Цахим орчин дахь өсвөр үе, залуучуудын аюулгүй байдлыг хангах хүрээнд олон талт хэлэлцүүлгийг өрнүүллээ

April 2, 2025
Panel discussion with five speakers at a conference, flags in the background.
НҮБХХ

Улаанбаатар хот, 2024 оны 4 сарын 2 –  Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран өсвөр үе, залуучуудад тулгарч буй цахим дээрэлхэлт, цахим орчны эрсдэлүүдтэй холбоотой асуудлыг хөндөж, боломжит шийдлүүдийг эрэлхийлэх зорилгоор “Залуучуудын цахим аюулгүй байдал” сэдэвт олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд төр, иргэний нийгэм, боловсрол, технологийн салбарын төлөөлөл болон залуучууд оролцож өсвөр үе, залуучуудын цахим аюулгүй байдлыг хангах, илүү хүртээмжтэй, аюулгүй цахим орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, стратегийн талаар санал солилцлоо.

Арга хэмжээний хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс хийсэн судалгааны үр дүнг танилцуулсан ба үүнд Монгол Улсын хэмжээнд нийт өсвөр үе, залуусын 51 гаруй хувь нь цахим дээрэлхэлд өртөж байсан болохыг тогтоожээ. Мөн, цахим дээрэлхэлтийн хамгийн түгээмэл хэлбэр нь доромжлол, гүтгэлэг болохыг онцолсон байна. Энэ нь залуусын цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах, сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих цогц арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг илтгэж байна. 

A woman speaks at a podium with United Nations and Mongolian flags in the background.
НҮБХХ

Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нээлтийн үгэндээ “Цахим орчинд өсвөр үе, залуусыг хамгаалах нь бодлогын тэргүүлэх чиглэл болоод байна. Дижитал эринд өсвөр үеийнхнийг аюулгүй, хүртээмжтэй орчинд өсөж торних боломжоор хангахын тулд цахим аюулгүй байдлыг боловсрол, технологи, хууль эрх зүйн тогтолцоонд нэгдсэн байдлаар тусгах шаардлагатай байна” хэмээн онцлон тэмдэглэв. 

Арга хэмжээний панел хэлэлцүүлэгт төр засгийн төлөөлөл, сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд, залуучууд, цахим орчинд контент бүтээгчид оролцож, цахим орчны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодит шийдэл, сайн туршлага, бодлогын шинэчлэлийн хүрээнд санал бодлоо солилцов. 

Энэхүү хэлэлцүүлэг нь цахим хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний эрхийг хамгаалах, хүртээмжтэй, хариуцлагатай цахим экосистемийг бүрдүүлэхэд чиглэсэн НҮБХХ-ийн өргөн хүрээний санаачилгын нэгэн хэсэг юм. Тус санаачилга нь төр, иргэний нийгэм, хувийн хэвшил болон залуучуудын төлөөллийг оролцуулсан олон талт хамтын ажиллагаагаар дамжуулан аюулгүй дижитал дэд бүтцийг бий болгох, боловсролын байгууллагуудын түвшинд цахим боловсролыг сайжруулах, хариуцлагатай цахим хэрэглээг дэмжих зохицуулалтын орчныг бий болгохоор зорьж байна. 

A speaker presents at a conference with flags and screens displaying event details.
НҮБХХ

Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска хүртээмжтэй хөгжил дэвшлийн чухал ач холбогдлыг онцлоод, “Цахим шилжилт нь хүн төвтэй, хүртээмжтэй, аюулгүй байх шаардлагатай. Энэхүү дижитал эрин зуунд бид өсвөр үе, залуусын аюулгүй байдлыг хэрхэвч мартаж болохгүй. Монгол Улсад залуучуудад ээлтэй, аюулгүй дижитал ирээдүйг бүтээж, цахим дээрэлхэлтийг арилгахын тулд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр залуучууд, төр засаг, иргэний нийгэм, хувийн хэвшлийн түншүүдтэйгээ тууштай хамтран ажиллах болно” гэв. 

Цахим орчны аюулгүй байдлын сорилтуудыг шийдвэрлэхэд олон талын нягт хамтын ажиллагаа, хариуцлагатай байдал нэн чухал болохыг үйл ажиллагаанд оролцсон төр, иргэний нийгэм, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын төлөөлөл онцлон тэмдэглэв. Мөн, цахим дээрэлхлийн эрсдэлийг бууруулахын тулд боловсролын байгууллагууд, цахим платформ болон бодлогын шинэчлэлийн хүрээнд шуурхай, үр дүнтэй арга хэмжээнүүдийг авч эхлэх шаардлагатайг байгааг мөн онцолж байв.

***

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр |  erdenesukh.otgonbayar@undp.org