Ж. Наранбаатар: Дан ганц бэлчээрт найдаж суудаг үе ард хоцорсон

April 8, 2025
A man in a blue jacket gestures outside a straw-roofed structure in a rural setting.

Ж. Наранбаатар: Дан ганц бэлчээрт найдаж суудаг үе ард хоцорсон

Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн өнцөг булан бүрд, газар сайгүй хүрээгээ тэлэхийн хирээр хүн төрөлхтөн үүнд дасан зохицож, даван туулах арга замыг эрвийх дэрвийхээрээ хайсаар байна. Энэ хүчин чармайлтын нэгээхэн жишээ болж буй Монгол орны алслагдсан уулархаг бүсийн малчин өрхийн түүхийг хуваалцъя.

Дэлхийд ховордон үгүй болж буй нүүдэлчин соёл, уламжлалаа шинэчлэл, инновацтай хоршуулан авч яваа малчин өрхүүдийн нэг бол Ж. Наранбаатар, Л. Баасанжаргал нар. Тэд Завхан аймгийн Их-Уул сумын өндөр уулын бүсэд олон жил нутаглан өвөлжиж байна.

Two people stand beside a traditional yurt in a snowy landscape, smiling and dressed warmly.

Ж. Наранбаатар, Л. Баасанжаргал

НҮБХХ

“Одоо ер нь дан ганц бэлчээрт найдаж өвлийг давах боломжгүй боллоо. Бэлчээрийн чанар хурдацтай муудаж байна” гэж Ж. Наранбаатар санаа зовнин ярьж сууна. 

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий улс орнуудын тоонд багтдаг. Агаарын дундаж температурын өсөлт, эрс тэс цаг агаар, бэлчээрийн доройтол зэрэг нь нүүдлийн мал аж ахуйд олон эрсдэлийг бий болгож байгаа ч хүсэл зоригоо нэгтгэн, хөдөлмөр хүчээ хоршиж чадвал уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож болдгийг энэ малчдын туршлага харуулж байна. 

Өнөө цагт ердийн хөсөг ашиглан отор нүүдэл хийх малчдын тоо буурч байгаа ч Ж. Наранбаатарын гэр бүл уламжлалт хэв маягаа гээлгүй ердийн хөсгөөрөө өвсний соргог, усны тунгалгийг даган отор нүүдэл хийж мал сүргээ тавлаг сайхан идээшлүүлдэг тухайгаа хөөрөлдлөө. Үүнийхээ ачаар тэд хатуу ширүүн цаг үеийг олон удаа хохирол багатай давжээ. 

Дан ганц уламжлалт бэлчээрийн мал аж ахуйд найдах нь бэрхшээлтэй болж байгааг тэд анзаарч уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, даван туулах шинэ арга замуудыг цөхрөлтгүй туршин нутагшуулж буй олон малчин өрхийн төлөөлөл бол тэд яах аргагүй мөн. Тэдний өөрчлөлт “Суварга Хайрхан” малчны бүлгийг үүсгэн байгуулж 5 малчин өрхийг нэгтгэснээр эхэлжээ. 

Ингээд тэд Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын Засгийн газар болон НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн дэмжлэгтэйгээр 4 аймгийн 1300 орчим малчин өрхийг нэгтгэсэн нийт 225 малчны бүлгийн нэг болжээ. 

Малчдын бүлгүүд төслийн хүрээнд бичил төслийн санхүүжилтийн дэмжлэг авч, сургалт чадавхжуулах үйл ажиллагаанд хамрагдаж, мал аж ахуйн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай материал, техник тоног төхөөрөмжийн дэмжлэг ч авчээ. 

Нөөц бололцоогоо нэгтгэж, бэлчээрээ тогтвортой ашиглан, өвс тэжээлээ өөрсдөө тарьж ургуулах зэрэг олон сайн туршлагыг малчдын бүлгүүд хэрэгжүүлж байна. Эдгээр санаачилга нь бага өртөг зардлаар бодитой үр дүнд хүрээд зогсохгүй уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий дэлхийн өөр бүс нутагт ч ижил өөрчлөлтийг авчирч болохыг харуулж байна.

Төслийн дэмжлэгийг нэг удаа ашиглаад дуусах биш эргэлтийн сантай болж ноос ноолуур, мах борлуулалтын орлогоосоо нэмж хөрөнгө оруулалт хийж, хадгалж, өсгөхөөр төлөвлөснийхөө дагуу Ж. Наранбаатарын бүлгийн өрхүүд сангаа арвижуулан хамгийн түрүүнд хашаалсан бэлчээртээ усалгааны систем суурилуулахаар зорьж явна. 

Тэд төслийн хөрөнгө оруулалтын дэмжлэгийн зэрэгцээ аж ахуйгаа цаашид тогтвортой удирдаж чадах мэдлэг хуримтлуулсандаа ихэд олзуурхаж байна. Ж. Наранбаатар төслийн хүрээнд зохион байгуулсан сургалтад хамрагдан шим тэжээл ихтэй малын дарш бэлтгэх чадвар эзэмшсэнийхээ ачаар хатуу хахир цагт туйлдсан малаа өөрийн бэлтгэсэн даршаараа тэнхрүүлэн босгож байснаа ярьж сууна. 

"Даршаа өгсөөр байгаад өндийхөөсөө бараг өнгөрсөн тугалаа онд оруулчихсан шүү" гэж тэр нүүр дүүрэн инээмсэглээд, оторт ч бэлдсэн тэжээлээ авч явдаг. Ялангуяа мал тамир суугаагүй үед энэ тун чухал шүү” хэмээв. 

