С. Долгорсүрэн: Байгаль эх дэлхий биднийг өөрчлөгдөхийг шаардаж байна
“Арван жилдээ үргэлж л онц авдаг шилдэг сурагч байсан. Хэдий эрдэм номын мөр хөөж болох байсан ч малчин болохыг сонгосон” хэмээн аймгийн хошой аварга малчин Долгорсүрэн бахархалтай нь аргагүй хүүрнэв. Энэ шийдвэртээ тэр хэзээ ч харамсаж байсангүй.
30 гаруй жил мал дагаж буй тэрээр эцэг, эхээсээ есүүлээ бөгөөд малчин уламжлалаа тээн хадгалж буй цорын ганц хүүхэд нь аж. Өдгөө тэрээр хүү Лутын хамтаар 800 гаруй толгой малтай аж төрж байна.
Түүний хувьд мал маллах гэдэг нь амьжиргаа залгуулах эх үүсвэр гэхээсээ илүү үе дамжин өвлөгдөж ирсэн мал маллах ариун арга ухаанаа хадгалж явах арга зам. “Ээж, аав маань өвөг эцгээс минь уламжлан авсан мал маллах мэдлэг, ухааныг надад өвлүүлсэн бол одоо би хүүдээ өвлүүлж байгаа. Гэхдээ цаг үе, байгаль хангай өөрчлөгдөж байгаад санаа зовниж байна” гэж Долгорсүрэн дурдав.
Бэлчээрийн чанар хурдацтай муудаж, өвс ногоо халиурдаг байсан газар одоо хатаж хуурайшин, шороо тоос босдог болж. Өвөл илүү хатуу ширүүн болж. Байгалийн өнгө аяс, үзэгдлийг тааварлашгүй болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврууд малчдын амьдралд тод томруунаар тусч байна.
60 орчим сая малтай Монгол Улсын хувьд бэлчээрийн даац аль хэдийн хэд дахин хэтэрчихсэн. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт гэхэд л малын тоо бэлчээрийн даацаас даруй 8 дахин хэтэрсэн байгаа нь бэлчээрийн доройтлыг хурдасгаж, малчдын болон орон нутгийн иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж буй.
“Өнгөрсөнтэй харьцуулахад малын бие их давжаарч байна” гэж Долгорсүрэн хэлэв. “Өвс ургамлын шимт чанар өмнөхөөс буурсан учраас махны гарц ч дагаад муудсан.” Тийм ч болохоор зудыг давж гарах магадлал улам буурч буй тухай тэр сэтгэл зовнин хүүрнэлээ.
Энэ бүхэн зөвхөн байгаль орчныг ч бус мал маллах арга ухааныг ч өөрчилж байна. Мах борлуулалт орлогын томоохон эх үүсвэр нь болдог малчдын хувьд малын бие давжаарч, жижгэрэх нь эдийн засгийн бодит хохирол авчирдаг.
Монгол Улсын ДНБ-ий долоо гаруй хувийг хөдөө аж ахуйн салбар дангаар бүрдүүлдэг. Мах бэлтгэл, ноос ноолуур, арьс шир нь дотоодын зах зээл болон экспортын эдийн засагт чухал үүрэгтэй. Тиймээс малчдын амьжиргааны түвшин буурах нь цаашлаад үндэсний эдийн засгийн тогтвортой байдалд ч асуудал үүсгэнэ.
Хэдий олон жил мянга давсан толгой мал малласан туршлагатай ч, байгаль дэлхийн өөрчлөлтийн хамтаар өөрчлөгдөх шаардлага тулгарч байгаа тухай Долгорсүрэн ярилаа. “Байгаль биднийг өөрчлөгдөхийг шаардаж байна. Хуучин шиг олон мал маллах боломжгүй болж байгааг сануулж байна. Харин цөөхөн боловч чанартай малтай болох хэрэгтэй болж байна” гэв.
Тэгвэл хэрхэн, яаж үүнийг хийх вэ хэмээн эрэлхийлж байсан тэрээр хурга махлуулах арга туршлагын тухай дуулжээ. Тус туршлага нь Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй туcламжаар НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн зүгээс орон нутгийн иргэдийн хамт хийж хэрэгжүүлж буй олон туршилтын нэг нь аж.
2024 онд тэр анхны туршилтаа хийж. Уламжлалт бэлчээрийн маллагаагаар 3 жилийн хугацаанд хүрэх жинг ердөө 6-7 сарын хугацаанд хүргэх арга ухааны сургалтаас олж авсан мэдлэгээ ашиглан тэрээр эх малыг хээлтэй байх үеэс эхлэн хургыг нэмэлт тэжээл болон уламжлалт бэлчээрийн маллагаатай хослуулан хүрч чаджээ.
“Ер нь бол яагаад энэ сайн туршлага вэ гэдэг нь ойлгомжтой байсан” гэж Долгорсүрэн хэлэв. “Санхүүгийн хувьд ч, хөдөлмөр хэмнэх талаасаа ч, мөн эдийн засгийн үр өгөөжөө илүү богино хугацаанд хүртэх боломж талаасаа ч энэ бол сайн туршлага гэж бодож байна.”
Нөгөө талдаа энэ нь бэлчээрийн газар нутагт сэргэх боломжийг өгч байна.
