Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хүртээмжтэй боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байна

October 15, 2024
a group of people posing for a photo
НҮБХХ

Улаанбаатар, 2024 оны 10 сарын 16 – Монгол Улсад суугаа эмэгтэй Элчин сайдуудын төлөөлөл Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв (СЗСҮТ)-д зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд (ХБИ)-д Техник мэргэжлийн боловсрол, ур чадвар олгож буй цорын ганц мэргэшсэн байгууллагын хувьд СЗСҮТ нь тэдний хөдөлмөр эрхлэлт болон боловсролд тулгамдаж буй саад бэрхшээлийг шийдвэрлэхэд онцгой хувь нэмэр оруулан ажилладаг. Тус төв нь Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран хэрэгжүүлдэг “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн нэгэн чухал түнш бөгөөд үр шим хүртэгч байгууллага юм.   

Энэхүү уулзалт нь Ядууралтай тэмцэх олон улсын өдрийг угтан зохион байгуулагдаж байгаа нь тэмдэглүүштэй юм.  Энэ жилийн хувьд “Нийгэм болон тогтолцооны гажуудлыг арилгаж, шударга, энх тунх, хүртээмжит нийгмийг цогцлоохын төлөө хамтдаа” гэсэн уриан дор тэмдэглэж байгаа нь амьжиргааны түвшнээс доогуур түвшинд амьдарч буй иргэдэд түгээмэл тулгамддаг ч төдийлөн шийдвэрлэгддэггүй нийгэм, тогтолцооны сорилт бэрхшээлүүдийг онцолж байгааг харуулж байна.    

a group of people sitting at a table
НҮБХХ

Монгол Улс ядууралтай тэмцэх чиглэлд томоохон сорилт бэрхшээлтэй тулгарч байгаа бөгөөд 2023 оны Үндэсний сайн дурын илтгэлд энэ чиглэлд ахиц дэвшил ухралттай гарсан байгааг онцолсон байна. 2022 оны байдлаар ядуурлын түвшин 27.1 хувьтай, түүнчлэн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжгүй байдал нэн ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндээр тусч байна. 2023 онд нийт хөдөлмөрийн насны хүн амын 56.7 хувь хөдөлмөр эрхэлж байхад энэ үзүүлэлт  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд дөнгөж 16 хувь байна. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны судалгаагаар 2019 онд нэг болон түүнээс олон хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхүүдийн ядуурлын түвшин бусад өрхүүдтэй харьцуулахад хоёр дахин их байна.    

Арга хэмжээний үеэр Элчин сайд нар СЗСҮТ-ийн оюутан, төгсөгч, багш ажилтнуудтай уулзаж, хүртээмжтэй боловсрол эзэмшиж, ажлын байртай болсон тэдний туршлага, тулгамдсан бэрхшээл, сорилтуудын талаар санал солилцож, ярилцлаа. Тус төв нь техник мэргэжлийн боловсрол олгохын зэрэгцээ нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж, протез, ортопедийн хэрэгсэл үйлдвэрлэдэг. Энэхүү цогц арга барил нь хэнийг ч орхигдуулахгүй, хүртээмжтэй нийгмийг бий болгоход нэн ач холбогдолтой юм. 

a group of people sitting at a table
НҮБХХ

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните “Боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх арга хэрэгслүүдийг бүх иргэдэд хүртээмжтэй болгох нь ядууралтай тэмцэх хамгийн үр дүнтэй арга замуудын нэг юм. Боломж хүн бүрд нээлттэй байх нь өөрийн болон гэр бүлийнхээ сайн сайхан ирээдүйг бүтээх хүсэл эрмэлзлийг хүмүүст төрүүлдэг. Энэ бол Монгол Улсын хүртээмжтэй хөгжилд Европын Холбооны оруулах хувь нэмрийн цөм юм.” хэмээн уулзалтын үеэр онцлов.  

a person standing in front of a monitor
НҮБХХ

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алтмаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудыг нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцох, бие даан амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, хүссэн мэргэжлээрээ суралцах боломжоор хангахад тэдэнд хэрэгцээтэй сургалтын хөтөлбөр шаардлагатай байдаг. Иймд  Европын холбооны санхүүжилтээр НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй төслийн дэмжлэгтэйгээр ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-тай хамтран Цахим үйлчилгээний ажилтан, Архив, бичиг хэргийн ажилтан, Үйлчилгээний ажилтан гэсэн 3 мэргэжлээр анх удаа мэргэжлийн боловсролын салбарт ХБИ-д зориулсан сургалтын хөтөлбөрийн боловсруулан хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрөөр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сайн сайхан амьдралаа бүтээхэд шаардлагатай ур чадвар, өөртөө итгэх итгэл, бие даасан байдлыг олж авах арга замыг бий болгож байгаадаа таатай байна” гэв. 

a group of people sitting at a table
НҮБХХ

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Энэхүү үйл ажиллагаа нь хүртээмжит боловсрол, хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах арга хэмжээг холбосон нэгэн чухал зангилаа юм. Хүн бүр, нэн ялангуяа хамгийн их бэрхшээл, сорилттой тулгардаг хүмүүсийн хувьд сайн сайхан амьдрахад хэрэгцээтэй ур чадварууд эзэмшсэн байх нь чухал юм. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Европын Холбоонд талархал илэрхийлье. Мөн өнөөдрийн арга хэмжээнд бидэнтэй нэгдэж буй эмэгтэй Элчин сайдуудад баярлалаа.” гэв. 

Төсөв, санхүүгийн удирдлагын шинэчлэл хийх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх үндсэн зорилгын хүрээнд “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл хүртээмжтэй сургалтын орчин бүрдүүлэх, ХБИ-дийн тусгай хэрэгцээнд тохирсон Цахим үйлчилгээний ажилтан, Архив бичиг хэргийн ажилтан, Үйлчилгээний ажилтны чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, Хөгжийн бэрхшээлтэй ажил хайгчдыг ажилд зуучлах зэрэг хүртээмжит боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн олон ажлыг хэрэгжүүлээд байна.   

Тус уулзалтад Бүгд Найрамдах Итали улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нар нэгдэн оролцлоо. 

***

Европын Холбооны тухай 

Европын Холбоо бол Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Тус Холбоо нь хүний эрхэм чанар, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёс, хүний эрхийг түүний дотор цөөнхийн эрхийг дээдлэх үндсэн үнэт зүйлс дээр тулгуурлан байгуулагджээ. Өнөө цагт Европын Холбоо нь даян дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна.

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

Ч.Цэлмэг | Хэвлэл мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | Европын Холбооны Төлөөлөгчийн газар | tselmeg.chuluunbaatar@eeas.europa.eu 

О.Эрдэнэсүх | Communications Analyst | UNDP in Mongolia | erdenesukh.otgonbayar@undp.org