Халгай, лууль, шарилж зэрэг олдоц арвинтай, ногоон ургамлуудыг хольж давс, шар сүүгээр зуурч бэлтгэдэг ногоон даршийг агааргүй, битүү нүхэнд хадгалснаар чийг болон шимт бодисын алдагдалгүй, малын тамир тэнхээг тэтгэх шим тэжээлийн чухал эх үүсвэр болдог байна. Ж. Наранбаатар даршны үйлдвэрлэлээ хоёр дахь жилдээ нэлээд нэмжээ. Саахалт айлын малчид нь тэдний мал сүрэгт гарч буй өөрчлөлтийг анзаарч, туршлагаас нь ч мөн суралцах хүсэлт тавьж эхэлсэн байна. 

“Төслийн хэрэгжүүлсэн санаачилгууд хөрсөндөө бууж, өөрчлөлт малчны хотоос, өрхөөс , алс буйдхан сууринаас эхэлж бий болдгийг малчид өөрсдөө харж байна. Малчид бүлэг болон нэгдэж, тулгарч буй асуудлуудаа хамтран шийдвэрлэхээр ажиллаж буйд их талархаж байна. Тэдний энэ хичээл зүтгэл нь нутгийн иргэд өөрсдөө хамтарч, манлайлж чадвал уур амьсгалын өөрчлөлтийг үр дагаврыг даван туулж чадна гэдгийг дэлхий нийтэд харуулах сайн жишиг” гэж НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска онцоллоо. 

Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавраар дан ганц бэлчээрийн гарцад найдаж мал аж ахуй эрхлэх боломжгүй болсныг ойлгосон малчин Ж.Наранбаатар мал сүргийнхээ чанарт ч мөн анхаарал тавьж эхэлсэн байна. Сүүлийн жилүүдэд тоо толгойг нь бүр 60 орчим хувиар бууруулж, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, бэлчээр ашиглалтад ч бодит хувь нэмрээ оруулж эхэлснээ тэрбээр онцлон ярьж байна.  

Cattle wearing colorful blankets in a snowy pasture with mountains in the background.

Наранбаатар, Баасанжаргал нар малынхаа тоо толгойг 60 орчим хувиар бууруулав.

НҮБХХ

Төслийн хүрээнд дөрвөн аймгийн 1300 гаруй малчин өрх орон нутгийн засаг захиргаатайгаа “Бэлчээр ашиглалтын гэрээ” байгуулж, Ж.Наранбаатарынх шиг жил бүр малынхаа тоог бууруулах үүрэг хүлээсэн юм. Тэд жилд дунджаар малынхаа тоо толгойг 10 гаруй хувиар бууруулж байгаа нь нэгэнт доройтоод удаж буй бэлчээр ашиглалтыг мэдэгдэхүйц бууруулахад чухал нөлөө үзүүлж байна. 

Уур амьсгалын өөрчлөлт нь нутгийн иргэдийг цаашид хэрхэн амьдарч, хоол хүнсээ базаах, амьжиргаагаа хэрхэн залгуулах тухайд дэлхий даяараа л ийнхүү бодоход хүргэж байна. Монгол малчид ч гэсэн зөвхөн ган, зудыг хорогдол багатай давах тухай биш олон зууны турш уламжилж ирсэн амьдралын хэв маяг, өв соёлоо авч явахын зэрэгцээ мал аж ахуйгаа илүү шинэлэг, ухаалгаар эрхлэхийг ийнхүү тасралтгүй эрэлхийлсээр байна.

Ж.Наранбаатарын гэр бүл хашаалсан бэлчээрийн талбайгаа өргөтгөх, усалгааны системтэй болох, тэжээлийн чанараа сайжруулах, мах, сүүний аль, аль чиглэлд үхрийн аж ахуйг эрчимжүүлэх талаар аль хэдийнээ төлөвлөж байна. Дунд сургуулийн насны дөрвөн охиных нэг нь малчин удам, уламжлалыг нь үргэлжлүүлнэ хэмээн тэд найдаж байна. Малчдын хувьд мал аж ахуй эрхлэх нь зүгээр ч нэг амьжиргааны эх үүсвэр бус харин нандигнан хадгалж үлдээх ёстой өв юм.

“Манай малчдын уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар, нөлөөг даван туулах энэ хүчин чармайлтуудыг тогтвортой хадгалах, өргөжин тэлэхэд олон улсын дэмжлэг чухал хэвээр байна. Бид иргэдтэйгээ, НҮБХХ зэрэг олон улсын түнш байгууллагуудтайгаа эдгээр сайн шийдлийг түгээн дэлгэрүүлж, үндэсний хэмжээнд илүү аюулгүй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ирээдүйг бүтээхийн төлөө ажиллаж байна” гэж БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг онцлон хэлж байна. 

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө тасралтгүй тэлсээр байгаа энэ цаг үед  малчид маань ямар нэг илбэ шидтэн хаанаас ч юм гарч ирж бүхнийг сайхан болгоно гэж хүлээн суулгүй өөрсдөө тасралтгүй хичээж дасан зохицож, түүгээр ч зогсохгүй эрсдэлийг урьдчилан харж амьдрал ахуйгаа удирдаж байна.

Two smiling people standing outside with mountains in the background; traditional yurt visible.