Төслийн судалгаагаар, өнөөгийн нөхцөлд 100 хониноос үйлдвэрлэж байгаа 526 кг махыг хурга махлуулах туршлагаар 52 хониноос үйлдвэрлэж, бэлчээрийн ачааллыг 40 хувиар бууруулах боломжтой гэж гарчээ. Энэ нь нийт газар нутгийн 77 хувь нь тодорхой хэмжээгээр доройтолд өртөөд буй Монгол Улсын бэлчээрийн тогтвортой менежментэд чухал хувь нэмэр болох юм. Мөн тослогийн чанар сайн, чийгийн агууламж өндөртэй, булчинлаг чанартай зэргээр махны чанар ч илүү байгаа нь судалгаагаар батлагджээ.
Төслийн зорилтот 4 аймгийн малчид (Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Архангай) энэхүү арга туршлагыг аль хэдийн нэвтрүүлээд эхэлчихсэн, энэ төрлийн сургалт, дэмжлэгийн хэрэгцээ нэмэгдэж байгаа нь газар нутгаа хамгаалахын зэрэгцээ малчдын тогтвортой амьжиргааг хангах боломж өндөр байгааг харуулж байна.
“Манай малчдын дунд хурга махлуулах арга туршлагыг нэвтрүүлэх сонирхол их байна. Албан дэмжлэггүй байсан ч сайн туршлага хурдан нэвтэрч байна. “Бид удахгүй “Малчдын зөвлөгөөн” зохион байгуулахдаа энэ сургалтыг оруулах болно” хэмээн Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын ХАА-н тасгийн дарга Б. Отгонсүрэн онцлон тэмдэглэв.
Долгорсүрэн өөрийн сайн туршлагаа төслийн зүгээс зохион байгуулдаг “Түншлэлийн форум” арга хэмжээнд бусад аймаг сум, орон нутгаас оролцогч малчид, төлөөллүүдэд хуваалцжээ.

“Монголын унаган байгалийн хүлцэл, тогторжилтыг хангах нь” төслийн Хангайн бүсийн Түншлэлийн форум-2024 арга хэмжээний үеэр
2025 онд туршилтаа илүү өргөн цар хүрээтэйгээр үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа тэрээр энэ хавар 170 гаруй хурга төллүүлэх тооцоотой байгаа. Малынхаа эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицоход илүү үр ашигтай болгох гарцуудын нэг нь хурга махлуулах арга гэдэгт тэрээр итгэлтэй байна.
Мөн тэрээр сүүлийн 5 жилийн турш илүү нугаламтай үржлийн хуцаар хонин сүргийнхээ чанарыг сайжруулахад тууштай анхаарч амжилттайгаар бүх хонин сүргээ илүү нугаламтай болгожээ.
“Бид өөрт байгаа боломжоо ашиглан малын чанараа сайжруулах хэрэгтэй болохоос биш тоогоо олон болгох тухай биш шүү дээ” гэв.
Түүний төрөлх Тосонцэнгэл сум анх удаа малын үржлийн стратеги төлөвлөгөөг төслийн дэмжлэгтэйгээр боловсруулж батлуулжээ. Энэ нь орон нутгийн засаг захиргаа төдийгүй нутаг усны 670 гаруй малчин өрхийн хувьд чухал ажил болсон юм. Үүний хэрэгжилтийг хангах хүрээнд сумын төсвөөс энэ онд 100 толгой сайн чанарын үржүүлгийн мал худалдаж авахаар төлөвлөсөн нь сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд орон нутгийн захиргааны үүрэг оролцоо нэмэгдэж байгаагийн илрэл юм.
Цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн даац хэтрэлт, уур амьсгалын өөрчлөлт зэргээс үүдэж Монгол орны бэлчээрийн талбай хумигдаж байгаа энэ цаг үед Долгорсүрэн шиг малчид түүнийг даван туулах, зохицох арга замаа тодорхойлж байна. Тэд зүгээр л хараад суух биш харин мөс зүсэн урагшилж байна.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска хэлэхдээ “Энэ бол сайн туршлага гэхээсээ илүүтэйгээр малчдын өөрсдийнх нь манлайлал дор бий болж буй сэтгэлгээний том өөрчлөлт хэмээн харж байна. Хурга махлуулах, малын үржлийг сайжруулах зэрэг малчдын аж амьдралд чухал нөлөө үзүүлэх сайн туршлагууд төслийн зорилтот бүс нутгуудаас гадна бусад газарт ч органикаар тархан түгж байна. Энэ нь төсөл дууссан ч сайн туршлагууд илүү тогтвортойгоор орон нутгийн манлайлал дор өргөжин тэлэх боломжтой байна гэдгийг харуулж байна” гэв.
Цөөн тооны, чанартай мал. Эдийн засгийн өндөр өгөөж. Энэ бол өөрчлөгдөн хувирч буй ирээдүйд малчдын амьжиргааны гол тулгуур байх бол Долгорсүрэн тэднийг тэргүүлж яваа малчдын нэг.
Тиймээс цаашид зөв хөрөнгө оруулалт, зохих дэмжлэг туслалцааны дор энэ мэт амжилттай туршлага, санаачилгыг зөвхөн Монгол Улсад төдийгүй бусад улс оронд ч түгээн нэвтрүүлэх боломжтой. Энэ нь малчдад зөвхөн амьжиргаагаа авч үлдэх бус уур амьсгалын өөрчлөлтийн тодорхойгүй нөхцөлд даван туулах болох дасан зохицоход олон улсад манлайлах шинэ боломжийг ч нээх юм.
