Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр тэгш, хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй эдийн засгийг онцоллоо

August 21, 2024
a group of people in a room
НҮБХХ

Улаанбаатар, 2024 оны 8 дугаар сарын 22 — Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буйДэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын үеэр “Тэгш, хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэх нь” cэдэвчилсэн хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн албан хаагчид, бодлого боловсруулагчид болон олон улсын судлаач шинжээчид оролцон, жендэрийн мэдрэмжтэй эдийн засгийг бэхжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, мөн  тогтолцооны шинэчлэл чухал болохыг онцлон тэмдэглэв. 

Энэ жил анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалтад бүс нутаг, олон улсын эмэгтэй манлайлагч, удирдагчид оролцож, тэгш, хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй эдийн засаг, эмэгтэйчүүдийн манлайлал, хүнсний аюулгүй байдал, боловсрол, соёл урлаг, цахим эдийн засагт жендэрийн тэгш байдлыг дэмжих талаар хэлэлцэж буй юм.  

2024 оны жендэрийн зөрүүтэй байдлын индексээр Монгол Улс дэлхийн 146 улс орноос 85 дугаар байранд жагсаж байна. Түүнчлэн, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад гэрийн ажилд 2.5 дахин их цагийг зарцуулж, ижил үнэлэмжтэй ажлын байранд бага цалин хөлс авсаар байна. Үүнээс Монгол Улсад эмэгтэйчүүдийн эдийн засгийн боломж бололцоог нэмэгдүүлж, жендэрийн зөрүүтэй байдлыг арилгах хэрэгцээ шаардлага өндөр байгааг харж болно. Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг хэрэгжүүлэх нь улс орны  эдийн засагт төдийгүй боловсрол, эрүүл мэндийн салбарт ч мөн эерэг нөлөөтэй байдаг.   

a close up of a computer
НҮБХХ

Хэлэлцүүлэгт жендэрийн тэгш байдал, эдийн засгийн өсөлт, нийгмийн ахиц дэвшлийн хоорондын нарийн уялдаа холбоог хэлэлцэж, өнөөгийн сорилтуудыг шийдвэрлэхэд эдийн засгийн бүтцэд өөрчлөлт, шинэчлэл зайлшгүй шаардлагатайг онцлон тэмдэглэв. Монгол Улс нь төсвийн бодлогыг жендэрийн тэгш байдалтай уялдуулах ажлыг эхлүүлээд буй анхдагч орнуудын нэг. Энэ хүрээнд хэлэлцүүлгээр Монгол Улсын болон олон улсын шинэлэг шийдлүүдийг танилцуулж, сайн туршлагыг солилцсон юм.  

Хэлэлцүүлэгт НҮБХХ-ийн жендэрийн мэдрэмжтэй төрийн байгууллага, төсөвлөлт, татварын системийг бий болгоход чиглэсэн “EQUANOMICS/ЭКВАНОМИКС” санаачилгыг онцолсон. Энэхүү санаачилгын хүрээнд төсвийн бодлого, жендэрийн тэгш байдлын хоорондын нарийн уялдаа холбоотой асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор төсвийн орлого, зарлагын хэмжээнд өөрчлөлт оруулахад анхааран ажиллаж байна.  

a group of people sitting at a desk with a laptop

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Монгол Улс нь төсвийн бодлого болон системийн шинэчлэлийн хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг өөрчлөлт, шинэчлэлийг бий болгоход салбар дундын нягт хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо. Хүн бүрд тэгш, хүртээмжтэй ирээдүйг бий болгоход чухал нөлөө бүхий жендэрийн мэдрэмжтэй эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэхэд бүх оролцогч талуудын хамтын ажиллагаа, хичээл зүтгэл шаардлагатай” гэв. 

a group of people sitting at a table with a laptop

НҮБ-ын Туслах Нарийн Бичгийн Дарга бөгөөд НҮБХХ-ийн Ази, номхон далайн бүс хариуцсан захирал Канни Вигнаража “Жендэрийн тэгш байдлыг хангах нь зөвхөн ёс зүйн асуудал төдий бус, харин эдийн засгийн өргөн хүрээний асуудал юм. Жендэрийн мэдрэмжтэй засаглал, санхүүгийн механизмыг бий болгосноор Монгол Улсын иргэн бүрд хүртээлтэй эдийн засгийн өсөлтийг бий болгож чадна. Энэ чиглэлээр идэвх зүтгэл гарган ажиллаж буй Монгол Улсын төр засагт баяр хүргэж, талархал илэрхийлье” гэв.  

Хэлэлцүүлгийг Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбооны гүйцэтгэх захирал Э.Номиндарь чиглүүлэн явуулсан ба хэлэлцүүлэгт Австралийн Хамтын Нөхөрлөлийн Хүйсийн тэгш байдлын асуудал эрхэлсэн Элчин сайд Стефани Кэмбелл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Японы Сасакава энх тайвны сангийн Ази, Ойрх Дорнодын хөтөлбөрийн Нийгмийн инновацийн хэлтсийн захирал Аяака Мацуно, Шинэ хөгжлийн банкны Хүний нөөцийн газрын ерөнхий захирал Шармила Навнит Говинд, АНУ-ын Төрийн департментын Олон улсын түншлэл хариуцсан тусгай төлөөлөгч Дороти МакОлэфф, ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Эрдэнэдэлгэр нар оролцож, жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэн ТХЗ-уудыг хэрэгжүүлэхэд төр болон хувийн хэвшлийн санхүүжилт чухал болохыг онцолж байв. 

Тэгш, хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй эдийн засгийг бэхжүүлэхэд төсвийн бодлого, татварын удирдлага, системийн шинэчлэл, хувийн капиталыг хөшүүрэг болгон ашиглах нэгдсэн арга барил шаардлагатай гэсэн үндсэн дүгнэлт дор хэлэлцүүлэг өндөрлөлөө. Хэлэлцүүлгийн хүрээнд оролцогчид хүртээмжтэй санхүүгийн тогтолцоог бэхжүүлэх замаар Монгол Улс төдийгүй дэлхий дахинд жендэрийн тэгш байдлыг дэмжих хэрэгтэйг онцолж, төр, хувийн хэвшлийн нөөц бололцоог дайчлах хамтын ажиллагааны боломж бололцоог хэлэлцэн судаллаа. 

*** 

НҮБХХ-ийн тухай  

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.  

Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу. 

Нэмэлт мэдээллийг:  

О.Эрдэнэсүх | Communications Analyst | UNDP in Mongolia | erdenesukh.otgonbayar@undp.org