НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын тогтвортой, ногоон ирээдүйд тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг онцолсон баримт бичгийг танилцууллаа

November 11, 2024
a close up of a person
НҮБХХ

Улаанбаатар хот, 2024 оны 11 сарын 12 – Өнөөдөр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсын хүний хөгжлийн төлөөх Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт” сэдэвт 2024 оны Хүний хөгжлийн үндэсний баримт бичгийг танилцууллаа. Монгол Улсын нүүрсэнд суурилсан эдийн засаг нь хүний хөгжлийн төлөв байдал, чадавх, чадамжид үзүүлж буй нөлөөллийг судлан тогтоож, өнөө болон ирээдүй хойч үеийнхний хөгжлийн төлөөх хүн төвтэй Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг (ТХЭХШ) хэрэгжүүлэх замын зураглалыг тус баримт бичигт боловсруулан тусгажээ.

Мөн түүнчлэн тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт нь Монгол Улсын хүний хөгжлийн ахиц дэвшлийг тогтвортойгоор сайжруулахад даацтай хувь нэмэр оруулах чухал алхам болохыг онцолжээ. Тус шилжилт нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг нэмэгдүүлж, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ хүний эрүүл мэнд, боловсрол, ур чадварын түвшинг дээшлүүлж, нийгэм, жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон. Түүнчлэн, шилжилтээс үүдэх нийгэм, эдийн засгийн нөлөөлөл, сорилтуудыг харгалзан үзэж, нийгмийн хамгааллын зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэх замаар эмзэг бүлгүүдийг эрсдэлээс урьдчилан хамгаалах шаардлагатайг онцолсон байна. 

a person holding a sign
НҮБХХ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Эрчим хүчний шилжилтийн ач холбогдлыг онцолж, “Эрчим хүчний шилжилтийг хэрхэн, яаж хийх нь Монгол Улсын тогтвортой ирээдүйг тодорхойлно. Эрчим хүчний шилжилт нь зөвхөн байгаль орчны бус, нийгэм-эдийн засгийн зайлшгүй хэрэгцээ шаардлага юм. Энэхүү шилжилтийг хэрэгжүүлэх явцдаа бид боломжит эрсдэлийг тооцоолж, шилжилтийн үр өгөөж нь иргэн нэг бүрд хүрч буйд анхаарах хэрэгтэй” гэв.

Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт нь сэргээгдэх эрчим хүчинд чиглэсэн хөрөнгө оруулалтыг татах, шинэ салбаруудыг нээж ногоон ажлын байрыг бий болгох, агаарын бохирдлыг бууруулж, эрүүл амьдралыг дэмжих зэрэг олон эерэг нөлөөтэй ч чулуужсан түлш болон дэд бүтцэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг үргүйдүүлэх, тус салбарын ажлын байрыг бууруулах эрсдэлүүдийг дагуулдаг. Энэхүү сорилтуудыг шийдвэрлэх хүрээнд хууль эрх зүйн зохицуулалтуудыг урьдчилан хэрэгжүүлж, олон улсын хамтын ажиллагааг дэмжин, эмэгтэйчүүд, залуучууд, үндэсний цөөнх, эмзэг бүлгийн иргэдийг чадавхжуулж, цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг тус баримт бичиг онцолжээ.

graphical user interface, website
НҮБХХ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска Монгол Улс одоо шийдвэрлэх мөчид ирээд байна. Эрчим хүчний салбарын өнөөдрийн сонголт, шийдвэрүүд нь ирээдүй хойч үеийн сайн сайхан байдлыг тодорхойлно. Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт нь нийгмийн тэгш бус байдлыг бууруулж, хүн бүрд хүртээмжтэй, эрсдэл даах чадвартай эдийн засгийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэхүү шилжилтийг тэгш, хүртээмжтэй байдлаар амжилттай хэрэгжүүлж чадвал Монгол Улсын тогтвортой хөгжилд чиглэсэн томоохон алхам болох юм” гэв. 

Монгол Улс нь 2023 оны байдлаар Хүний хөгжлийн индекс (ХХИ)-ийн 0.741 үзүүлэлтээр 193 улс орноос 96-д жагсаж буй нь 1990 онтой харьцуулахад нийт 28 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэвч сүүлийн жилүүдэд энэхүү ахиц дэвшил саарч, ХХИ нь 2016 оноос хойш зогсонги байдалтай байна. Түүнчлэн, 2022 онд Монгол Улсын ядуурлын түвшин 27.1%-тай гарсан нь боловсрол, жендэрийн тэгш бус байдлыг бууруулж, цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэн, хүртээмжтэй өсөлт, хөгжил цэцэглэлтийг дэмжсэн бодлогуудыг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байгааг илтгэж байна.  

“Хүний хөгжлийн үндэсний баримт бичиг 2024” нь Монгол Улсад хүний хөгжлийн олон талт байдлыг үнэлж, дүн шинжилгээ хийх хүрээнд боловсруулан танилцуулсан НҮБХХ-ийн 7 дахь тайлан болж байна. 

Тайлан болон бусад баримт бичгүүд: https://go.undp.org/ozP

***

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр |  erdenesukh.otgonbayar@undp.org | 9909-6434

Яасин Жанжуа | Эдийн засагч | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | yasin.janjua@undp.org