Технологийн тусламжтайгаар нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь

December 19, 2022

Author: UNDP Mongolia Accelerator Lab

НҮБХХ

Ухаалаг хотын гол тулгуур баганын нэг нь нийтийн тээвэр байдаг. Нийтийн тээврийн сайн систем нь байгаль орчинд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй, хотын иргэдэд ч нэн шаардлагатай тав тухыг авчирдаг.

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Хурдасгуур Лабораторийн 2021 онд явуулсан судалгаанаас харахад Монгол Улсын хоёр дахь том хот Эрдэнэт хот нь нийтэд үйлчлэх автобус, тээврийн үйлчилгээний системтэй хэдий ч, хүн амын 27 хувь нь л түүгээр нь үйлчлүүлсэн байв. Зорчигчдод тулгардаг нийтлэг саад бэрхшээлүүдэд автобусны зогсоол хоорондын зай хэт хол, жолооч нар буудал алгасаж явдаг, зөвхөн бэлэн мөнгөөр төлбөр авдаг, цагийн хувиар богино, тогтмол бус зэргийг дурьдсан байна. Тиймээс иргэд хувийн тээврийн хэрэгслээрээ зорчихыг илүүд үздэг бөгөөд энэ нь хотын замын хөдөлгөөнд ачаалал, түгжрэл үүсгэж байна.

Эрдэнэтчүүд хувийн унаанаас автобусыг сонгохын тулд хотын нийтийн тээвэр аюулгүй, найдвартай, хүртээмжтэй, хямд, тав тухтай болох шаардлагатай байх ёстойг энэхүү судалгаанаас харж болж байна. Тиймээс Хурдасгуур Лабораториос одоо байгаа тээврийн системийг ухаалаг технологиор шинэчлэх, Эрдэнэтийн автобуснуудыг тав тухтай, иргэдэд хүртээмжтэй болгон сайжруулах орон нутгийн засаг захиргааны хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэн ажилласан.

Ямарваа нэгэн томоохон тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх, менежментийг сайжруулахад асар их хэмжээний хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаардагдах тул, бид энэ удаад зорчигчдын эерэг туршлагыг сайжруулахад анхаарч тэдэнд автобусны бодит цагийн байршлыг мэдээлэх туршилтыг хийхээр ажиллав.  

Орон нутгийн засаг захиргаа, ШУТИС-ийн Мэдээллийн Технологийн багтай хамтран Хурдасгуур Лаборатори нь автобусны үйлчилгээг хүртээмжтэй, хэрэглэхэд таатай болгож, улмаар автобусаар зорчигчдын тоог нэмэгдүүлэх автобусны хөдөлгөөний программыг зохион бүтээгээд байна. Mассачусетсийн Технологийн Их Сургуулийн Senseable Cities Lab-д ажиллаж байсан, мэдээллийн технологийн туршлагатай мэргэжилтэн Др. Золзаяагаар ахлуулсан баг тухайн программыг 2022 оны зун боловсруулж дуусаад, ажиллуулж эхлүүлсэн байна.

Энэхүү программ нь дараах функцүүдээр дамжуулан автобусаар зорчих үедээ бодит мэдээлэл дээр тулгуурлан шийдвэр гаргах боломжийг зорчигчдод олгох юм. Үүнд:

  • Бодит цагийн автобусны байршлын мэдээлэл, болон төлөвлөсөн хуваарь
  • Байршилд суурилсан хайлт болон автобусны буудалд суурилсан хайлт
  • Газрын зураг дээр суурилсан болон жагсаалтаар харах автобусны маршрутын олон сонголт (хамгийн хурдан, хамгийн богино зай, хамгийн цөөн шугам солилт гэх мэт)
  • Явган явах зай, зогсоолын тоо, болон цагийн мэдээлэл

Нийтийн тээврийн системийн бүх онцлог талуудыг нь уялдуулахгүй л бол аливаа шинэчлэл амжилтгүй болох магадлалтай. Тиймээс бид анхнаасаа шинэ түншлэл, хамтын ажиллагаа, зохицуулалтыг анхаарч, программын хөгжүүлэлт болон программын элементүүдийг Эрдэнэт хотод хийгдэж буй автобусны тээврийн бусад ажлуудтай уялдуулж хийсэн. ШУТИС-ийн баг болон Хурдасгуур Лаборатори нь Эрдэнэт хотод нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг нэвтрүүлэх ажлыг хариуцаж байгаа SEM компанитай хамтран ажиллав. Энэхүү үйл явц нь талуудад цар хүрээгээ илүү тэлэх, тус тусын арга барилаасаа харилцан суралцах боломжийг олгосон. Мөн цаашилбал, программын удирдлага, шинэчлэлтийг орон нутгийн засаг захиргаа болон хөгжүүлэгчид хариуцаж, программыг илүү тогтвортой, урт хугацаанд ажиллуулах боломжийг олгох юм.

Хэдийгээр хязгаарлагдмал цар хүрээтэй, туршилтын шинж чанартай ч, энэхүү төсөл Эрдэнэт хотын оршин суугчдад үр дүнтэй цахим хэрэгслийг хүргэж, судалгааны хүрээлэн, төр болон хувийн компанийн хооронд шинэ түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлсэн юм.

Нийтийн үйлчилгээг цахимжуулах үйл явц нь янз бүрийн оролцогч талуудын нарийн зохицуулалтыг шаарддаг боловч олон нийтийн эрх ашиг нэн тэргүүнд байж, олон нийт үр шимийг нь хүртэх ёстой юм. Гол оролцогч талуудын шинэ хамтын ажиллагаа нь цаашдын дүн шинжилгээ, программ хөгжүүлэлтий шинэ шатанд гаргаж, Эрдэнэт хотод аюулгүй, найдвартай, хүртээмжтэй, хямд, тав тухтай нийтийн тээврийн системийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт бид итгэлтэй байна.

App on Apple Store: https://apps.apple.com/ng/app/erdenet-bus/id1629546271 

App on Play Store: https://play.google.com/store/apps/details?id=bus.erdenet.bustripplanner