Алдагдал, хохирлын санд Монгол Улсын оролцоог хангахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр дэмжлэг үзүүлж байна
October 17, 2024
Улаанбаатар хот, 2024 оны 10 дугаар сарын 18 – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Алдагдал, хохирлын санд Монгол Улсын оролцоог хангах хүрээнд стратегийн замын зураглалыг боловсруулахаар гол оролцогч талуудыг хамарсан хэлэлцүүлэг, семинар зохион байгууллаа. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Талуудын Бага Хурлын үеэр байгуулагдсан тус сан нь хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй алдагдал, хохирлыг олон улсын дэмжлэг, сангуудаар дамжуулан шууд нөхөн олгох зорилготой олон улсын санаачилга юм.
Сүүлийн 80 жилийн хугацаанд Монгол орны жилийн дундаж температур 2.46°C -аар нэмэгдэж, зуд, ган, үер, түймэр, цасан болон шороон шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж хурдтайгаар нэмэгдэж байгаа нь Монгол орныг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй улс орны тоонд оруулж байна. Түүнчлэн, жилийн дундаж температур үргэлжлүүлэн өсвөл мөнх цэвдэг эрчтэй хайлж, хэдэн гигатон метаны хийг агаарт ялгаруулаад зогсохгүй, дэд бүтэц, эдийн засгийн үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн Газартай хамтран Алдагдал, хохирлын санд Монгол Улсын оролцоог хангах хүрээнд бодлогын баримт бичиг, стратегийн замын зураглалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн олон улсын санхүүжилтийн арга хэрэгслүүдийг үр дүнтэй ашигласнаар Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн богино болон урт хугацааны сөрөг нөлөөллийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Уг семинарт Засгийн газар, хөгжлийн түншүүдийн төлөөлөл болон холбогдох мэргэжилтнүүд оролцож Монгол орны уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдал, байгаль орчны тулгамдсан асуудлууд, НҮБХХ-ийн зүгээс бэлтгэсэн бодлогын зөвлөмжийн талаар хэлэлцэн, санал солилцов. Оролцогчид Алдагдал, хохирлын санд Монгол Улсын оролцоог хангахад шаардагдах үйл ажиллагааг оновчтой тодорхойлж, нэгдсэн төлөвлөгөөг боловсруулахын зэрэгцээ олон улсын конвенц хэлэлцээрт Монгол Улсыг төлөөлөн оролцох оролцогчдыг бэлтгэн чадавхжуулах шаардлагатайг онцлон тэмдэглэв.
Уулзалтын үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Х. Мөнхзул “Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эмзэг тул тохирсон тогтвортой арга хэмжээг яаралтай авах шаардлагатай. Өнөөдрийн энэхүү семинар нь Алдагдал, хохирлын санд Монгол Улсын оролцоог хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, олон улсын түншүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн чухал алхам боллоо” гэв.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилтийн орчинг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгаадаа таатай байна. Алдагдал, хохирлын сан нь Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг даван туулах чадварыг нэмэгдүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн олон улсын чухал дэмжлэг туслалцааг авах боломжийг нээж өгөх юм. НҮБХХ нь энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол Улсад илүү тогтвортой, тэсвэртэй ирээдүйг бий болгохоор зорьж байна” хэмээн онцлон тэмдэглэв.
***
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.
Нэмэлт мэдээллийг:
О.Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБХХ | erdenesukh.otgonbayar@undp.org