын танхимаас биш, харин эмэгтэйчүүд өөрсдийгөө болон өөрсдийн чадавхыг хэрхэн харж байгаагаас нь эхлэх ёстойг олж харжээ. 

"Өөрчлөлтийн хаалга дотроосоо онгойдог харин түлхүүр нь хувь хүнд "өөрчлөгдөх сэдэл буюу өөрчлөлтийн оч асах тэр агшин" юм гэж тэр хэлэв.

Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний хүрээнд Монгол даяар мянга мянган эмэгтэйчүүд өөрсдөдөө тулгарч буй хязгаарлалтад баригдалгүй, түүнийг дахин тодорхойлон,  өөр өнцгөөс харж, өөрсдийн "Өөрчлөлтийн оч"-ийг дор бүрнээ асааж эхэлсэн. 

Энэ өөрчлөлт  бас л ганцхан өдөрт бий болоогүй. Олон жил бугшсан өрөөсгөл үзлийг халж, эмэгтэйчүүдийг манлайлагч гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй  ойлголтуудтай тэмцэх, хамгийн чухал нь эмэгтэйчүүд улс төрд байх ёстой гэдгийг зөвхөн яриад зогсохгүй харуулахад олон жилийг зарцуулж байна.

2024 оны сонгуулиар энэ олон жилийн тууштай тэмцлийн үр дүн тод томруун харагдлаа. Өөрчлөлтийн оч тоо томшгүй олон эмэгтэйчүүдэд дүрэлзэж, зогсохгүй хүчийг бий болгосон. Нэгэн цагт боломжгүй мэт санагдаж байсан зүйл одоо зайлшгүй байх ёстой зүйл болсон байв. 

A woman in a winter coat walks confidently among a crowd on a city street.
НҮБХХ

Тогтвортой өөрчлөлт рүү: Эмэгтэйчүүдийн манлайллын зогсолтгүй хөдөлгөөн

Монгол Улсын энэ ахиц дэвшил нь зөвхөн үндэсний хэмжээний ололт биш, жендерийн тэгш байдлын төлөөх дэлхий нийтийн хөдөлгөөний нэг хэсэг юм. Гуравдугаар сарын найманд тохиож буй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг “БҮХ эмэгтэйчүүд, охидын төлөө: Эрх. Тэгш байдал. Эрх мэдэл олгох” уриа дор тэмдэглэж байна. 

Харин Монгол Улсын жишээ эмэгтэйчүүд өнөөгийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж өөрсдийн эрхийн төлөө ажиллаж эхлэхэд ямар өөрчлөлтүүд бий болох боломжтойг харуулж чадлаа.  

Гэхдээ энэ амжилт нэг шөнийн дотор бий болоогүй олон арван жилийн турш үргэлжилсэн идэвхтэй үйл ажиллагаа, тууштай нөлөөллийн ажил, гуйвшгүй эв нэгдлийн үр дүн байв. Харин одоо зогсох цаг биш.

Энэ түүх, бүх алдаа оноо, ололт амжилттай хорин жил явж ирсэн Д.Энхжаргал аль хэдийн 2028 он руу хараагаа чиглүүлчхэж. Бүр нарийвчилбал УИХ-ын сонгуульд ээр дэвшүүлэх 40%-ийн хүйсийн квотод тэр санаагаа чилээж суугаа аж.  Анх 2005 онд хуулиар тогтоосон хүйсийн квотыг 2007 онд  авч хаясан тэр түүхийг давтагдах вий гэж тэр болгоомжилж байна. 

Гэхдээ түүний алсын хараа, туйлын зорилго квот биш аж.  

"Эмэгтэйчүүд эрх мэдэл гуйгаагүй. Угаасаа л байх ёстой байсан зүйлийг бид нэхэж байгаа юм. Бидний дараагийн алхам бол хөдөлгөөн, эвсэл, сүлжээд нийтлэг зорилгынхоо төлөө хамтран ажиллах, жендерийн тэгш байдлыг хангах хүчин чармайлтыг цаашид улам бэхжүүлж бат бөх болгох нь чухал" гэж Д.Энхжаргал хэлээд  "Бид нэгдэж чадвал  1+1 нь 2-той тэнцэх биш, харин 4 эсвэл түүнээс ч ихтэй дүйцэж очих юм" гэлээ.

Түүний дараа үеийн эмэгтэй манлайлагчдад хандан хэлсэн үг энгийн мөртөө маш хүчтэй, гүн утга санааг илэрхийлж байлаа. 

"Манлайлал бол үйл явц. Өөртөө итгэ. Өөрчлөлт том зүйлээс эхэлдэггүй. Таны гэр, ажлын байр, хамт олноос чинь эхэлдэг. Ингэснээр таны өөртөө итгэх итгэлийг бий болгодог. Хөдөлгөөнүүд ингэж л өсдөг”, "Ганцаараа тэмцэх хэрэггүй. Өөртэйгөө ижил бодолтой, зорилготой тэр хүмүүсийг ол. Нэгд. Бид хамтдаа зогсоход бидний дуу хоолой илүү чанга, бидний нөлөө улам хүчтэй болдог."

Тэмцэл дуусаагүй—Энэ хөдөлгөөнийг зогсоох боломжгүй. Одоо бид бүхний үүрэг бол энэ эрч хүчээ суллахгүй, таслахгүй байх явдал юм.

Өмнөх үеийн эмэгтэйчүүд энэ хүртэлх замыг зассан. Өнөөдрийн манлайлагчид тэр замаар урагшлах ёстой. Харин Монголд ч, дэлхий даяар ч одоо нэг зүйлийг ойлгох цаг ирсэн: өөрчлөлт болох эсэх нь асуулт биш. Харин хэн түүнийг бий болгохын төлөө тэмцэх вэ?