Монгол Улсын тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн ахиц, шийдлийг хэлэлцлээ

January 28, 2025
a group of people sitting in front of a crowd
НҮБХХ

Улаанбаатар хот, 2025 оны 1 сарын 28 – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр сэргээгдэх эрчим хүчний туршилтын төслийн үр дүн, үйл явцыг танилцуулж, цаашид өргөжүүлэн тэлэх арга замыг хэлэлцэх зорилгоор “Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт: Ахиц дэвшил ба арга зам” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Жил бүрийн 1-р сарын 26-нд тохиодог Олон Улсын цэвэр эрчим хүчний өдрийн хүрээнд зохион байгуулсан тус арга хэмжээгээр сэргээгдэх эрчим хүчний хүртээмжтэй байдал, зардлын үр ашгийг нэмэгдүүлэхийн чухал ач холбогдол болон тархмал эх үүсгүүрт чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих арга замыг хэлэлцэв. Түүнчлэн, сэргээгдэх эрчим хүчний туршилтын төслийг өргөжүүлэн тэлж, нэмэлт хөрөнгө оруулалтыг татахад бодлогын дэмжлэг шаардлагатай байгааг онцоллоо. 

2024 онд Улаанбаатар, Эрдэнэт хотын гэр хорооллын 69 айл өрх нарны эрчим хүчинд суурилсан халаалтын системийг нэвтрүүлэх туршилтын төсөлд хамрагдсан. Энэхүү туршилтын төсөл нь гэр хорооллын айл өрхүүдийн нүүрсний хэрэглээг бууруулж, агаарын чанар төдийгүй иргэдийн амьжиргааг дэмжин, илүү цэвэр, эрүүл орчинг бий болгоход чиглэсэн чухал арга барилыг нэвтрүүлээд байгаа юм. Тус төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-Хөгжлийн хөтөлбөр, URECA ХХК, болон Гэр өргөө ТББ хамтран хэрэгжүүлж байна.

Дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүч урьд өмнө байгаагүйгээр хурдацтай хөгжиж байна. Тухайлбал, 2023 онд дэлхийн цахилгаан эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 30 хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлсэн. Түүнчлэн, дэлхий дахинд эрчим хүчний хөрөнгө оруулалт 2024 онд 3 их наяд ам.долларт хүрч, үүнээс 2 их наяд ам.доллар нь цэвэр эрчим хүчний технологи, дэд бүтцэд зарцуулагдах төлөвтэй гарсан. Мөн, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал (COP28)-ын үеэр 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн нь тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх шаардлага өндөр буйг илтгэж байна.

Монгол Улсын Засгийн газар  2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд эзлэх хувийг 30 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилтуудыг  тавиад байна. 2023 оны байдлаар, сэргээгдэх эрчим хүч нь нийт суурилагдсан хүчин чадлын 18.3 хувь, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 9.1 хувийг бүрдүүлж байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэхэд Монгол Улсад стратегийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа билээ. “Монгол Улсын хүний хөгжлийн төлөөх Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт” сэдэвт 2024 оны Хүний хөгжлийн үндэсний баримт бичигтээ нүүрснээс хамааралтай Монгол Улсын эдийн засгийн хүний ​​хөгжилд үзүүлэх нөлөөллийг үнэлж, өнөөгийн болон ирээдүй хойч үеийнхний хэрэгцээнд нийцсэн хүн төвтэй эрчим хүчний шилжилтийг онцолсон. Мөн түүнчлэн, Монгол Улсад эрх тэгш, хүртээмжтэй, ногоон эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын Хамтарсан сангийн дэмжлэгтэй НҮБ, Эрчим хүчний яамны хамтарсан хөтөлбөрийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр манлайлан хэрэгжүүлж байна.

a man holding a microphone

"Агаарын бохирдлыг шийдвэрлэхэд шинэлэг, өргөн цар хүрээнд хэрэгжүүлж болох шийдэл хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүч нь цэвэр агаар, эрчим хүчний бие даасан байдал, болон иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чухал нөлөөтэй. Тиймээс бид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран дүүргийнхээ иргэдэд сэргээгдэх эрчим хүчинд суурилсан шийдлийг хүргэхээр зорьж байна” хэмээн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч З.Бямбажав хэллээ.

a group of people standing in front of a crowd

“Монгол Улсад тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлснээр бохирдлыг бууруулж, ногоон эдийн засгийг бэхжүүлэхийн зэрэгцээ нийгмийн тэгш байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх таатай орчинг бий болгож, тус салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр бид тогтвортой хөгжлийн ахиц дэвшлийг түргэсгэх боломжтой” гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч Лин Цао онцоллоо. 

***

НҮБХХ-ийн тухай 

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг undp.org/mongolia эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг: 

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр |  erdenesukh.otgonbayar@undp.org